Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ливи улс Шариатын хуулийг дагах болсон нь сайн уу, муу юу

Хэдхэн хоногийн өмнө Ливийн парламентаас тус улсын бүх шатны төрийн тогтолцооны дагаж мөрдөх хууль дүрэм, эрх зүйн үндсээр  Шариатын хуулийг сонголоо. Ингэснээр өмнө нь батлагдаад байсан бүх хуулийг Шариатын хуультай нийцэж байгаа эсэхийг шалгах бөгөөд нийцэхгүйг нь халж Шариат дээр үндэслэн эрүүгийн болон санхүүгийн хуулийг боловсруулахаар болов.

Ливийн хувьсгалчид Каддафийн дэглэмийн эсрэг тэмцлийг эхлүүлсэн цагаасаа л лалын буюу исламын шашин, Коран судар, Шариатын хууль дээр үндэслэсэн шинэ улстай болно гэж мэдэгдэж байсан болохоор парламент нь ийм тогтоол гаргасанд гайхах зүйлгүй. Улмаар Каддафийг хөнөөснөөс дөрөв хоногийн дараа шинээр байгуулагдсан шилжилтийн Засгийн газрын тэргүүн байсан Мустафа Абдель Жалиль “Манай улс исламын улс болохоор Шариатын хууль зүйг үндсээ болгон авна. Үүний нэг жишэээ нь олон эхнэр авахыг хориглодог байсан гэр бүл ба гэр бүл цуцлалтын тухай хуучин хууль. Энэ хууль нь Шариатын үндсийг зөрчсөн хууль болохоор бид хална.  Гэхдээ бид хэт явцуурахгүй бөгөөд хэт явцуурагсдыг бут ниргэнэ” гэж байв.

Ямар хууль, ямар шашныг дагаж мөрдөх нь тухай улс, үндэстний эрх, дэлхий дахинд ямар хамаа байна гээд орхиж болох. Гэтэл Европын холбооны парламентын төлөөлөл Ливийн эрх баригчдын хийсэн энэ сонголтод сэтгэл түгшиж байгаагаа мэдэгдсэн байна. Зүгээр ч нэг зовнисонгүй. Шариатын хуулийг нэвтрүүлэх нь шийдвэр гаргах ардчилсан үйл явцтай хамаагүй гэдгийг онцлов. Цаашлан Шариатын хуулинд хүний эрхийг илэрхий зөрчсөн, эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурийг шамшигдуулсан олон зүйл байдаг болохоор Европын холбоо цаашид хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа ямар ч Засгийн газрыг дэмжихээс зайлсхийнэ гэжээ. Товчхон хэлвэл Европын холбоо Ливийн эрх баригчдыг хатуу донгодсон хэрэг.
Энэ Шариатын хууль гэгч нь ямар гээч хууль болохоор ардчилал, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгчдийн уурын хүргэж байгааг бага ч гэлээ тайлбарлах нь зүйтэй байх.

Шариат гэдэг нь араб хэлний “зөв, цэвэр зам, жим” гэсэн утгатай үгнээс гаралтай бөгөөд ислам шашинтан хүний амьдралын бүх л салбар, үйлдэлийг зохицуулж байдаг эрх зүй, ёс уламжлал, ёс зүй, шашны хэмжээ хэмжээг багтаасан цогц. Дотроо иргэний, эрүүгийн, захиргааны, шүүхийн, ёс зүй ба ёс суртахуун, амьдралын хэм хэмжээг ямар нэг ангилалгүйгээр багтаасан байдаг. Шариат нь Коран судар, зөнч Мухаммедын амьд ахуйдаа хэлсэн үг, хийсэн үйлдлийн цуглуулсан тэмдэглэл буюу Сунна дээр үндэслэдэг.

