Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Өмнөд урсгал”-ын Серби дэх хэсэг баригдаж эхэллээ

Өнгөрсөн ням гарагт шатдаг хий дамжуулах “Өмнөд урсгал” хоолойн Сербиэр дамжих хэсгийг байгуулах ажлыг эхлүүлсэн байна. “Өмнөд Урсгал” шатдаг хий дамжуулах гол хоолой нь Оросын орд газруудаас олборлосон шатдаг хийг Хар тэнгисийн ёроол, Болгар, Серби, Унгар, Словениэр дамжин Итали гэсэн Төв ба Өмнөд Европын орнуудад хүргэх асар том төсөл юм. Хоолойг 2015 онд ажиллуулж эхэлснээр эдгээр улс болон Грек, Черногор, Хорват зэрэг орон жилд нийтдээ 63 тэрбум шоо метр хий нийлүүлдэг болох юм. Манай хойд хөршийн хувьд энэ төсөл нь стратегийн чухал ач холбогдолтой. Ийм ч болохоор хоолой тавих ажил эхэлснийг тохиолдуулан Ерөнхийлөгч Путиний явуулсан мэдэгдэлд “Энэ бол Сербийн болон Балканы хойгийн төдийгүй Европын хувьд чухал үйл явдал юм. “Өмнөд урсгал” нь Оросын шатдаг хийн асар баян орд газруудыг Европын зүүн өмнөд хэсгийн гол зах зээлтэй шууд холбоно. Ингэснээр Европын хэрэглэгчдийг транзит эрсдэлгүйгээр шатдаг хийгээр найдвартай хангаж эхлэх юм” гэжээ.

Оросуудын хувьд “транзит” буюу дамжин өнгөрүүлэх эрсдэлгүй гэдэг нь маш чухал.
ОХУ нь манайхтай адилаар байгалийн баялгийн экспортоосоо дэндүү их хамааралтай. Бүр тодруулбал, газрын тос, шатдаг хийн экспортоос маш ихээр хамаардаг. Энэ хоёр түүхий эдийн зах зээлийн үнэ, борлуулалтын хэмжээнээс эдийн засгийн хөгжил, цаашдын улс төрийн тогтвортой байдал, дэлхийн тавцан дээрх нэр нүүр нь шалтгаална. Иймээс манай хойд хөрш энэ хоёр гол стратегийн баялгийнхаа зах зээлийг тэлэхэд онцгой анхаардаг. Харин Америк, Польш, Балт орчмын орнууд зэрэг Оросыг хүчирхэг болохоос ямагт болгоомжлон эмээж ирсэн улсууд үүнд нь аль болох саад болохыг хичээдэг нь ойлгомжтой. 

Оросын шатдаг хийн гол хэрэглэгч нь Өрнөд Европ. Гэтэл өрнөд Европ руу шатдаг хий тээвэрлэдэг хоолой нь Украйн, Беларусь, Польш гэсэн хэдхэн улсаар дамжин Европт хүрдэг байлаа. Үүнээс болоод энэ гурван орны улс төрийн нөхцөл байдлаас хэт их хамааралтай болж хувирсан юм. Шинэ удирдлага гарч ирэх тоолонд л шатдаг хийн транзит экспортын талаар шинэчлэн тохиролцох, ойлголцох гэж цаг их зарцуулах, шийдэлд хүрэхээс нааш Герман, Австри гэх мэт Европ дахь гол хэрэглэгчдэдээ хий нийлүүлж чадахгүй болж, нэр хүндээ алддаг байв.

Украйнд улбар шар хувьсгалын дараа Америкийн талыг илэрхий баримтлагч Ющенко Ерөнхийлөгч болоход яг ийм байдал үүссэн. Ющенко нь Украйны ашигласан шатдаг хийн төлбөр төлөхгүй гэсэн төдийгүй  нутгаар нь дамжуулан Европ руу нийлүүлж байгаа шатдаг хийн транзит татварыг нэмэхтэй зэрэгцэн, өөрсдийн худалдан авдаг үнийг эрс бууруулахыг шаардсан. Оросууд ингээд гэнэт их алдагдал хүлээнэ гэдэгтэй эвлэрэхийг хүссэнгүй. Украйнтай удаан үргэлжилсэн хэлэлцээ явуулж байж тохиролцоонд хүрсэн юм. Энэ хооронд Европ дүн өвлийн хүйтнээр Оросын шатдаг хий авч чадалгүй “хөлдөх” шахсан. “Шатдаг хийн дайн” гэж нэрлэгдсэн ийм байдал Ющенкогоос хойш ёс юм шиг жил бүр үүсдэг болсон.

Үүний дараа шатдаг хийн хоолойн шинэ маршрут гаргах замаар транзит орнуудаас хамааралтай байдлаа эрс багасгахгүй бол цаашид хөгжих боломжгүй нь тодорхой болсон гэж болно. Хэрвээ энэ гурван улсаар дайруулан шинэ хоолой тавих замаар зах зээлээ тэлнэ гэвэл улам л хамааралтай болох нь илэрхий.
Тиймээс Оросууд хоолой тавих шинэ зам хайж эхэлсний үр дүн болж “Өмнөд урсгал” ба “Умард урсгал” гэсэн хоёр зам гарч ирсэн юм. Энэ хоёр хоолойн эхний хэсэг нь тэнгисийн ёроолоор тавигдан хэрэглэгчдэдээ шууд хүрснээр Украйн, Польшоос хамааралтай байдлыг эрс багасгасан аж. Харин Беларусийн хувьд оросууд энэ улсын нутаг дээрх шатдаг хий дамжуулах хоолойг бүхэлд нь худалдаад авчихсан болохоор айдгаа авдартаа хийсэн юм. “Өмнөд урсгал” нь нь Украйныг тойрон Хар тэнгисийн ёроолоор 900 км, нийт 2446 км урт үргэлжилсэн хоолой юм. Оросыг энэ мэтээр шатдаг хийн зах зээлээ эрчимтэй тэлж байгааг гол өрсөлдөгч болох Америк зүгээр хараад суусангүй. Төсөлд оролцогч орнуудад нөлөөлөх гэж янз бүрийн арга хэрэглэсэн гэж болно. 2012 онд тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нь Болгарын эрх баригчдад хандан Оросын шатдаг хий ашиглахаас бүрмөсөн татгалзаж, занарын хий олборлоход шилжихийг уриалаад үүнд нь мэргэжилтэн, техникийн тусламж үзүүлэхэд бэлэн гэж байсан нь үүний нэг жишээ.

