ОХУ-ын Хилийн асуудал хариуцсан зохицуулах зөвлөлийн хурлаар Монголтой хиллэдэг хилийн асуудлыг хэлэлцэж хил давдаг мал, хамгийн гол нь хар тамхи их хэмжээгээр орж ирж байгаа тухай ярьсан байна. Улан-Үдэд болсон энэ хуралдаанд Буриадын төрийн тэргүүн Вячаслав Наговицын оролцох байсан ч уулзалт давхацсан учраас байгаагүй байна.
Энд Монголын хилээр мана чулуу хууль бусаар хил давуулах, хил даван орж ирж байгаа хятад монголын цагаач иргэд их байгааг тэмдэглэжээ. Мөн хүнээс гадна олон тооны мал хил давж байгааг ч бас ярьсан байна.
Мал орж ирэх нь өвчин тархаах аюултай
-Олон тооны мал хил давж орж ирж байгаа нь холбооны болоод бүгд найрамдах улсын хилийн тухай хууль, хилийн дэглэмийг зөрчиж байгаа хэрэг хэмээн Холбооны аюулгүйн албаны Буриадын удирдах газрын Хилийн газрын даргын орлогч Владимир Цыдыпов хэлээд сул мал хил давахаас гадна малчид малаа хил давуулан маллах явдал ч байгаа, буруутай хүмүүст захиргааны хариуцлага тооцож байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна гэжээ. Хамгийн гол нь хил давж байгаа мал хилийн дэглэм зөрчихөөс гадна төрөл бүрийн өвчин тээж ирж байгаа гэсэн байна.
-Монголчууд малаа эрүүлжүүлэх, эрүүл ахуйн арга хэмжээ авч байгаа хэдий ч үүнд хамрагдаагүй мал хяналтгүйгээр орж ирж өвчний халдвар тарааж байна гэж тэр онцолжээ.
Хөрш маань эрүүгийн элемент
Буриадын Закаменск, Окин, Жидиний районууд хөрш улсын эрүүгийн элементүүдийн нөлөөнд автаж байгаа хэмээн энэ хурал дээр онцлон ярьсан байна. Монголын хилийн дагуух аймгуудад эрүүгийн нөхцөл байдал улам дордож байгааг Цыдыпов тэмдэглэжээ.
-Энэ бол хилийн дэглэм, хууль зөрчих, аажимдаа манайд гэмт хэрэг өсөхөд хүргэж мэдэх юм гэж тэр анхааруулжээ.
Монголын талаас хар тамхи хууль бусаар тээвэрлэх нь нэмэгдэх хандлагатай байгааг мансууруулах бодистой тэмцэх албаныхан нь хэлээд авсан байна.
-Сүүлийн үед ирж байгаа мэдээгээр бол Монголын хилээр хар тамхины хууль бус наймаа, тээвэр нэмэгдэж байна гэж Хар тамхинд хяналт тавих холбооны албаны Буриадын удирдах газрын тэргүүн Борис Инхереев мэдээлжээ. Тэдний мэдээлснээр бол Монголд хар тамхины төрлийн конополийн талбайтай, энэ нь буриадынхаас багагүй болж үүнийг эрхэлдэг 450 хүн байгаа гээд энэ нь буриадын иргэдэд нөлөөлж байгаа гэсэн байна.
Энд бас Сибирь дэх хар тамхины зах зээл сүүлийн жилүүдэд нэлээд өөрчлөгдсөн гээд хар тамхины төрлийн уламжлалт бодисуудаас гадна сүүлийн үед нийлмэл бодис ихээхэн газар авч байгаа. Хятадад үүнийг “Дизайнер маягийн хар тамхи гэдэг” гэжээ.
Их хэмжээний мөнгө, хууль бус бараа
Хилээр хууль бус бараа бүтээгдхүүн оруулах явдал багагүй тулгамдсан асуудал болж байна. Зөвхөн энэ оны эхнээс гэхэд л Буриадын гаалийн алба хилээр хууль бус бараа бүтээгдхүүн оруулж ирсэн асуудлаар эрүүгийн найман хэрэг үүсгэн шалгаж байгаа нь 2012 оны ийм хугацаатай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт гэжээ. Энэ дотор мод модон бүтээгдхүүнтэй холбоотой хэрэг зургаа нь байгаа юм. Нэг нь хилээр их хэмжээний мөнгө оруулах гэсэн хэрэг, нөгөө нь мана чулууны хэрэг байжээ.
Ийнхүү манай умард хөршүүд биднээс болгоомжилж байгаагаа ярьсан байна.