Өлсгөлөн гэхээр Африкийн хэдэн орон санаанд ордог нь нууц биш. Дайн тулаан ядуурал, эмх замбараагүй байдлын тухай мэдээний дийлэнх нь энэ тивээс ирж байгаа болохоор өөр яалтай ч билээ. Гэтэл “New York City Coalition Against Hunger” байгууллага судалгаа явуулаад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох АНУ-ын хамгийн том хот гэгддэг Нью-Йорк хотын оршин суугчдын талаар тун ч өвөрмөц гэмээр судалгаа явуулжээ.
Энэ судалгаанаас үзвэл Нью-Йорк хотын насанд хүрсэн зургаан хүн тутмын нэг, таван хүүхэд тутмын нэг нь тогтмол өлсгөлөн байдаг аж. Дээр нэр гарсан байгууллагын мэргэжилтнүүд 2010-2012 оны хооронд Нью-Йорк хотноо болсон үйл явдалд дүн шинжилгээ хийгээд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Тодруулбал, тус хотын хүн амын 16 хувь нь буюу 1,4 сая хүн өдөр тутмын хоол, хүнсээ хангаж чадахгүй хэмжээнд амьдарч байна. Дөрвөн жилийн тэртээ буюу 2006-2008 онуудад явуулсан статистик судалгаагаар Нью-Йорк хотод өдрийн хоолоо авч чадахгүй хэмжээнд ажил хийдэг хүний тоо 1,2 сая байжээ.
Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн, супер хот Нью-Йоркийн насанд хүрсэн зургаан хүн тутмын нэг, таван хүүхэд тутмын нэг нь байнгын өлсгөлөнгийн байдалд амьдардаг гэсэн үг. Дэлхийн нэрийн хуудас болсон цөөн хэдэн хотын нэг болох Нью-Йоркт хамгийн өлсгөлөн дүүргээр Бронкс тодорчээ. Энэ дүүрэгт амьдардаг өлөн зэлмэн хүний тоо хотдоо нэгдүгээрт ордог, бүр тодруулбал хотын өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдийн тэн хагас нь Бронксынх юм байна.
“New York City Coalition Against Hunger” байгууллагынхан зүгээр ч нэг агаараас ийм тоо гаргаж ирээгүйд хэргийн учир байгаа юм. Энэ байгууллага хоёр жилийн туршид Нью-Йорк хотын талаархи олон тооны статистик судалгааг шинжилж байгаад тус хотын хүн амын 16 хувь нь тогтмол өлсгөлөнгийн байдалд амьдардаг гэсэн дүгнэлт хийжээ. Манай улсын хүн амын тэн хагастай нь дүйцэх хэмжээний хүмүүс л тэр давчуухан орон зайд өлсөөд, өлбөрөөд, үхэхгүйн тулд хогийн сав ухан хаягдал хоолоор амь зогоож байгаа юм байна. Эдний 406 мянга нь хүүхдүүд. Ингэснээр дөрвөн жилийн өмнө шаардлагатай хоол хүнс авч чадахгүй байсан хүүхдүүдийн тоо 10 хувиар нэмэгдсэн, нийт хүүхдүүдийн 21,85 хувь нь хоногт цадтал хооллож чаддаггүй болж таарлаа. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний хамгийн том хот энэ мэт байдалтай байна.
Ингэлээ гээд Нью-Йорк хотын мэрийг хэн ч цагдаад барьж өгөхгүй, шүүхдэхгүй байгаа төдийгүй хуулинд боломж байсан бол Блумбергийг гурав дахь удаад сонговол дээр байсан талаар яригдаж байна. Ингэхээр том хотуудад ядуурлыг давж гарах бус харин тодорхой заагдсан хэмжээнээс хэтрүүлэхгүй гэж ярих нь шударга бололтой. Ядуурлыг нэг мөр арилгана гэх мэтээр коммунизм байгуулах гэж байгаа мэт хийсвэр амлалт өгч сонгогчдын тархийг эргүүлж байхын оронд ядуурлын хэмжээг “...%” болгож бууруулна гэсэн нь шударга юм шиг.
Гэхдээ энд нэг тодруулга хийх хэрэгтэй байх. Москва, Токио, Бээжин, Рио де Жанейро гэх мэт асар том хот мужууд, өөрөөр хэлбэл мегаполисудын хувьд л ядуусын тоо нь бага гараад байгаа. Нэг дүүрэг нь л манай улсын нийт хүн амтай тэнцэх хэмжээний хотууд. 8-10 сая хүнтэй, хоногт 3-5 сая хүн ажил хийхээр орж гарч байдаг нүсэр том хотууд.
Дэлхийн үлгэр жишээ хотын нэг гэгдээд байгаа Нью-Йорк хотод гэмт хэргийн гаралт эрс цөөрсөн, гурван сарын өмнө хүн амины хэрэг гараагүй анхны өдрийг бүртгэлээ гээд дуулиан болж байсныг уншигч та санаж байж магадгүй. “Сэнди” хар салхины дараа ийм байдал үүссэн гэдгийг сануулах хэрэгтэй байх.
Гэтэл “Сэнди” нэртэй хар салхины дараагаар Нью-Йорк хотын ядууст үнэгүй тусламж үзүүлдэг байгууллагуудын төсөв, санхүү эрс муудсан гэдгийг статистик судалгаа харуулж байна. Бүр тодруулбал энэ хар салхины улмаас үгээгүй ядуучуудад үнэгүй хоол өгдөг байгууллагуудын 45 хувь нь тараадаг хоолныхоо хэмжээг багасгах, зарим тохиолдол хоол өгөхөө бүрэн зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.
