2008 оны нэгэн өдөр. Марибель Мурильо өөрийн дадал болсон ёсоор өглөө босоод хоолныхоо мөнгийг олох ажлаа эхлэв. Тэр өдөржин гудамжинд хоол хийж зардаг. Гурилаа зуурчихаад гарах гэтэл нөхөр нь орж ирэв. Гудамжныхан нь түүний нөхрийг өөр эмэгтэйтэй болсон талаар ярьсан ч бүсгүй хүүхдүүдээ бодоод чимээгүй амьдарсаар л байж. Гэтэл их ширүүн дориун ууртай орж ирсэн нөхөр нь тэдний оромжийг зарахаар боллоо гэхэд хэдэн жилийн хүч хөдөлмөрөөрөө олсон ганцхан зүйлээсээ бүсгүй салахыг хүссэнгүй. Нүд улаанаар эргэн уурссан нөхөр нь ширээн дээрх том гэгчийн хутгыг шүүрэн авч бүсгүйн хоёр гарыг тасдахдаа түүнийг өөрийг нь араар тавьж байгааг сонссон хэмээн хашгирчээ.
Гондурасын хамгийн аюулгүй бас хамгийн ядуу дүүрэг La Nueva Australia –д сэтгүүлч энэ бүсгүйтэй таарчээ. Хамаг хүчээ шавхаад байна уу гэлтэй нэг ч удаа дээш эгцэлж харалгүй өнгөрсөн амьдралаа ярих бүсгүй хацар даган урсах нулимсаа ч арчих чадалгүй харагдсан гэдэг.
Бүсгүй хоёрхон настай охин нь энэ аймшигт хэргийг гэрч болж, өнөөдрийг хүртэл тэрхүү аймшигт цочролоо гарч чадахгүй болсон тухай ярихдаа л сая нулимсаа арчив. Өнөөдрийг хүртэл дуугаа хураах охин нь тухайн үед цусан далайд живсэн мэт харагдаж байсныг бүсгүй дурсаад охин минь л амьд үлдсэн нь их юм хэмээн бурхандаа залбирч байдгаа өгүүлж. Шалан дээр ухаангүй хэвтсэн бүсгүй цусанд хутгалдсан охин хоёрыг хөрш нь харж, эмнэлэг дууджээ. Эмч нар бүсгүйг амьдрахгүй гэж байлаа. Гэвч тэр амьдарч чадсан аж. Хэдийгээр нөхөр маань хоёр гаргүй болгосон ч амьдралыг зориг зорилгыг минь мохоож чадаагүй шүү гэдэг.
Марибель 37 настай, дөрвөн хүүхэдтэй. Өнөөдөр ч тэрээр гудамжны хоолоо зарсаар амьдралаа залгуулж байна. Тэр гурилаа машинаар зуурдаг болсон бөгөөд ажид нь хүүхдүүд нь тусладаг.
Гондураст өнөөдрийг хүртэл эрчүүдийн хэрцгийлэл асуудал болсон хэвээр байна. Хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн түүний аав ээжийг хэрхэн зодож, доромжлохыг харж өсдөг. Элдэв үгээр доромжлоод зогсохгүй эмэгтэй хүнийг дорд үзэх үзлээрээ тэднийг зодож бүүр амь насыг нь бүрэлгэх нь энүүхэнд. Хэдийгээр Марибельд амьдралын төлөөх их зүтгэл хүсэл эрмэлзлэл байвч тэр Гондурасын зовлон зүдгүүр амсч байгаа бүсгүйчүүдийн л нэг юм. Латин Америкийн эрүүл мэндийг хамгаалах байгууллагаас Гондурас дахь эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эмгэнэлийн төвшинд хүрсэн гэж тодорхойлдог. Тус улсад 15 цаг тутам нэг эмэгтэй нас барж байна гэсэн баримт ч бий. Марибель нэг ч амсхийлгүй гудамжны хоол бэлтгэнэ. Тэр үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулна.
“Хүүхдүүд чинь аавыгаа дурсдаг уу” гэхэд тэрээр “ Тэд тэр хүний нэрийг сонсоод л дагжин чичирдэг. Бяцхан Брейли маань тэр хүний талаар юу ч санадаггүй. Харин ах эгч нар нь тэр хүний тухай яриа гарахад л нулимс нь урсдаг” гэв.
Мэдээж алгагүй, хуруугүй байна гэдэг ажил хийх чадвараа бүрэн алдлаа л гэсэн үг. Гэвч бүсгүй “ Миний хувьд ажил хийхэд хоол хийхэд түүртээд байх зүйл алга. Хамгийн гол нь үйлчлүүлэхээр ирсэн хүмүүс намайг тахир дутуу нэгэн гэж хардаг. Хүүхдүүд надаас айдаг. Гэвч энэ таван жилйин хугацаанд амьдрал намайг илүү хүчтэй байхыг шаардах болсон. Юу ч болсон би үр хүүхдийнхээ төлөө амьдрах ёстой шүү гэдгээ мэдэрдэг” гэв.
Тэр өөртөө итгэлтэй дуугаар энэ үгийг хэлсэн. Түүний эхний зорилго бол байшингаа барьж дуусгах. Энэ л оромжоо өөрийн байлгахын тулд тэр хоёр гараасаа салсан. Харин нөхөр нь тэр өдрөөс хойш огт үзэгдээгүй гэнэ.