Америкийн тусгай албад өдөр болгон дэлхий даяар таван тэрбум хүний гар утасны ярианы холболтын талаарх мэдээллийг авдаг бөгөөд гар утасны эзэн хаана явж байгаа, хэнтэй холбогддог болохыг хэдхэн секундын дотор тогтоодог аж. Энэ тухай нууцыг “Вашингтон пост” сонин мэдээлж байна. Мэдээллийн эх үүсвэр нь тусгай албаны экс ажилтан Эдвард Сноуден.
Сноудены тус сонинд өгсөн мэдээллээс үзвэл Америкийн тусгай албад нь алдартай алан хядагчдын шилжилт хөдөлгөөнийг гар утсаар дамжуулан хянаж байдаг. Мөн түүний ойролцоох гар утастай хүн болгоныг шилжилт хөдөлгөөнийг давхар хянаж байдаг бөгөөд эдгээр хүмүүсийн хэн нэгний зам нь алан хядагчийн байгаа газраар орох, нэг унаанд суух гэх мэт тохиолдол болгонд тухайн хүний талаар илүү нарийвчилсан судалгаа явуулж эхэлдэг байна. Нарийвчилсан судалгаа гэдэг нь тухайн хүний “SIM” карт, эсвэл утсан дээрх бүх холбоосыг, явуулсан ба хүлээж авсан бүх мессэж, хэдэн өдөр сарын өмнө ярьсан, дуудлагыг нь хүлээж авсан бүгдийг тогтоож хяналтад оруулахыг хэлдэг гэнэ.
Энэ бүхнийг тухайн хүн дэлхийн ямар ч улсад байсан хийнэ. Өөрөөр хэлбэл алан хядагч байна уу эсвэл жирийн хүн байна уу нуугдах, нууцлагдах боломжгүй.
Сноуден энэ мэтээр Америкийн тусгай албадын үйл ажиллагааны талаар нууц мэдээллийг илчилж байгаа нь Америкийн үндэсний аюулгүй байдалд асар их хохирол учруулсан, учруулсаар байгаа тухай албаны хүмүүс мэдэгдэж байна. Тухайлбал, Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагын дарга Кит Александер сэтгүүлчидтэй уулзах үеэр энэ мэт нууц мэдээлэл алдагдахаас цаашид урьдчилан сэргийлэх боломжтой эсэх асуултын хариуд “Тэгэх боломж гаргахыг би маш их хүсч байна. Сноуден сэтгүүлчдэд 50 мянгаас 200 мянган баримт дамжуулан өгсөн. Тэдгээр нь цаашид ч ил болсоор байх болно. Мэдээллийг санаатайгаар Америкийн үндэсний аюулгүй байдалд хамгийн их хохирол учруулах хэлбэрээр олон нийтэд ил болгож байна” гэжээ.
Одоогоор ил болсон материалуудаас болж АНУ хамгийн ойрын, итгэлтэй түншүүдтэйгээ түнжин хагарахад тулаад байгаа. Гэтэл Сноуденээс материал хүлээн авсан сонинуудын мэдээлж байгаагаас үзвэл нийт мэдээллийн дөнгөж нэг хувийг л олон нийтэд ил болгосон гэнэ. Тэгэхээр цаашид 99 хувь нь ил болоод ирвэл юу болохыг тааж хэлэхэд бэрх.