Энд бас нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Шариатын хуулийн талаар өөр өөрийн гэсэн заалт, тайлбар, шийтгэл бүхий дөрвөн үндсэн урсгал байна. Малики, Ханбали, Ханафи, Шафии гэсэн дөрвөн урсгал. Үүнийг манайхан хар яриандаа “школ” гэсэн үгээр нэрлээд дадчихсан байдаг. “Школ” болгон өөрийн онцлогтой.
Шариат нь хүний бүх л үйлдлийг таван янз болгон авч үзнэ. Эдгээр нь: фарз буюу заавал гүйцэтгэх, суннат буюу гүйцэтгэвэл зохих, мухоб буюу сайн дураараа гүйцэтгэх, маккрух буюу үйлдэхгүй байвал зохих, харом буюу чанд хорих зан үйлдэл. Эдгээр үйлдлийг бүгдийг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг. Эдгээр нь, ерөнхийдөө дотоод агуулга нь дэлхийн дийлэнх шашин шүтлэг, үндэстэн ястанд цээрлэдэг зүйлсийг цээрлэж, зөвшөөрдөг зүйлсийг зөвшөөрсөн гэж болно.
Жишээлэхэд, Шариатын хуулийн фарз ангилалд “Нөхөр нь эхнэрээ тэжээн тэтгэх ёстой бөгөөд шударга, хуурамч зан гаргахгүй, эхнэртээ хүчирхийлэл үйлдэж болохгүй”, “Ам өгсөн бол гүйцэтгэх арга нь Шариатыг зөрчихөөргүй бол заавал гүйцэтгэж байх ёстой” гэжээ. “Эмэгтэй хүн биеийнх нь сарын тэмдэг ирж дууссаны дараа биеэ бүрэн угааж цэвэрлэх ёстой” гэж байна. Мухоб хэсэгт  “Эмэгтэй хүн гадуур гарахдаа тааруухан дээгүүр хувцас өмсөж байх” гэж байна. Эрс цээрлэх, хориглох зүйл буюу харом хэсэгт бусдын бусдын амь насыг хөнөөх, биед нь гэмтэл учруулах,  бусдын юмыг хулгайлахаас эхлээд, хүн рүү хуруугаараа зааж чичлэх хүртэл зөв, шударга заалт их байна. Энд мөн “Эхнэр хүн нөхрийн гэрийг орхин гарч эргэж ирэлгүйгээр явах” гэсэн үйлдлийг цээрлэсэн байна. Бүх төрлийн мөрийтэй тоглоомыг хатуу хориглосон байна. Юугаар хийснээс үл хамаараад согтууруулах ундаа уухыг хориглож. Хүүтэй мөнгө зээлдэх, зэээлэх хориотой. Энэ мэт зүйлсэд муу, таагүй зүйл баймааргүй мэт.

Гэтэл Европын холбоо, АНУ–ын хүний эрхийг хамгаа­лагчдын дургүйцлийг хүргэн, түгшүүр төрүүлэхүйц цөөнгүй заалт бас байна. Энэ нь өнөөх л ЛГБТ гэж нэрлэгддэг бүлгийн хүмүүстэй хамааралтай гэж болно. Жишээлэхэд, Эрэгтэй хүн эмэгтэй хүний хувцас, эмэгтэй хүн эрэгтэй хүний хувцас өмсөх цээртэй. Ингэхээр өнөөх “транссексуалууд”-ын эрх зөрчигдөж байгаа хэрэг болно.
 
Эрэгтэй хүн эр хүний бүсэлхий ба өвдөг хооронд биеийг харах цээртэй. Эмэгтэй мөн адил эмэгтэй хүний биеийн энэ хэсгийг харах цээртэй. Дээр нь харахад цээртэй биеийн хэсэгт гар хүрэхийг цээрлэдэг. Ижил хүйстнүүдийн эрхийг маш ихээр хамгаалдаг Европ, америкчуудын хувьд энэ бол байж боломгүй зүйл. Энэ цээрийг дагавал хөөрхий тэд нэг нэгэндээ хайр сэтгэлээ илэрхийлж, бэлгийн харьцаанд орж чадахаа байна гэсэн үг. В.Путинийг ижил хүйстнүүд хоорондын харилцааг насанд хүрээгүйчүүдэд сурталчлахыг хориглосны төлөө Сочийн Олипмын тоглолтыг болиула­хыг шаардаж байсан тэд лалын шашны энэ заалтад тун ч таагүй ханддаг нь ойлгомжтой.