Гэвч ийм хүнд цаг үед ядуу буурай иргэдэд туслах өглөгч баячууд гарч ирсээр байна. Өдгөө ийм сайхан сэтгэлтнүүдийн тэргүүн эгнээд тэрбумтан баячууд зогсч байна.
Манай улс буяны байгууллага, өглөгийн эзэн гэх мэт зүйлстэй тааралгүй олон жил явсан болохоор содон тусч байгаа нь гарцаагүй. Зах зээлийн харилцаа хэдэн зуун жилээр тасалдаж байгаагүй дийлэнх орны хувьд буяны ажилд, өөрөөр хэлбэл хүмүүнлэгийн ажилд хэдий хэмжээний мөнгө хандивладаг нь тухайн хүний имижийн салшгүй хэсэг болж байдаг.
Дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтсийн гаргасан санаа ч үүнийг баталж байгаа юм. Гейтс нь тэрбумтануудыг хөрөнгийнхөө тавиас багагүй хувийг буяны, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандивлахыг уриалж энэ тухай албан ёсоор олон нийтэд мэдэгдэн гэрээ байгуулахыг уриалсан. Хэдий хачирхалтай сонсогдож болох ч Гейтсийн энэ санааг олон тэрбумтан дэмжин өв хөрөнгийнхөө тэн хагасыг хүмүүнлэгийн үйлсэд зориулахаа амласан. Дашрамд сонирхуулахад Гейтс нь нийт хөрөнгийнхөө 2,6 хувь буюу 1,9 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн үйлсэд энэ жил зориулснаар дэлхийн хамгийн өглөгч хүн болсон билээ. Билл Гейтс супер баян болсон цагаасаа хойш нийтдээ 28 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандивласан байх юм.
Өглөгчөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсан хүн нь 58,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Уоррен Баффет яах аргагүй мөн. Тэрээр энэ жилийн хугацаанд хөрөнгийнхөө 3,2 хувь буюу 1,87 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн үйлсэд эргэлт буцалтгүй хандивлажээ.
“Нээлттэй нийгэм форум” гэхээр манайхан тэрбумтан Соросыг сайн мэдэж байгаа. Энэ хүн 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд хөрөнгийнхөө 3,2 хувийн буюу 763 сая ам.долларыг хүмүүнлэгийн ажилд хандивлажээ. Ер нь, Сорос эргэлт буцалтгүй тусламж, хандив үзүүлдгээрээ алдартай. Дэлхийн хэмжээнд төрийн бүтцийн нээлттэй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 150 сая ам.доллар хандивласан байх жишээтэй. Хар арьст америкчуудад олон нийтээс тулгадаг саад бэрхшээлийг арилгахын тулд 100 сая ам.доллар хандивласан. Цаашилбал, Калифорнийн эмнэлэгт олон удаагийн тариурыг ариутгахаас эхлээд Зүүн Европын цыгануудын ахуйг дэмжих хүртэл ухаан санаанд багтамгүй олон төслийг хэрэгжүүлэх тусламж үзүүлж байсан.
“Facebook”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг дэлхийн хамгийн өглөгч хүмүүсийн жагсаалтад гуравдугаарт орж байгаа. 23,4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрээр хөрөнгийгөө 2,2 хувийн буюу 519 сая ам.долларыг хүмүүнлэгийн үйлсэд зориулжээ. Тэрээр Америкийн Нью-Жерси мужийн Ньюарк хотод төлбөргүй, сургуулиудыг хөгжүүлэхэд 100 сая ам.доллар хандивласан байх юм. Энэ мөнгөөр нь тус хотод шинээр дөрвөн ахлах сургууль, 11 бага сургууль нээсэн нь өдгөө амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Үүний дээр олон нийтийн болон компаниудын өмнө тулгардаг түгээмэл асуудлуудыг шийдэх зорилт бүхий тусгай баг байгуулах, энэ чиглэлээр судалгаа явуулдаг авьяаслаг оюутнуудыг дэмжихийн тулд “Facebook” компанийн 18 сая хувьцааг “Silicon Valley Community Foundation” нэртэй санд хандивлажээ.
“Wal-Mart” жижиглэн худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч агсан Жим Уолтоны гэр бүл өглөгчөөрөө зартай. Жим Уолтоны ар гэр гэх олон хүний хөрөнгө нийлвэл ухаан санаанд багтамгүй их мөнгөн дүн гарна. Гэхдээ тэд нийлээд нийт хөрөнгийнхөө 0,3 хувь буюу 432 сая ам.долларыг хүмүүнлэгийн үйлсэд зарцуулжээ. Жин Уолтоны охин Элис Уолтон гэхэд л хоёр жилийн өмнө Бентонвиль нэртэй жижигхэн хотод Америкийн урлагийн музей нээхэд 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулан олон нийтийн анхаарлыг татаж байсан түүхтэй.
Манайд ч яваандаа энэ мэтээр бизнесийн мэдрэмж болох хүнлэг сэтгэл хоёрыг хослуулсан саятанууд шинэ сургууль, цэцэрлэг байгуулах гэх мэт үйлсэд чичлүүлж шавдуулалгүйгээр нэгддэг соёлтой болно байх гэж найдаж байна.