Олон сая хүнийг хагацал зовлонд учруулж, нулимстай нь хатаасан нацист Германы удирдагч А.Гитлерийг мэддэг хүн бүр л түүнийг үзэн яддаг. Гэвч хүн төрөлхтөний заналт дайсан болсон энэ хүнийг хайрладаг нь олон биш боловч хэд хэд байсан нь түүхэн үнэн. А.Гитлерийг бага залуугаасаа үнэн зүрхнээсээ хайрлаж, эцэст нь амьдралаа түүнд тушаасан нэгэн золгүй эмэгтэйн амьдралын тухай дор өгүүлэх гэж байна. Гуравдугаар Рейхийн удирдагч А.Гитлер хэд хэдэн эмэгтэйтэй холбогдсоноос бүгдээрээ цаашид амьдрахыг үл хүсэн өөрийгөө хорлосноороо ижил хувь тавилан үүрсэн. Тэдний нэг бол Ева Браун юм. А.Гитлертэй 16 жил хайр сэтгэлийн холбоотой байж, ганцхан өдөр эхнэр нөхрийн ёсоор амьдарсан эмэгтэй бол Ева Браун.
Тэрээр 1912 оны хоёрдугаар сарын 6-нд католик шашинтай, Бавари гаралтай айлын гурван охины дундах нь болон мэндэлжээ. Ева Лицейд дунд боловсрол эзэмшиж, дараа нь бизнесийн сургуульд нэг жил суралцсан аж.

Еватай адил А.Гитлер ч залуухан охинд тэр дороо л татагджээ. Тэр өөрийн дуртай зүйлсээ Ева
эелдгээр үзүүлж харуулан найрсаг хандаж байв. Энэ үед Ева шинэхэн болзоот залуугийнхаа тухай найзууддаа ингэж дүрсэлжээ. “Үсээ инээдтэй засуулсан, цайвар өнгийн Англи хүрэм, үстэй том малгай өмсдөг жентельмэн эр” хэмээн найзууддаа ярьж байхдаа Ева аль хэдийнэ А.Гитлерт хөл алдан дурласан байлаа. Тэд танилцаад удаагүй байхдаа А.Гитлерт бичсэн захидалдаа Ева “Эрхэм ноён Гитлер, театрт маш сайхан үдшийг өнгөрүүлсэнд баярлалаа. Мартагдашгүй үдэш байлаа. Таны энэ нөхөрлөлийн төлөө би үргэлж талархаж явах болно. Тантай дахин уулзах мөчийг цаг тоолон хүлээж байна” гэж бичсэн байна. Ингээд төдий л удалгүй Ева Браун эцэг эхийнхээ эсэргүүцлийг ч үл тоон А.Гитлерийг даган Альпийн нуруун дахь амралтын газар руу явжээ. А.Гитлер тэр хоёрын харилцааг эцэг эх нь эхний хоёр жилд хүчтэй эсэргүүцдэг байжээ. Үүнээс хойш тэр А.Гитлерийн хатагтай болсон юм.


Ганцаардлаа хуваалцсан тэмдэглэлийн дэвтэр

1935 оны хоёрдугаар сарын 6,
Би өнөөдөр жаргалтай 23 настайгаа золголоо. Үгүй ээ, жаргалтай гэдэг ч яг оносон үг биш байна. Үнэндээ би одоо аз жаргалгүй байна. Хэрвээ би нохойтой байсан бол ийм ганцаардлыг мэдрэхгүй байхсан. Нохойтой болъё гэж би түүнээс хэчнээн их гуйлаа даа. Шауб надад цэцэг, захидал авчирч өглөө. Одоо миний өрөө цэцгийн дэлгүүр шиг л болж дээ.
Итгэлээ алдахгүй нь л чухал. Би одооноос тэвчээртэй байж сурах хэрэгтэй юм байна гэж бодлоо.
Хоёрдугаар сарын 11,

Хоёрдугаар сарын 18,
Тэр бямба гаригт ирсэн. Бямба гаригт хотын үдэшлэг болдог юм. Тэр намайг үдэшлэгт явахыг зөвшөөрөв. Тиймээс би 12 цаг хүртэл хэдэн цагийг маш гайхамшигтайгаар өнгөрүүлсэн. Ням гаригт түүнтэй уулзаж болно гэж амласан. Гэвч тэр гэнэт л явахаар шийдэж, надад баяртай ч гэж хэлээгүй яваад өглөө. Тэр яагаад надад уурлаад байсныг ойлгосонгүй. Уг нь, үдэшлэгт явахыг тэр өөрөө л зөвшөөрсөн шүү дээ. Тэр одоо дахиад хоёр долоо хоног ирэхгүй. Тэр хүртэл би ч галзуурах байх даа.
Гуравдугаар сарын 11,
Би түүний тодорхой зорилгод л хэрэгтэй. Түүнээс биш энэ бүхэн байх боломжгүй. Тэр надад хайртай гэж хэлэх нь хэзээ ч биелүүлдэггүй амлалт шиг хуурамч сонсогдох юм.
Дөрөвдүгээр сарын 1,