Хүн амьтаны дүрсийг зурах, урлах цээртэй. Өнөөх л талибууд энэ цээрийг үндэслэн Афганистанд байдаг хоёр мянга гаруй жилийн түүхтэй Будда бурханы хөшөөг дэлбэлж дэлхий нийтийг гайхшруулж байсныг та санаж байгаа байх.
Эхнэрээ бусад эрэгтэй хүнтэй ярилцах, харилцахыг зөвшөөрөхийг цээрлэдэг. Энэ бол яах аргагүй эмэгтэй хүний эрхийг шууд зөрчиж байгаагийн илрэл гэж дийлэнх хүн үзэх байх. Уг нь бол эхнэрээ өөр эрэгтэй хүнтэй ярилцахыг зөвшөөрсөн эр хүн өөрөө буруутан болж таарч байгаа юм. Тэгэхээр энд интернэт орох уу үгүй юу гэдэг бас нарийн асуудал болж ирнэ. Энэ талаар лалын шашины судлаач мэргэд ямар дүгнэлт гаргасны бүү мэд. Эхнэрээ өөр эрэгтэй хүнтэй чатлахыг зөвшөөрсөн эрийг яахыг тэнгэр л мэдэх хэрэг.

“Сэтгэл санаагаа сэргээхийн тулд жүжигт тоглоом тоглох”,  “Бус­дад сайхан сэтгэгдэл төрүү­лэхийн тулд бүжиглэх” хоёр цээртэй. Жүжигчид, дуучид байх боломжгүй гэсэн үг болж таарна. Афганистаны хэт явцуу үзэлт талибууд энэ хори­гоор бамбай хийн дуу хөгжим гэртээ сонсох, зурагтаар хөгжмийн нэвтрүүлэг үзэхийг хүртэл хориглон ихээхэн дуулиан тарьж байсан. Жүжигчин, дуучдын эрх зөрчигдөж байгаа хэрэг болно. Мөн дуучин бүсгүйн аминд хүрсэн хэрэг ч гарч байлаа.
Лалын шашны хуулиар дөрвөн эхнэр авахыг зөвшөөр­дөг нь өрнөдийн соёлын үүд­­нээс эмэгтэй хүний эрхийг бүдүүл­гээр зөрчсөн хэрэг болдог.
Эрэгтэйчүүд өөр эмэг­тэйн бие рүү элдэв буруу бодолгүй байсан ч харах цээртэй. Эмэгтэйчүүд мөн адил. Үүнээс болоод Индонезид дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн явуулахад шашинтнууд нь энэхүү заалтын дагуу шашны дэг жаягийг доромжилж байна гэж үзэн ихээхэн дургүйцэж эсэргүүцэл илэрхийлснийг та санаж байгаа байх. Үүнээс болоод энэ төрлийн тэмцээнд оролцогч бүсгүйчүүд нь усны хувцастай гардагаа больж байсан билээ.

Дээр нь хоорондоо төрөл садны холбоогүй эрэгтэй эмэгтэй хүн хоёулхнаа үлдэж болохгүй гэж заасан байна. Тэгэхээр жолоочоос өөр эрэгтэй хүнгүй автобусанд ганцаар сууж таарсан эмэгтэй хүн яах вэ гэсэн асуулт гарч ирэх байх.
Эмэгтэй хүн нимгэн давуу­гаар хийсэн хувцас өмсөх хорио­той. Эмэгтэйчүүдийн эр­хийг төлөө тэмцдэг элдэв байгуул­лагууд энэ заалтыг хамгийн ихээр үзэн яддаг биз.

Хоолыг солгой гараар идэх хориотой. Манайд ч үүнтэй төстэй цээр байдаг ч өрнөдийн хүний эрхийг хамгаалагчдын хувьд солгой гартай хүмүүсийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болох нь зүйн хэрэг.
Эмэгтэй хүн үсэн дээрээ үс нэмж уртасгах хориотой гэх мэт зүйлс ч байна. Үсээ урт, гоё болгож харагдуулах гэдэг манай бүсгүйчүүд лалын шашинт оронд очвол баларна гэсэн үг.