Мөн “Өмнөд урсгал”-ын гол өрсөлдөгч болсон “Набукко” нэртэй шатдаг хий дамжуулах өөр төслийг санал болгож байв. “Набукко” төслийг хэрэгжүүлсэн тохиолдолд Оросын шатдаг хийн орд газруудыг ашиглалгүйгээр Туркмен болон Азербайжаны шатдаг хийг Оросоор дайруулалгүй Гүрж, Туркээр дамжуулан Болгар, Унгараар явж Австри хүргэх ёстой байв. Гэвч энэ төсөл нь хэрэгжилгүй зогссон. 

Харин “Умард урсгал” нь тус бүр нь 1224 км урттай хоёр зэрэгцээ хоолой бүхий жилдээ нийтдээ 55 тэрбум куб метр шатдаг хий дамжуулах чадвартай хоолой. Энэ хоолой нь Балтийн тэнгисийн ёроолоор тавигдсан хоолойгоор дамжуулан Оросын Выборгоос Германы Грайфсвальд шууд хүрдэг. Германаас Өрнөд Европын хий дамжуулах системд холбогдон цаашаа Бельги, Дани, Франц, Нидерланд, Их Британи гэсэн орнуудыг шатдаг хийгээр хангадаг. Хоолойг далайн ёроолоор тавьснаар таагүй харилцаатай байдаг Латви, Литви, Эстон, Украйн болон Польшийн нутгийг алгасах боломжтой болсон юм. Эдгээр улс нь энэ хоолойг тавихыг зүйл бүрээр эсэргүүцсэн ч оросууд санасандаа хүрсэн.
Энэ мэтээр оросууд зах зээлээ тэлэх, транзит орнуудын тоог цөөлөх замаар бодит үр дүнтэй төслүүд хэрэгжүүлэх тоолонд Оросын шатдаг хийнээс Европын хамаарах байдал улам нэмэгдэж байгаа нь цөөнгүй улсын сэтгэлийг түгшээж эхэлсэн. Монополь эрхтэй компани зах зээлийн үнийг бусдад тулган хүлээлгэх замаар ашиг, орлогоо чинээнд нь тултал нэмэгдүүлдэг нь нууц биш. Үр дүнд нь жирийн хэрэглэгчид хамгийн  ихээр хохирдог.

Тиймээс Азербайжан, Туркменистан, Казахстан зэрэг орны орд газар, нөөц боломжийг ашиглах замаар нийлүүлэгчдийн тоог нэмэх, өрсөлдөөн бий болгон үнийг зохицуулах талаар их яригдаж байгаа. Жишээлэхэд, Туркменийн шатдаг хийг Каспийн тэнгисийн ёроолоор тавьсан хоолойгоор Азербайжан руу татаж тэндээсээ дээр нэр гарсан “Набукко” гэх мэт хоолойгоор Европ руу нийлүүлдэг болох цөөнгүй төсөл бий. Мөн Америкчуудын нэвтрүүлээд байгаа занараас шатдаг хий гаргаж авах хувилбарыг сүүлийн үед маш эрчимтэй сурталчилж буй. Америк удалгүй занарын шатдаг хий ба газрын тосны олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг болж, илүүдлээ Европ руу экспортлох замаар оросуудыг зах зээлээс аажмаар шахаж эхлэх тухай ч яригддаг.

Дээр нь “Европын эрчим хүчний багц хууль”-ийг баталсан. Энэ хуулийн дагуу дараа жилээс эхлэн олборлогч нь нэгэн зэрэг шатдаг хий дамжуулах үүргийг гүйцэтгэх хориотой болох юм. Ингэснээр “Газпром” гэхэд л “Умард урсгал”, “Өмнөд урсгал” хоолойнуудад зөвхөн шатдаг хий нийлүүлэх ажил хийнэ. Харин хоолойг улсын эсвэл хувийн өөр компани хураан мэдэлдээ авч бүрэн захирдаг болно. Ингэснээр Европын хэмжээнд эцсийн хэрэглэгчид хүрч байгаа шатдаг хийн үнийг нэлээд бууруулах боломжтой гэж үзжээ. Харин энэ бол асар хөрөнгө оруулалт хийж барьсан хоолойнуудаа шууд хураалгана гэсэн үг тул оросуудад тун ч ашиггүй хувилбар.

Нэг талаас Оросын шатдаг хий Европт зайлшгүй хэрэгтэй ч аль болох хямд авмаар байдаг. Нөгөө талаас оросууд шатдаг хийгээ Европт борлуулахаас өөр газаргүй ч аль болох үнэтэй, давуу эрхтэй гэрээ хиймээр байдаг. Тэгэхээр шатдаг хийн дайн цаашид бүр ч их өрсөлдөөнтэй нөхцөлд үргэлжилсээр байх бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан