Улс орон, тив дамнан дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлдэг олон үзэгдэл, үйл явдал байх. Дэлхийн дулаарал, Сирийн иргэний дайн, хар тамхины наймаа гээд олон үйл явдлын нэгийг “алтан шүхэр” гэх. Англиар “golden parachute”, монголоор махчлан орчуулбал “алтан шүхэр” гээчийн талаар хэр сонсч байсан бэ? Дэлхийг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямралын улмаас “алтан шүхэр” гэгч энэ үзэгдэл сая, сая хүний анхаарлын төвд ороод байгааг та мэдэх үү?
Жишээлэхэд, өнгөрсөн даваа гарагт Оросын шүүхээс төрийн мэдлийн “Ростелеком” компанийн экс захирал Олег Проворотов гэгчид “алтан шүхэр” хэлбэрээр 200 сая рубль төлөхийг хууль зөрчсөн хэрэг гэж үзээд зогсоох шийдвэр гаргажээ. Ингээд хэлэхээр тийм ч ойлгомжтой биш байж болох. Тиймээс “алтан шүхэр” гэсэн ойлголтыг тайлбарлах хэрэгтэй. Ямар нэгэн том компанийн удирдах албан тушаалтныг гэрээнд заасан хугацаанаас өмнө ажлаас халах эсвэл өөр компанитай нийлэх, өмчлөгчөө сольсны улмаас саналаараа ажлаас халагдах тохиолдолд мөнгө, санхүүгийн болон бусад төрлийн ихээхэн хэмжээний нөхөн олговор олгох тухай хөдөлмөрийн гэрээн дэх заалтыг “алтан шүхэр” гэж нэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, ажил хийж байхдаа санаанд багтамгүй өндөр цалинтай, улирал болгон бонустай, жилийн эцсээр “13 дахь сарын цалинтай” захирлыг ажлаас нь халсан эсвэл гарахаас өөр аргагүй болголоо гэж гэнэт халагдсаны нөхөн олговор гэж нэг удаад асар их хэмжээний мөнгө төлдөг хэрэг. Тиймээс л “алтан”, бас “парашют” буюу өндөр дээрээс үхчихэлгүй зөөлөн газардах боломж олгодог хэрэгсэл гэж нэрлэсэн хэрэг. Дээр нэр нь гарсан Оросын төрийн мэдлийн “Ростелеком” компанийн экс захирлын жишээн дээр авч үзвэл Проворотовт төрийн мэдлийн компанийн захирлуудын зөвлөл нь гэнэт халагдсаны мөнгө гэж 200 сая рубль, дээр нь энэ улирлын шагнал гэж 29 сая рубль, ажиллавал авах ёстой байсан сарын цалин гэж гурван сая рубль гээд нийт 233 сая рубль өгсөн байна.Дэлхийн эдийн засгийн хямрал гэсэн нэрийн дор өдгөө хүртэл дуусаагүй явж байгаа таагүй үзэгдлээс улбаалан эгэл жирийн сая, сая хүн ямар ч нөхөн төлбөр энэ тэргүйгээр ажлаасаа халагдаж, цалингаа хасуулж байхад том захирлууд халагдахдаа хүртэл асар их хэмжээний нөхөн олговор авдаг нь олон нийтийн дунд ихээхэн бухимдал үүсгээд байгаа юм.
Жишээлэхэд, Европын “ЕАDS” корпораци нь 2007 охин компани болох “Аэробус”-ын захирал Ноэль Фожарыг албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа “алтан шүхэр” болгож 8,5 сая евро төлснийг европчууд мэдээд асар ихээр бухимдан уурласан. Учир нь, тэр жил “Аэробус” компани нь санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан гээд 10 мянган ажилтнаа цомхотголд оруулж байв. Гэтэл Фожарт төлсөн найман сая еврогоор олон мянган ажилтныг нэлээд хэдэн сар цалинжуулах боломжтой байв. Ийм таагүй үзэгдлийг арилгах заалтыг сонгуулийн хөтөлбөртөө оруулсан нь тухайн үед Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байсан Николя Саркозийг ялалт байгуулахад ихээхэн нөлөөлсөн гэдэг. Улмаар Саркози нь Ерөнхийлөгч болсныхоо дараа төсвөөс санхүүждэг, тусламж авдаг компанийн экс удирдлагад өгдөг “алтан шүхэр”-ийн хэмжээг хуулиар хязгаарласан юм.
2008 оны дэлхийн хямралын үеэр дампууруулахгүйн тулд АНУ-ын Засгийн газар 170 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн даатгалын “AIG” хувийн компанийн удирдах хоёр ажилтанд гэнэт халагдсаны дараахь “алтан шүхэр” болгож, нийт 53 сая ам.доллар төлөх гэж байсан нь олон нийтэд ил болсноор ихээхэн дуулиан тарьсан юм. Буруу удирдлагаас нь болж дампуурлын ирмэгт тулаад төрөөс тийм их хэмжээний мөнгө авч, дээр нь өчнөөн мянган ажилтнаа цомхотголоор халж, олон мянган үйлчлүүлэгчдийнхээ даатгалыг төлөхгүй байсан хоёрхон захирлыг халсны төлөө 53 сая ам.доллар өгөх гэж байгаа тухай мэдээ олон нийтийн хүртээл болсны дараа компаниуд нөхөн төлбөр өгөхөө зогсоосон байдаг. “AIG” даатгалын компанийн шат шатны удирдах ажилтнууд гэнэт халагдсаны мөнгө гэж нийт 600 сая ам.долларын бонус авах байснаа чадалгүй “шатсан” юм.
“General Motors” компанийн захирлуудын зөвлөлийн дарга, ерөнхий захирал Рик Вагонер гэгч нь тэтгэвэртээ гарсан. Гэхдээ сайндаа бүх албан тушаалаа орхисонгүй. Америкийн эдийн засагт их нөлөөтэй энэ компанийг дампуурч, олон мянган хүнийг ажилгүй болгохоос сэргийлэхийн тулд төрөөс зургаан тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн. Тусламж үзүүлэх олон нөхцөл байснаас нэг нь Вагонерийг огцруулах байж. Компани нь 2008 онд байгуулсан гэрээний дагуу захирлыгаа халбал нөхөн олговор гэж 23 сая ам.долларын “алтан шүхэр” төлөх ёстой байсан ч олон нийтийн дарамт шахалтын улмаас “ердөө” 8,6 сая ам.доллар төлсөн байдаг. Энэ мэт олон тохиолдол гарсны дараа Америкийн Засгийн газар төсвөөс тусламж авдаг компаниудын хамгийн өндөр цалинтай 20 албан тушаалтанд их хэмжээний “алтан шүхэр” өгөхийг хориглосон юм.
2012 оны хоёрдугаар сард Швейцарийн эм үйлдвэрлэгч “Novartis” компанийн захирал Даниэль Вазелла нь албан тушаалаасаа буусныхаа төлөө нөхөн төлбөр гэж 78 сая ам.долларын “алтан шүхэр” авах байснаа больсон байдаг. Удирдаж байсан компани нь ашиггүй ажилласан, ашигтай болохын тулд олон ажилтнаа цомхотгосон захирал халагдлаа гэж ийм их мөнгө авах гэж байгааг швейцарьчууд мэдээд улс даяар том дуулиан дэгдсэн нь ойлгомжтой. Халагдах, цомхотголд орж ажилгүй болохдоо хоёр эсвэл гурван сарын цалинтай дүйцэх хэмжээний нөхөн олговор авдаг жирийн иргэд асар их бухимдсаны дараа компани нь ийм том “алтан шүхэр” олгохоо больсон байдаг. Дээр нь өнгөрсөн оны гуравдугаар сард энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулаад хувьцаат компанийн удирдах албан тушаалтнуудын цалинд хязгаар тогтоодог болсон төдийгүй халагдахад нь их хэмжээний “алтан шүхэр” өгөхийг хуульчлан хориглохоор болсон.
Төрийн мэдлийн, төсвөөс тусламж авсан гэж онцлоод байгаа нь бас учиртай. Төрөөс ямар ч хамааралгүй зуун хувийн өөрийн хөрөнгөөр болгоод байдаг компанийн дотоод үйл хэрэгт төр хөндлөнгөөс оролцох эрхгүй. Тиймээс ашигтай ажиллаж байгаа компанийн захирал халагдахдаа хэдийг авах вэ гэдэг зөвхөн тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хэрэг. Харин татвар төлөгчдийн хөрөнгөөр бүрддэг төсвөөс санхүүждэг, тусламж авч байгаа бол өөр хэрэг. Гэхдээ төрөөс огт хамааралгүй хувьцаат компани байсан ч “алтан шүхэр”-ийг хязгаарлах боломж байдаг. Дээр нэр гарсан “Ростелеком” компанийн хувьцааны дийлэнхийг төр эзэмшдэг болохоор төрийнх гэж байдаг аж. Харин бусад цөөн хувьцааг хувь хүмүүс эзэмшдэг. Ийм асар цөөн хувийн хувьцаа эзэмшигч Ашурков гэгч хувь хүн экс захирлын алтан шүхэр хэрээс хэтэрлээ гэж шүүхэд заргалдсаны хүчинд л энэ асуудал олон нийтийн хүртээл болсон байна. Ашурков нь өөрийн эзэмшдэг цөөн ч гэлээ хувьцаанд ирэх ёстой ноогдол ашигт л санаа зовсон хэрэг.
Энэ асуудал манай улсад ч хурцаар сөхөгдөх байдал бүрдээд байгаа. Хэдхэн сарын өмнө төрийн удирдлагад байдаг банкны ТУЗ-ийн хэдэн нөхөр өөрсдийгөө сайн ажилласан гээд цохолтоор 90 сая төгрөгийн шагнал болгоод авчихсан байсан нь илэрсэн талаар уншигч та санаж байгаа байх. Энэ бол ялгаагүй л “алтан шүхэр”. Манайд “Эрдэнэт”, ТЭЦ гэх мэт төрийн өмчийн том компанийн захирлууд сонгуулийн дараа суудлаасаа буухдаа хэдий хэмжээний нөхөн төлбөр авдгийг мэддэг хүн цөөн. Та мэддэг үү?