Интернэтэд “Assassination Market” буюу “Хөлсний алуурчдын зах” нэртэй шинэ сайт нээгдсэн тухай “Forbes” сэтгүүл мэдээлж байна. Энэ сайтын хэрэглэгчид нь нэртэй улстөрчдийг хөнөөхөд шаардлагатай мөнгө хандивладаг аж. Сайтын хэрэглэгчид хандивлагч болон хэрэглэгчийн хаяг, нэрийг нууцлах боломж олгодог дижитал буюу виртуал мөнгөн тэмдэгт болсон биткоиныг аль нэг улстөрчийг устгуулахаар хандивлах замаар ажилладаг гэдгийг сэтгүүлчид тодруулсан байна. Хэрэв аллага үйлдэгдвэл үйлдсэн этгээд нь хандивласан бүх виртуал мөнгийг авна. Ингэхдээ ердийн интернэт хэрэглэгчид энэ сайтад хандах боломжгүй бөгөөд зөвхөн сервер ашигладаггүй нууцлагдсан “Tor” сүлжээний хэрэглэгчид л нэвтрэн үзэж болдог гэнэ. “Assassination Market” сайт нь дөрвөн сар гаруй ажиллахад сайт дээр хэд хэдэн захиалга тавигдсан байна. Тухайлбал, хэрэглэгчид нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн дарга Кит Александер ба Ерөнхийлөгч Барак Обамагийн амийг хөнөөхөөр хандив өгч эхэлжээ.
Хэрэглэгчдийн зүгээс хамгийн их хандив цуглуулсан “бай” нь Америкийн Холбооны нөөцийн тэргүүн Бен Бернанке болсон байна. Бернанке нь биткоин буюу виртуал мөнгө тархахыг эсэргүүцэгч гол хүн гэдгээрээ интернэт хэрэглэгчдийн дунд алдартай болохоор ингэж байгаа гэнэ. Одоогоор Бернанкег алуулахын төлөө “Tor” сүлжээний хэрэглэгчид 124 биткоин хандивлаад байгаа нь одоогийн ханшаар 85 мянган ам.доллартай дүйцжээ.
Энд биткоин нэртэй виртуал мөнгө буюу виртуал валютын талаар зарим тайлбар хийх хэрэгтэй байх. Биткоинийг сүлжээгээр тарааж байгаа этгээд нь ямар нэг баталгаа гаргадаггүй гэдгээрээ электрон мөнгө, бэлэн бус тооцооноос ялгаатай. Биткоин нь материаллаг эд биш бөгөөд зөвхөн тодорхой тооны нөхцөлтэй холбоотой тооны дараалал юм. Тоог дагалдаж байдаг тодорхой нөхцлийг бүгдийг нь хэрэгжүүлж чадсан хүн тухайн биткоинуудыг ашиглах боломжтой.
Хамгийн наад захын шаардлага гэхэд л биткоин хаягтай байх бөгөөд үүнээс гадна өөр бусад шаардлага тавигдаж болно. Биткоиныг зөвхөн энэхүү төлбөрийн систем дотор л ашиглаж болно. Төлбөрийн чадвар нь валют гэх мэт өөр бусад үнэт цааснаас ямар ч хамааралгүй. Биткоин ба аливаа нэг орны валют хоорондын ханш нь зөвхөн эрэлт ба нийлүүлэлтийн харьцаанаас хамаарна. Хэдий чинээ олон батлагдсан, хэрэглэгдсэн биткоин хаягтай байна тэр хэмжээгээр биткоиныг сүлжээнд тараах үед урамшуулал хэлбэрээр их хэмжээгээр нь авах боломжтой гэнэ. Ерөнхийдөө иймэрхүү. Энэ виртуал валют хэрэглэж байгаа хүний нэр, хаяг, байрлал зэргийг тогтоох боломжгүй. Эзэмшиж байгаа хүн нь хүсвэл тусгай сайтаар нэвтрээд тухайн үеийн ханшаар бодит валют болгож солих боломжтой. Тэгэхээр дээр гарсан 85 мянган ам.доллар нь ханшийн хэлбэлзлээс болоод 100 мянга эсвэл 50 ам.доллар ч болж болно гэсэн үг. “Assassination Market”-ийг үндэслэгч гэж өөрийгөө танилцуулсан хүн “Forbes” –ын сэтгүүлчтэй захидлаар харилцахдаа удахгүй шаардлагатай хэмжээний улстөрчдийг устгахад хангалттай олон тооны хэрэглэгчтэй болно гэжээ. Ингэснээр улстөрчдийг төрийн ямар нэг албан тушаал эзлэхээс айдаг болгох зорилготой гэнэ. Үр дүнд нь “Assassination Market” сайт нь дэлхий даяар бүх Засгийн газрыг устгах юм байна.
Үүнээс өмнө “Tor”сүлжээ нь бас нэгэн дуулиантай үйл ажиллагаа явуулах боломж гаргаснаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төвд орж байсан юм. Энэ тухай манай сонин ч мэдээлж байсныг уншигч та санаж байгаа байх. 2013 оны аравдугаар сард Америкийн тусгай албад “Tor” сүлжээг ашиглан хар тамхи, мансууруулах бодис чөлөөтэй наймаалдаг “Silk Road” нэртэй интернэт дэлгүүр үүсгэн байгуулагч Росс Уильямс гэгчийг баривчилсан нь дуулиан тарьсан билээ. Интернэт дэлгүүрийн үйлчлүүлэгчид хоорондоо тооцоо хийхдээ энд нэр гарсан биткоин виртуал валютыг ашигладаг байсан аж. Интернэт дэлгүүр нь хар тамхи, мансууруулах бодис наймаалдаг байсан төдийгүй захиалгаар хүний амь бүрэлгэх үйлчилгээг ч санал болгосон нь илэрсэн юм. Россыг баривчлагдсаны дараа дуулиант дэлгүүрийг хаасан гэж байсан ч удалгүй дахин ажиллаж эхэлсэн байна.
“Тоr” сүлжээ нь сервер ашигладаггүй, хэрэглэгчдийн компьютерүүд хоорондоо шууд холбогдох замаар ажилладаг болохоор төв, “админ”, гол удирдагч, зохицуулагч гэх мэт зүйлс байхгүйгээрээ онцлог. Ийм ч болохоор энэ мэт сайт, интернэт дэлгүүрийг хэн нээж ажиллуулсан, төв нь хаана байдгийг тогтоох бараг боломжгүй. Дээр нь хоорондын тооцоогоо биткоиноор хийдэг болохоор банкны данс, картын гүйлгээ гэх мэт зүйлсийг хянах замаар мөнгөний урсгалыг хянах цаашилбал хууль бус наймаа хийсэн гэдгийг тогтоох аргагүй байдаг нь элдэв бохир бизнес эрхлэгчдэд сайхан боломж олгодог ажээ.
Манай улсад “ТВ чат” гэгч зүйл дөнгөж нэвтэрч эхлэхэд нэгнээ мөнгө өгч зодуулаад амийг хөнөөсөн, худалдсан гэх мэт санаанд оромгүй хачирхалтай хэрэг гарч нэлээд дуулиан тарьсныг та санаж байгаа байх. Тэр үед хууль хяналтын байгууллагууд шуурхай ажиллан захиалагч ба гүйцэтгэгч нарыг цаг алдалгүй баривчлан хуулийн шийтгэл ноогдуулж байсан. Гэтэл энд нэр гарсан сүлжээ, виртуал валютын хэрэглээ хүрээгээ тэлээд эхэлбэл юу болохыг таахад бэрх. Учир нь хэн захиалсан, хэдэн төгрөг төлсөн гэдгийг төдийгүй, ер нь захиалга өгсөн эсэхийг нь тогтоох боломжгүй болж хувирна.
Компьютер, нөүтбүүк, интернэт гэх мэт зүйлстэй танилцаад харьцангуй цөөхөн жил үдэж байгаа манай улс саяхан гаргасан судалгаагаар хулгайн компьютер,смартфон, нөүтбүүкийн борлуулалтаараа дэлхийд толгой цохидог орны нэг болж тодорсон нь үүний нэг жишээ.
Цаашилбал, сүүлийн үед тэр болгон дуулдаад байдаггүй л болохоос энэ орчинд хүүхдүүд, өсвөр насныхан нэгнийгээ сүрдүүлэх гэмт хэргийн чанартай зүйл ихээр хийгдэх болсон тухай яригдаад байгаа. Тухай бүрт хохирогчид нь хууль хяналтын байгууллагад ханддаггүй болохоор мэдэгдэлгүй өнгөрдөг аж. Жишээлэхэд, онлайнаар холбогдсон хэрэглэгчид баг болон талцаж байгаад нэгнээ буудаад байдаг “Counterstrike” нэртэй тоглоом байдаг. Олон жилийн өмнө зохиогдсон ч одоо хүртэл олон тоглогчтой байгаа энэ тоглоомын сервер манайд цөөнгүй. Гэтэл өөрийгөө “хакер” гэж нэрлэсэн зарим хүүхэд сайтуудыг нь алсаас нэвтрэх боломжгүй болгочихоод дахиж ажиллуулмаар байвал “дансанд тэдэн төгрөг, энэ дансаар тэдэн төгрөг шилжүүл” гээд сүрдүүлэх нь хэвийн үзэгдэл болсон гэнэ.
Ер нь, манай хууль хяналтын байгууллагууд энэ мэт сүлжээ, виртуал валют хэргийн талаар эртнээс арга хэмжээ авч ор тас хориглодоггүй юм гэхэд ядаж хянаж зохицуулдаг хууль батлах арга хэмжээ эртнээс авч байхад илүүдэхгүй байх. Манайд орж иртэл өдий гээд суух нь нөгөө сүх далайтал үхэр амар гэдгийг үлгэр болох байх.