Тэр намайг өчигдөр зоогонд урилаа. Бид гурван цаг хамт суусан боловч ганц ч үг сольсонгүй. Тэр явахаасаа өмнө гарт маань дугтуйтай мөнгө атгуулчихаад явсан. Хэрэв тэр дугтуй дотор хайрын үгс бичсэнсэн бол би хэчнээн баярлах байв аа. Гэвч тэр тэгж боддоггүй бололтой.
Тавдугаар сарын 10,
Хоффман хэлэхдээ тэр намайг солих өөр бүсгүй олсон гэлээ. Тэр эмэгтэйг нь Валкери гэдэг гэнэ. Хэрвээ түүний мэдээлэл үнэн бол тэр надад энэ тухайгаа хэлэхгүй байгаа нь аймшигтай юм.
Тавдугаар сарын 28,
Би сая дөнгөж түүн рүү захидал илгээлээ. Хэрэв тэр өнөө оройдоо багтааж хариу бичихгүй бол би 25 ширхэг эм уугаад нөгөө ертөнц рүү явах болно.


Ева дайны үед ч гүнж шиг л амьдардаг байж. Ихэнх цагаа дасгал хийж, ном уншиж, чимээгүй бодол болон суухад зарцуулна. Ева Браун гэрэл зурагт туйлын хорхойтой нэгэн байв. Тийм ч учраас А.Гитлерийн зураг өдгөө ийм олноор хадгалагдан үлдсэн юм. Өдгөө үлдэж хоцорсон А.Гитлерийн зургуудын ихэнхийг Ева авсан байдаг.

Эмэгтэй дэмжигчдээ алдахгүйн тулд А.Гитлер найз бүсгүйгээ нуудаг байжээ
А.Гитлер Еватай хамт олны өмнө тун цөөхөн гарчээ. Гэхдээ зөвхөн дайны үеэр тэд гэрлэхийнхээ өмнөхөн. Тэдний харилцааны эхэн үед А.Гитлер Еваг олны нүдэнд өртүүлэхийг хүсдэггүй байсан нь тэр эмэгтэй дэмжигчдийнхээ анхаарлыг татсаар байхын тулд гэж судлаачид тайлбарладаг. Тийм ч учраас германчууд дайн дууссаны дараа л А.Гитлер найз бүсгүй, эхнэртэй байсан гэдгийг мэдсэн юм. Альберт Шпирийн номд өгүүлснээр Гитлер хэзээ ч Еватай нэг өрөөнд унтаж байгаагүй гэнэ. Тэр Бергоф дахь байшиндаа, Берлин дэх нуувчиндаа ч тусдаа унтлагын өрөөтэй байсан агаад түүндээ л унтдаг байсан аж.
1944 оны долдугаар сард А.Гитлер амиа алдах дөхсөн. Энэ явдлын дараа тэдний бие биедээ илгээсэн захидал нь энэ.

Хайрт Чапперл минь,
Надад бүү санаа зов. Би сайн байгаа. Магадгүй бага зэрэг ядарсан байх. Би удахгүй гэртээ харьж, чинийхээ хажууд сайхан амарна гэж найдаж байна. Би чамтай хамт маш удаан амар тайван амрах болно. Гэхдээ Германы ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юунаас ч илүү чухал. Надад учирсан аюулыг фронтод тулалдаж яваа цэргүүдтэй харьцуулахын ч аргагүй гэдгийг бүү март. Чи минь надад санаа тавьж байгаад баярлалаа. Ээж аавдаа миний мэндийг, бас сайн сайхныг хүсч байгааг минь дамжуулаарай. Тийм сайхан гэр бүлээс төрсөн охиныг өөрийн болгосон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Тэр азгүй өдөр өмсч байсан дүрэмт хувцсыг би чам руу явууллаа. Энэ бол манай арми намайг хэрхэн хамгаалж буйн, бас бид дайснаасаа айх явдалгүй гэдгийн нотолгоо болно.
Үнэн зүрхний угаас хайртай, чиний А.Г.
Гелибтер,
Миний сэтгэл маш тогтворгүй байна. Чамайг тийм аюул дунд байгааг бодохоор би энд бараг үхэж байна. Боломж гармагц буцаж ирээрэй. Би галзуурч байгаагаа мэдрээд байна. Энд цаг агаар нь сайхан, бүх зүйл нь амар тайван юм. Би харин өөрөөсөө ичиж байна… Би чамд үргэлж хэлдэг. Хэрвээ чамд ямар нэгэн юм болбол би амьд явж чадахгүй. Бид анх уулзсан тэр цагаас хойш би чамайг хаашаа ч явсан дагасаар байх болно, үхэл ч байсан ялгаагүй. Зөвхөн чиний хайрын төлөө амьдардаг гэдгийг минь чи мэднэ.
Чиний Ева

