Рейчел Беквит бол америкийн Вашингтон мужийн Айсаква гэдэг бяцхан хотод төрсөн охин. Түүнийг 9 нас хүрч байхад ээж нь нэг удаа Африкт цэвэр ус хүрэлцэхгүйгээс болж маш олон хүүхэд таван нас хүрч амжилгүй нас бардаг тухай ярьж өгчээ.
Энэ яриа охины сэтгэлд хүрч тэрээр 9 насныхаа төрсөн өдрөөр хүмүүсээс тоглоом, хүүхэлдэй, шинэ даашинз, гоё гутал хүссэнгүй харин намайг таньдаг бүхэн чадах хэрээрээ мөнгө цуглуулан хүмүүнлэгийн Charity Water байгууллагад өгнө үү хэмээн хүссэн байна. Охин өөрөө тусгайлан нээсэн блогтоо “2011 оны зургадугаар сарын 12-нд би 9 нас хүрнэ. Цэвэр ус дутагдсанаас болоод сая сая хүүхэд таван насныхаа ойг ч тэмдэглэж амжилгүй нас барж байгааг би саяхан олж мэдлээ. Тэгэхээр би төрсөн өдрөө урьдынх шигээ тэмдэглэхгүйгээр шийдлээ. Намайг таньдаг, мэддэг бүхэн усаар дутагдаж байгаа хүмүүст цэвэр ус бэлэгдэх аянд минь нэгдэж, мөнгө илгээн миний төрсөн өдрийн бэлэг болгоно уу” гэж бичжээ.
Тэр уг нь 300 доллар цуглуулъя гэж дотроо тооцоолж байж
Хүмүүс ч үүнд нь нэгдэн мөнгө бэлэглэж энэ нь 220 доллар болжээ. Охин ч үүнийг чамласангүй, дараа жил үлдсэнийг нь цуглуулна гэж байж. Гэтэл харамсалтай явдал болж охин дараа жилийнхээ төрсөн өдрийг үзэж, африкийн ядууст үргэлжлүүлэн тусалж чадсангүй. Төрсөн өдрөөсөө хойш ердөө хэдхэн хоногийн дараа ээжтэйгээ хамт гэртээ харьж яваад 15 машин нэрвэгдсэн аймшигт ослын үеэр Рейчил охин хүндээр бэртэн эмнэлэгт очсон ч сэхэл авсангүй, хэд хоноод амьсгалын аппаратыг нь салгахад хүрчээ.
Охины үхэл, түүний сүүлчийн хүсэлтэй хамт тэр дороо л тархаж зөвхөн америк төдийгүй, дэлхий дахины мянга мянган хүн охины хамгийн сүүлийн хүслийг биелүүлэхээр өнөөх сан руу нь мөнгө илгээж эхэлсэн байна. Тун ч удалгүй энд нэг сая доллар цугларсан нь 600 мянган хүнийг аврахад элбэг хүрэлцэх боллоо. Энэ бол Charity Water байгууллагын түүхэнд хамгийн их хандив цугларсан тохиолдол болж энэ хөрөнгөөр тус сан Африк ядууст туслах байр барьжээ.
Тэр нас барсан хойноо ч хүнд буян болж, хүний амь аврах буянтай нэгэн байж. Түүний эрхтнийг донор эрхтэн шаардлагатай хүнд өвчтэй өөр нэг хүүхдэд өгсөн гэдэг.