Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“ЗӨВ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ” ОЛОН УЛСЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Ийм өвөрмөц, олон улсад нэртэй нэгэн шагналыг гардуулах ёслол өчигдөр Шведийн Стокгольм хотноо боллоо. Эл шагнал олон улсад нэр хүндтэй ч Нобелийн шагнал шиг хүн болгон мэддэг зүйл биш болохоор тайлбарлах хэрэгтэй.
“Right Livelihood Award” буюу “Зөв амьдралын төлөө” нэртэй олон улсын шагналыг 1980 онд Шведийн сэтгүүлч, марк цуглуулагч Якоб Фон Укскуль бий болгосон юм. Тэрээр гол төлөв дэлхийн шинжлэх ухаан, улс төр ба эдийн засагт эргэлт гаргах хэмжээнд судалгаа, бүтээл явуулсан хүнд Нобелийн шагнал гардуулж байгаа нь дэндүү өрөөсгөл гэж үзсэн байна.
Ингээд Нобелийн гэрээслэлийн дагуу олгодог үндсэн шагнал дээр нэмээд байгаль орчныг хамгаалах, ядуурлыг давж гарах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст шагнал олгох санал гаргасан байдаг. Гэвч Нобелийн шагналын хороо татгалзсан хариу өгсний дараагаар Якоб Фон Укскуль өөрт байсан маркны үнэтэй цуглуулгыг заран “Зөв амьдралын төлөө” гэгч шагнал бий болгожээ. Ийм ч болохоор энэ шагналыг Нобелийн шагнал авах хэмжээнд ажил хийсэн ч хүртэж чадаагүй хүмүүст олгодог өөр нэг хувилбар ч гэж нэрлэдэг. Шагналыг эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, хүний эрх болон нийгмийн шударга ёсыг сэргээх чиглэлд практик ач холбогдолтой, томоохон хувь нэмэр оруулсан ажилд онцгойлон олгодог.
Энэ жилийн шагналын эзнээр дөрвөн хүнийг өн­гөр­сөн есдүгээр сард тод­руулсан бөгөөд өчигдөр Шведийн парламентын ордонд нэр төртэйгөөр гардуулан өглөө.

2013 онд Ардчилсан Конго, АНУ, Швейцарь, Палестины иргэн дөрвөн хүн “Дэлхий дахины өмнө тулгарсан хурц ээдрээтэй асуудлуудыг шийдэхэд практик хувь нэмэр оруулсны төлөө” гэсэн тодотголтойгоор шагналыг гардан авлаа.
Ийм нэр хүндтэй шагнал юм бол ямар хүмүүс, ямар ажил үйлс хийснийхээ төлөө авдаг юм бэ гэж сонирхох нь зүйн хэрэг. Үнэхээр л бодит үр дүнтэй, зоригтой ажил хийсэн хүмүүст олгодог юм байна. Наад захын жишээ нь, энэ оны шагналын эзэн Швейцарийн агрономич Ханс Херрений гавьяаг тодотгоё.
Энэ хүнийг аюулгүй, экологийн зарчим дээр үндэслэсэн хөдөө аж ахуйг сурталчилсны төлөө нэр хүнд бүхий шагнал олгосон гэж онцолсон байна. Даанч энэ хэтэрхий ерөнхий тайлбар болохоор илүү дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй.
Тэрээр газар тариалангийн хортон шавьжтай химийн бодис хэрэглэлгүйгээр, эко­ло­гийн аюулгүй аргаар тэм­цэх үйл ажиллагаа явуулдаг дэлхийд нэртэй эрдэмтдийн нэг. Дийлэнх нь өлсгөлөнд нэрвэгдсэн Африкийн орнуу­дын хүнсний гол бүтээг­дэ­хүүний нэг болдог маниок нэртэй ургамал “гурилын өт” нэртэй хортон шавьжны дайралтад өртөн ургацын хэмжээ огцом буурах байдал 1970-аад онд бий болсон юм.  Африкийн олон орон бүр ч хүнд өлсгөлөнд нэрвэгдэж, олон хүнд үхэх аюул нүүрлэсэн. Цагтаа, Латин Америкаас оруулж ирсэн маниокийг Африкийн 40 гаруй оронд тариалан 200 сая хүн өдөр тутмын хоол, хүнс болж байдаг болохоор ургацын хэмжээ буурах нь ямар таагүй нөлөөтэй нь ойлгомжтой.