Германчууд ялагдал хүлээхэд ойрхон ирээд байхад зурагчин Хоффманы охин Еваг Германаас гарахыг ятгаж. Тэгэхэд Ева тэр санааг нь огт хайхралгүй харин ч Мьюнхенээс бүслэгдсэн Берлин рүү А.Гитлерийг зорин очжээ. А.Гитлер түүнийг Мьюнхен рүү буцахыг тушаахад тэр эсэргүүцээд, “Би чамайг ганцаараа үхэхийг зөвшөөрнө гэж үү” гэж хэлсэн гэдэг.
1945 оны дөрөвдүгээр сарын 28-ны өглөө Ева нарийн бичиг Траудлд үл ойлгогдох зүйл хэлжээ. Тэр “өнөөдөр дуусахаас өмнө та миний төлөө нулимс дуслуулах болно” гэжээ. Харин энэ нь Ева олон жил хүсч мөрөөдсөндөө хүрч А.Гитлертэй удахгүй гэрлэж, бас удахгүй нөгөө ертөнц рүү явна гэдгээ мэдэж байгаагийн илрэл байсан бололтой. Үүний маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 29-нд Зөвлөлтийн арми Рейхастагт бараг тулж ирээд байх үед суртал ухуулгын сайд Уолтер Вагнер А.Гитлерийг Ева Браунтай гэрлэх ёслолыг үйлдүүлсэн юм. Хожим олдсон тэдний гэрлэлтийн баталгаан дээр Ева гарын үсгээ зурахдаа Ева гэсэн эхний нэрийнхээ араас Браун гэдэг овгоо бичих гэж андуураад “В” үсэг зурсныхаа дараа засч Ева Гитлер болгон бичсэн байдаг аж. А.Гитлерийн хамгийн ойрын туслахууд болох Геббел, Борманн нар тэдний хуримын гэрчээр гарын үсэг зурсан байдаг.
А.Гитлер эхнэр авмагцаа гэрээслэлээ бичээд, нарийн бичгээ тэтгэвэрт нь гаргажээ.
Түүний гэрээслэлээс товчхон дурдвал,
“Үүрэг хариуцлагаа биелүүлж чадсан эсэхээ эргэцүүлэн бодолгүйгээр өөрийн карьерийг дуусгахаас өмнө олон жилийн турш үнэнчээр хайрласан бүсгүйг эхнэрээ болгон авлаа. Тэр өөрийн хүсэлтээр хувь заяагаа надтай хуваалцаж, үхэл рүү хамт явахыг хүссэн юм. Би болон миний эхнэр дайснууддаа бууж өгөх ичгүүрээс зугтахын тулд үхлийг сонголоо. Надад харьялагдан хамаарагдаж байсан үнэ хүрэх бүхий л зүйлсийг намдаа шилжүүлнэ.
Берлинд үйлдэв. 1945 оны дөрөвдүгээр сарын 29, өглөөний 4.00 цаг" гээд гарын үсгээ зурсан байна.

Маргааш өдөр нь А.Гитлер штабынхантайгаа сүүлчийн удаа хуралдаад, оросууд орж ирэхэд хэдхэн хаалт үлдсэнийг ярьжээ. Харин үүний дараа өдрийн хоёр цагт ердийнхөөрөө хоёр нарийн бичгийн даргатайгаа үдийн зоог барьжээ. Харин зоогийн дараа тэр нөгөө ертөнц рүү явах бэлтгэлээ аажмаар базааж эхэлсэн байна. Тэр эхлээд Блонди нохойдоо хор өгч. Дараа нь гурван цагийн үед Еватай хамт ойр дотны хүмүүсээ дуудан салах ёс гүйцэтгэжээ. Ингээд газар доорхи нуувч руу орж, Евад шилэн савтай цианитийн хор өгчээ. Харин тэр өөрийгөө 7.65 мм-ийн Уолтер буугаар толгойдоо буудан амиа хөнөөсөн юм. Энэ явдлын дараа туслах Хайнз нуувч руу ороход, цусанд будагдсан буйдан дээр А.Гитлер суугаагаараа нас барсан байсан бол Ева хажууд нь хэвтсэн байхыг олжээ. Тэднийг амиа хорлох үед Еваг бие давхар байсан гэсэн яриа байдаг ч батлах нэг ч баримт байдаггүй.


Тэдний цогцсыг Оросын цэргүүд олоод Зүүн Германы Магдебургт нууцаар оршуулсан юм. Тэдэнтэй хамт Иозиф Гебеллийг эхнэр зургаан хүүхдийн хамт мөн оршуулжээ. Гэвч 1970 онд тэдний шарилыг хөндөж, чандарлаад Эльба голд цацсан гэдэг.
Ева Брауны эцэг эх хоёр дайны дараа саяхныг хүртэл амьдарсан юм. Түүний ээж Франциска 1976 он хүртэл Бавари нутагтаа фермийн аж ахуй эрхэлж байгаад 91 насандаа өөд болжээ.

Адольф Гитлер, Эва Браун хоёрын сүүлчийн мөчүүд өнгөрсөн нуувч


