Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлигад автагдсан гишүүдэд ард түмэн дарамт үзүүлжээ

Сүүлийн хэдэн жил дэлхий нийтээрээ авлигын эсрэг эрс шийдэмгий арга хэмжээ авсан гэж болно. Дарангуйлагч засаглалтай ч байгалийн баялаг ихтэй ядуу орны улстөрчдөд авлига өгч, уурхай, үйлдвэр байгуулах нь эргээд дэлхийн хэмжээнд ядуурал, өлсгөлөнг нэмсээр байна гэж үздэг. Тиймээс өрнөдийн дийлэнх орон гадаадад ажиллаж байгаа том компани, корпорацын төлөөлөгчдийг тухайн улсын эрх баригчдад авлига өгөхийг эх орондоо аль нэг албан тушаалтанд авлига өгсөнтэй адилтган үзэж шийтгэл ногдуулдаг болсон. Мөн авлигад өртсөн улстөрчид, албан тушаалтнуудыг илрүүлдэг байгууллага манайхаас эхлээд бусад олон улсад шинээр байгуулагдсан. Гэхдээ төрийн байгууллага авлигыг илрүүлэхэд биш харин нийгэм бүхэлдээ, жирийн иргэд авлигыг хэрхэн хүлээж авч байна гэдэгт хамгийн гол нь байгаа гэдгийг эрдэмтдийн явуулсан олон тооны судалгаа харуулж байгаа юм. Жишээлэхэд, ажлаа бүтээхийн тулд аль нэг албан тушаалтныг үдийн хоолоор дайлахыг авлига гэж үзэх үү? гэсэн асуулт байна. Манай улсын хувьд үдийн хоолоор дайлах “төдийг” авлига гэж үздэг иргэн ч ховор, албан тушаалтан бол бүр байхгүй. Гэтэл үдийн хоолоор дайлуулсан дайлуулаагүй ч хуулийн дагуу тухайн хүний хүсэлтэд албан тушаалтан хариу өгөх ёстой болохоор таваг шөл ч авлига болж таардаг.

Харин ямар ч эрх мэдэлгүй мөртлөө авлига гэдгийн муу муухайг ухамсарлан ойлгосон эгэл ард ямар их нөлөөтэй байдгийг харуулсан үйл явдал Парагвайд өрнөж байна. 1954-1989 он хүртэл Стресснер гэх генералын дор дарангуйллын засаглалтай байсан, жинхэнэ ардчилсан засаглалтай болоод цөөн жил болж байгаа энэ улс авлигын түвшинээрээ дэлхийд ямагт дээгүүр ордог. Эрх баригч элитүүд нь сонгуулийн үеэр л эгэл ардыг хүн гэж үздэг, бусад үед юу дуртайгаа хүссэн үедээ хоорондоо тохиролцон хийдэг улс.

Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг ямар байдаггүй гэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт нэгэн тун ч дуулиантай бөгөөд үлгэр жишээ авмаар үйл явдлын эхлэлийг тавьжээ. Тус улсад эрх барьж байгаа “Колорадо” намаас сенатад сууж байгаа Виктор Богадо гэгчийг авлига авсан хэргээр буруутган эрх мэдлийг нь түдгэлзүүлэх санал хураалт явагджээ. Ингэтэл 23 гишүүн Богадогийн эрхийг түдгэлзүүлэхийн эсрэг санал өгснөөр мөрдөн байцаагдах, цаашлаад шүүхэд дуудагдахаас нь аварсан юм байна.

Богадо гэгч гишүүн нь тун ч дуулиантай нэгэн. Авлигатай холбоотой элдэв хэргийн гол баатар олон удаа болж байсан. Жишээлэхэд, хүүхдийнхээ асрагч эмэгтэйг парламентын дээд танхим буюу сенатын гишүүн гэж хуурамчаар бүртгүүлэн өндөр цалин авдаг, мөн дэлхийн хамгийн том усан цахилгаан станцуудын нэг болох “Итайпу”-д өндөр албан тушаал хашдаг гэж мөн л хуурамчаар бүртгүүлэн өндөр цалин авдаг байсан нь шалгалтаар илэрсэн аж. Авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан ийм илэрхий баримт байсаар атал “найз”-ууд нь өмөөрч хэргээс мулталсан аж. Энэ нь жирийн иргэдийн дургүйцлийг асар их хүргэсэн нь ойлгомжтой. Олон жилийн өмнө жирийн иргэд “Ингээд л нэгнийгээ мултлаад өнгөрдөг юм” гээд зүгээр л орхих байсан биз. Харин энэ удаад тэгсэнгүй.

Богадог аврахын төлөө санал өгсөн 23 сенатчийн нэг болох Оскар Гонсалес Даэр гэгч нь пиццаны газар эхнэрээ дагуулсан орсноор хамаг дуулиан эхэлжээ. Эхнэрийн хамт тайван газар тухлан пицца идэхээр ирсэн гишүүнийг ширээний ард дөнгөж суумагц тэр газрын үйлчлүүлэгчид бүгд  уурлан хоорондоо шивэр авир гээд ярилцаад эхэлж. Төд удалгүй тус газрын зөөгч нь ирээд “Энд сууж байгаа хүмүүс Виктор Богадог өмгөөлдөг сенатын гишүүдэд дургүйцэж байна” гээд үйлчлэх боломжгүй тул өөр газар орохыг их эелдгээр хүсчээ.
Даэр анхандаа уурлах гэж үзсэн боловч тойрон сууж байгаа хүмүүс үнэхээр их бухимдсан байгааг хараад арга буюу тус цайны газраас гарахад хүмүүс хойноос нь “луйварчин, зайл” гэж орилж байсан гэнэ. Энэ үйл явдлаас жишээ авсан жирийн иргэд Богадог өмөөрөн саналаа өгсөн бусад 23 сенатчдыг хаа явсан нь газар нь эсэргүүцсэн, шахаж хавчсан үйлдэл хийх болсон байна.