Гэхдээ ерөнхийдөө Шариа­тын хуулийн дийлэнх заалт, цээр нь хүний ёсноос ангид зүйл огт алга. Хэргийн гол нь эдгээр заалтыг дагаж бай­гаа явдал зөрчсөн хүнд ногдуулдаг шийтгэлээс болж л дийлэнх улс, үндэстэн Шариатын хуулийн талаар таагүй сэтгэгдэлтэй болоод байгаа болов уу. Олон зууны тэртээ бий болсон зарим заалт нь орчин үеийн амьдралд нийцэх бо­ломжгүй. Жишээлэхэд, ор­чин үеийн амьдралыг зу­рагт, радио, интернэтгүйгээр төсөө­лөх аргагүй. Гэтэл хэт туйлш­рагсад энэ бүхнийг Шариатын хуулийн зөрчсөн гэж үздэг бол туйлшралаас зайлсхийдэг урсгалынхан нь хүлээцтэй хандаж зөрчсөнд тооцохгүй байх жишээтэй. Оноодог шийтгэл ч мөн адил гэж болно. Урсгалаасаа хамаараад янз бүрийн шийтгэл ногдуулдаг. Хэт туйлшрагчид нь Шариатын хуулийн заалтыг зөрчсөний төлөө хамгийн хатуу шийтгэл ногдуулах гэдэг.

Жишээлэхэд, гэр бүлийн хүнээс гадуур өөр хүнтэй явалд­сан гэж мэдэгдээд бат­лаж чадаагүй бол 80 удаа ташуурдана. Эрэгтэй эсвэл эмэгтэй хүн өөр хүнтэй учир ургуулбал 100 удаа ташуур­дана. Санаатайгаар бусдын биед гэмтэл учруулсан тохиол­долд “Нүдийг нүдээр” гэдэг зарч­мын дагуу адил хариу шийтгэл ногдуулна. Хулгай хийсэн хүн буруутай нь нотлогдвол гарыг нь тайрна. Нөхөрт гарсан эмэгтэй эсвэл эхнэр авсан эрэгтэй өөр хүнтэй учир ургуулбал чулуугаар цо­хиж гэсгээнэ. Согтоодог, мансууруулдаг үйлчилгээ бүхий зүйлсийг хэрэглэсэн хүнийг 80 удаа ташуурдана. Шашнаасаа урван өөр шүтлэгт орвол цаазаар авна.

Саудын Арави, Аравийн Нэгдсэн Эмират, Иран гэх мэт улс Шариатын хуулийн дагадаг бол Индонези, Малайз улсууд нь лалын шашинтнууд дийлэнх олонхийг эзэлдэг ч шашнаас үл хамаарсан тусдаа хуультай байх жишээтэй. Исламын шашныг тойрсон ээдрээ энэ мэтээр их байна. Ямартай ч тэрбум гаруй хүний сүсэг бишрэл оргүй хоосон зүйл биш гэдэг нь гарцаагүй. Гол нь ямар замаар вэ гэдэг нь сонин. Газрын тосоор баялаг Ливи орон яваандаа Саудын Арави болох уу эсвэл Нигери шиг болох уу гэдгийг зөвхөн цаг хугацаа л харуулах байх.

0 Сэтгэгдэл
arabuud yagaad xuuxnuudtei gee ingej ix xatuurxdag yum be, ter sharuatiin xuuli gedeg ni emegtei xuntei l tulaldax tedniig yaj darj baix uu gesen baix yum. yagaad tegdeg yum bol
Америкийн өөрсдийн бий болгосон дэглэм. Каддафи энэ улсын нийгмийн хамгааллыг зохистой байлгаж баян чинээлэг дундач иргэдтэй болгосон юм билээ. Одоо эдний араас Египет бас Шартаын хуулийг мөрдөх биз.
shal balai yumaa. yu yu unshchixav daa. peee
Хамгийн их уншсан