Ийм хүнд, хэцүү үед Хер­рен нь маниокийн тариа­ланг биологийн аргаар хам­гаа­лах хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсэн юм. Энэ хөтөл­бөрийн хүрээнд маниокийн дай­сан өтийг химийн ар­гаар устгахаас татгалзан бай­галь дээр байдаг гол дай­сан шавьжийг олох са­нааг дэвшүүлжээ. Өтийг уст­га­хын тулд химийн бодис ашиг­ласан тохиолдолд хөрс, усыг хордуулан хүрээлэн буй орчинд нөхөж баршгүй том хохирол учруулах байж.
Ингээд удаан хугацаанд хайсны эцэст Латин Америкт байдаг Парагвайгаас өтийг ав­гал­дайгаа тэжээхэд ашиг­ладаг нэгэн төрлийн хэдгэ­нийг олсон байна. Хэдгэнэ Африкийн хөдөө аж ахуй, экологид үзүүлж болзошгүй нөлөөг нэлээд хугацаанд нарийвчлан туршиж, шалгаад аюулгүйг нь тогтоосны дараа дэлхийн түүхэн дэх хамгийн том төслийн нэг болох маниокийг өтний дайралтаас хамаарах ажлыг эхлүүлжээ. Энэ төслийн хүрээнд 1982-1993 онуудад маниок тариалдаг Африкийн 24 оронд 1,6 сая хэдгэнийг тусгайлан төхөөрөмжлөгдсөн онгоцноос гарган тараажээ. Үр дүнд нь Парагвайн хэдгэнүүд Африкийн маниокийн ургацыг устгаж байсан өтний тоо толгойг эрс цөөрүүлж чадсан юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Африкийн олон оронд нийт 20 сая гаруй хүнийг гарцаагүй үхлээс аварсан гэж мэргэжилтнүүд үзжээ. Өлсгөлөн ядуурлаас гэтэлгэхийн тулд ийм хүнд Нобелийн шагнал өгөх нь зүйн хэрэг ч өлсгөлөнгөөс аврахад гэсэн төрлөөр Нобелийн шагнал олгодоггүй тул Херрений хувь нэмрийг дэлхий нийт өндрөөр үнэлэн “Зөв амьдралын төлөөх шагнал” олгосон нь энэ аж.
Энэ жил нэртэй хүндтэй шагнал авсан бусад хүний хийсэн ажил ч дутахааргүй чухал ач холбогдолтой.
Олон улсын Ногоон загал­майн нийгэмлэгийн Америк дахь салбарын удирдагч Пол Уокерийг “Дэлхий да­хи­ныг химийн зэвсгээс ангиж­руулахад бодит хувь нэмэр оруулсан” гэж үнэлжээ. Пол Уокер дэлхийн хэмжээнд химийн зэвсгийн уршгийг олон нийтэд таниулах, устгах хөтөлбөрийг Засгийн газруудаар батлуулан боди­тоор хэрэгжүүлэхэд сүүлийн 17 жилийн турш уйгагүй ажиллаж ирсэн, энэ салбарт нэрд гарсан мэргэжилтэн юм. Сирийн химийн зэвсгийг устгах, бүс нутагт томоохон хэмжээний дайн гарахаас сэргийлэх боломжтой болсон нь энэ хүнтэй салшгүй холбоотой гэж болно.