Жишээлэхэд, оршуулгын ёслолд оролцохоор ирсэн сенатын гишүүнийг бусад нь “муухай харсаар” зугатахаас аргагүй болгосон. Тансгаараа алдартай зоогийн газарт ирж оройн хоол идэж байсан өөр нэг сенатчийг бусад үйлчлүүлэгч нь хөөж гаргасан байна. Энэ арга хэмжээ зөвхөн зоогийн газраар хязгаарлагдсангүй 23 сенатчийг кино театр, эмнэлэг, баар, шатахуун түгээгүүрийн газар гээд хаа явсан нь газар нь “луйварчин”-аар нь дуудан үйлчлэхээс татгалзан хөөж, тууж эхэлжээ.
Жирийн иргэдийн энэ бухимдлыг Парагвай даяар үйлчилгээний газрын эзэд ихээр дэмжсэн нь бас онцлог. Нөлөө бүхий хүнд үйлчлэхээс татгалзлаа гээд дараа нь элдэв шалгалт, торгууль энэ тэр ирэх байсан ч тэд айлгүй ард олноо дэмжсэн байна. Тухайлбал, 60 гаруй жилийн түүхтэй алдартай зоогийн газрын эзэн Мария Кристина Досе  “Энд авлигын ганц хоёр тохиолдлын эсрэг эсэргүүцэл илэрхийлсэн тухай яригдаагүй байна. Харин улстөрчид ямар ч зэм, хариуцлага хүлээлгүйгээр гэмт хэрэг үйлдэж байгааг эсэргүүцэж байгаа юм” гэжээ.
Өөр нэгэн зоогийн газрын эзэн Педро Вальенте нь авлига авсан сенатчийг өмөөрсөн 23 гишүүний зургийг томоор хэвлэн ханандаа өлгөж, тэдэнд ямар ч тохиолдолд үйлчлэхгүй гэсэн анхааруулга бичжээ. Тэрээр “Ард түмэн тэднээс бүр залхаж гүйцээд байна. Хэрэв энэ аян цааш үргэлжилбэл тэд зөвхөн гэртээ л хоол хийж иддэг болох байх” гэжээ.

Тун зөөлөн хэлэхэд энэ арга хэмжээ нь ямар ч хүнд маш хүнд тусах нь ойлгомжтой. Оршуулгын ёслолд ирчихээд хөөгдөөд явна гэдэг байж боломгүй хүнд доромжлол бас дарамт. Дээр нь энэ 23 гишүүн эхнэртэй, хүүхэдтэй, хамаатан садантай. Тэднийг нь дэлгүүр орохоос эхлээд үсээ засуулах, цайны газар суухад нь “Чи нөгөө гишүүний эхнэр /хүүхэд/ байна” манайх үйлчлэхгүй гээд шахаад эхлэхээр тун ч таагүй байдалд орох нь гарцаагүй.

Парагвайн сенатын гишүүдийг таван жил тутам сонгодог. 2013 онд болсон сонгуулиар сонгогдсон гишүүдийн эрх 2018 онд дуусна. Тэр үед энэ 23 гишүүн аймшигтай, улайм цайн луйвар л хийдэггүй юм бол дараагийн сонгуулиар дахин сонгогдох нь юу л бол. Цаашлаад, эрх барьж байгаа “Колорадо” намын нэр хүнд ч энэ хэргийн дараагаар “навс” унасан нь ойлгомжтой. Тиймээс парламентын дээд танхим гэлтгүй доод танхимд ч ялалт байгуулах нь тун асуудалтай болж хувираад байна. Юу ч хийсэн, хэн ч, юу ч хэлж чадахгүй гэсэн бат итгэлтэй явсан улстөрчдийн хувьд жирийн иргэдийн энэ эсэргүүцэл маш хүнд цохилт болсон нь ойлгомжтой. Тиймээс цаашид илэрхий луйвар хийгээд баригдсан нэгнээ өмөөрөхийн өмнө тунгаан боддог болох нь гарцаагүй. Учир нь, улстөрч хүний хувьд сонгуулиар ялалт байгуулах боломжгүй болж, улс төрийн тавцангаас арчигдана гэдэг үхсэнтэй адил.

Тодруулга:


Парагвай нь Өмнөд Америкийн төв хэсэгт оршдог, 6,5 сая хүн амтай улс. Тус улсын өмнө тулгараад байгаа хамгийн том асуудал нь ядуурал. 1999 онд тус улсын хүн амын 59 хувь нь ядуу байсан бол 2011 онд энэ үзүүлэлт нь ердөө 49,6 хувь хүрч л буурсан. Нэн ядуу, өөрөөр хэлбэл гуйланчлын түвшинд хүн амынх нь 28 хувь амьдардаг. Баян ба ядуугийн хооронд эрс ялгаатай. Энэ ялгаа нь огт арилахгүй байгаа. Тус улсын хүн амын хамгийн ядуу 10 хувь ба хамгийн баян 10 хувь хоорондын орлогын ялгаа нь 2001 онд 55 дахин зөрүү байсан бол 2011 онд 53 дахин болж үл мэдэг буурчээ. НҮБ-аас гаргадаг Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр тус улс 2000 онд 81 дүгээр байранд байснаа 2012 онд 111 дүгээр байранд орж эрс доошилсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан