Энэтхэгт 2008 оноос хойш нэгэн дуулиант хүн амины хэргийн эзэн хэн болохыг нийтээр хайж байгаа юм. Энэ бол гэртээ, унтлагын өрөөндөө гадны нөлөөтэйгөөр нас барсан Ааруш хэмээх 14 настай охины хүн амины хэрэг. Хэрэг гарсан 2008 оны тавдугаар сарын 16-наас хойш бараг долоон жилийн хугацаанд хэд хэдэн хүнийг сэжиглэн, барьж хорьж шалгасан ч эцэст нь эцэг эхээс нь өөр хэн ч энэ хэргийг үйлдэх боломжгүй гэж шүүх үзжээ. Өчигдөр болсон шүүх хурлаар Аарушын эцэг эх болох Ражеш, Нупур Талвар нарыг охиноо хөнөөсөнд буруутай гэж тогтоосон бөгөөд өнөөдөр болох хурлаар ялын тогтоолыг нь унших юм байна. Тэднийг нэг бол бүх насаар хорих эсвэл цаазын ял гэсэн хоёрхон сонголт хүлээж байгаа хэмээн Энэтхэгийн хэвлэлүүд бичиж байна. Гэвч тэд охиноо хөнөөх нь бүү хэл түүнийг бусдын гарт алдсан нь амьдралынх нь хамгийн хүнд уй гашуу болсон хэмээн мэдэгдэж байгаа юм. Тэд энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдэж, жинхэнэ гэмт хэрэгтнийг олох хүртэл тэмцэх болно, шүүхийн шийдвэр яаж ч гарсан давж заалдана хэмээн мэдэгджээ.
Ражешийн гэр бүл бол Энэтхэгтээ чинээлэг айлд тооцогдоно. Хоёул шүдний эмчээр ажилладаг тэдний гэр бүл ганцхан хүүхэдтэй байсан нь амиа алдсан Ааруш юм. Тэднийх Делигийн баячуудын дүүрэгт амьдардаг байсан бөгөөд Балбаас ирсэн нэг үйлчлэгч эрэгтэйтэй байж. Хэрэг гарсан даруйд Хемраж хэмээх тэр үйлчлэгчийг сэжиглэж байсан ч Аарушийг алагдсаны маргааш үйлчлэгч эрэгтэй ч бас түүнтэй адил толгойдоо гэмтэл авсан байдалтайгаар нас барсан байв. Энэ хэрэг ихээхэн дуулиан тарьсан болохоор хэрэг гарсны дараахь 24 цагийн дотор цагдаагийнхан дээр нэмээд хэвлэлийнхэн гэрт нь шавж, хэргийн ул мөр, баримт болох зүйлсийг бараг бүгдийг нь сүйтгэж орхижээ. Ингэж ихээхэн бүрхэг болсон хэргийг шалгах явцад Ражеш Талварын эмнэлэгт туслахаар ажилладаг нэг эрэгтэй, мөн хөрш айлын үйлчлэгч залуус гээд гурван хүнийг шалгасан ч эцэст нь эцэг эх дээр бүх сэжиг буужээ. Цагдаа нарт хоёр янзын сэжиг байсны нэг нь, Ааруш үйлчлэгч эрэгтэйтэй нэг оронд байж байгаад ээж аавдаа баригдсан гэсэн таамаг юм.

Ер нь, Аарушийг хөвгүүдтэй найзлах дуртай, гэрээсээ гадуур хонодог өөрөөр хэлбэл буруу хүмүүжилтэй хүүхэд байсан гэдэг яриа бий. Тийм ч учраас Ражиш, Нупур нарыг хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйн гайг одоо өөрсдөө үүрч байна гэх нь бий. Үүнээс гадна өөр нэг таамгийг цагдаа нар дэвшүүлсэн нь Ражиш Талвар эмнэлгийнхээ туслах бүсгүйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь охинд нь мэдэгдэж, улмаар ийм хэрэгт хүрсэн тухай. Гэвч энэ хоёрыг алийг нь ч батлах баримт алга байна.
Охины эцэг эх хоёрыг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа баривчилж шалгасан ч одоо хүртэл хангалттай нотлох баримт олоогүй байгаа юм. Тийм ч учраас прокурорын зүгээс шүүхэд хандаж, эцэг эхийг нь сэжиглэж байгаа ч тэднийг буруутгах хангалттай баримтгүй учир хэргийг хаах санал гаргасан байна. Гэвч шүүхээс хэргийг шүүн хэлэлцэхээр шийдэж 2011 оны дөрөвдүгээр сараас хуралдаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл сунжирсан нь энэ юм.