Палестиний Райи Суранийг “Хүний эрхийг хамгаалах Палестинийн төв” байгуулан 35 жилийн турш үр бүтээлтэй ажиллаж, бүс нутагт хүний эрхийг хамгаалахад бодит үр дүн гаргасан гэж шагнасан гэнэ. Олон арван жилийн турш дайны байдалтай байсан палестинчуудын хувьд хүний эрх гэдэг ёс төдий хийсвэр үг бус харин цаашид үндэстэн хэвээр оршин тогтнох үгүйтэй холбоотой чухал асуудал болж хувирсан юм. Сурани нь палестинчуудын эрхийг тогтмол зөрчиж байгаа асуудлыг хөндсөнийхөө төлөө Израйлийн шоронд гурван ч удаа хоригдон, янз бүрийн тамлал амссан аж. Мөн палестинчууд шинэ улс байгуулсны дараа хуулийн зарим заалт нь хүний эрхийг хамгаалахтай нийцэхгүй байна гэж шүүмжлэсний төлөө Палестиний автономит улсын анхны улс төрийн хоригдол болж байв. Энэ мэтээр зөвхөн Палестин гэлтгүй Ливи, Сири гээд хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа газар болгонд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Хүний эрхийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэрэгтнүүдийг шүүх, энэ чиглэлээр бодит үр дүнтэй арга хэмжээ авах талаар бодит нөлөөтэй олон ажил хэрэгжүүлсэн хүн.
Бүгд найрамдах ард­чил­сан Конго улсын эмэг­тэй­чүүдийн эмч Денис Муквегег “Дайн байлдааны үеэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг эмч­лэх, илааршуулахын төлөө зоригтой ажилласан” гэж шагнажээ. Тэрээр Конгод болсон иргэний дайны үеэр олон улсын байгууллагуудын тусламжтайгаар эмнэлэг байгуулан удирдан ажиллах хугацаандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн 40 гаруй мянга эмэгтэйд тусламж үзүүлж, эмэгтэйчүүдийн хүнд шарх, гэмтлийн эмчилгээний талаар арвин туршлага хуримтлуулжээ. Муквеге эмч нь дайны тулааны үеэр эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд олноор өртөж байгаад дэлхий нийтийн анхаарлыг татахын тулд мөн л уйгагүй ажилладаг нэгэн. Конгод болсон иргэний дайныг яс үндсээр ялгасан дайн бус харин байгаль нөөц, тухайлбал гар утас, ноүтбүк хийхэд ашигладаг ховор металлын орд газрын төлөө болж байгаа гэдгийг шударга хэлж, дайн эхлүүлсэн хүмүүсийг Гаагийн олон улсын эрүүгийн шүү­хээр шийтгэхийг уриал­сан юм. Түүний энэ уриалгаас болж өн­гөрсөн онд амь на­санд нь халдсан. Мук­веге нь энэ онд Но­бе­лийн энхтайвны шаг­налд нэр дэвшиж байв.
Дашрамд сонир­хуу­лахад, энэ шагналыг бий болгосон цагаас дэл­хийн 64 орны 153 хүн шагнуулжээ. Шаг­нал авсан дөрвөн хүн 500 000 швед кро­ныг хувааж авдаг. 2013 оны ханшаар энэ нь 230 мянган евротой дүй­цэж байна. Шагналын мөн­гийг хувийн зорилгодоо ашиг­лахыг зөвшөөрдөггүй бөгөөд явуулж байсан үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд зарцуулах ёс­той. Шагналыг заавал дэл­хийд нэр алдраа цуурай­туулсан шинжлэх ухаан ба улстөрийн элитийн төлөөлөгчдөд өгнө гэдэггүй. Дэлхий, хүн төрөлхтний өмнө тулгарсан ээдрээтэй асуудлыг шийдэхэд практик ач холбогдолтой хувь нэмэр оруулсан эгэл жирийн ямар ч хүн авах боломжтой. Мөн Нобелийн гэх мэт бусад нэр хүндтэй шагналаас ялгаатай нь урьдчилан тогтоосон тодорхой нэр төрлөөр ялагч тодруулдаггүй. Ийм төрөл ч байдаггүй. Дэлхийн өмнө тулгараад байгаа асуудлыг шийдэхийн тулд хийсэн бодит үр дүнтэй сайн ажлыг ямар ангилал төрөл зүйлээр ялгах боломжгүй байдаг гэж үздэг.
Дэлхийд ихээхэн нэр нөлөөтэй ийм л нэг шагнал байна.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан