Сүүлийн хэдхэн сарын дотор дэлхийн улс төрийн амьдралд санаанд оромгүй хачирхалтай зүйлс олон болж өнгөрлөө. Одоо ч болж байна. Наад захын жишээ нь Сирийн иргэний дайн. Башар Асадыг химийн зэвсэг хэрэглэсэн тухай батлагдаагүй мэдээний дараа Обама Сирийг бөмбөгдөхөөр болсон. Энэ сургаар Сирийн сөрөг хүчнийхэн Засаг манайх боллоо гэж, Америкийн Бүгд найрамдах намынхан Путин, оросуудыг бас нэгэн түшиц газраас нь салгалаа гээд алга үрээд сууж байсан биз. Гэтэл Путиний гаргасан саналын дагуу Асад химийн зэвсгээс татгалзан устгаж эхэлснээр Обама бөмбөгдөхөө больсон нь үнэхээр гайхалтай үйл явдал. Урьд нь Америк тэргүүтэй орнууд бөмбөгдөнө л гэсэн бол яаж ч аргалж учирлаад нэмэргүй, бөмбөгдөж таардаг байсан. Асадыг ардчилал, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн, дарангуйлагч, эвлэршгүй дайсан гэж мэдэгдэж байсан ч эвлэрсэн хэрэг.
АНУ нь Зөвлөлт задран унасны дараагаас дэлхийн хамгийн нэр хүндтэй, нөлөөтэй улс байсаар ирсэн. Бүгд л Америкт итгэдэг, үгийг нь сөрдөггүй байсан. Гэтэл Америк өөрийн төдийгүй дэлхийн олон орны энгийн иргэдийн интернэт холболт, утасны яриаг нууцаар чагнадаг байсныг экс тагнуул Сноуден ил болгосноор дэлхий даяар ихэд цочирдов. Ингээд ч зогсохгүй дотно түншийн харилцаатай гэгддэг 35 орны төрийн тэргүүн, улс төрийн элитүүдийг ч нууцаар тагнадаг байсан нь илрэв. Үүний дараа Америк арга буюу өөрийгөө зөвтгөсөн тайлбар хийж нэр нүүр нь уналаа. Ийм зүйл болно гэж хэн ч төсөөлөөгүй байсан биз. Хүний эрх, хувийн нууц, ил тод байдлыг дэлхийн хэмжээнд хамгаалагч №1 улс гэгддэг байсан Америк бүр огт эсрэг зүйл олон жилийн турш хийж байсан нууц дайсан №1 болж таарсан юм.
Болж өнгөрсөн бас нэгэн хачирхалтай зүйл нь олон жилийн турш зэвсэгт тулаан явуулж эвлэршгүй дайснууд болсон курд ба турк хоорондын уулзалт. Хоёр өдрийн өмнө Туркийн Диярбакыр хотноо тус улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ Ирак дахь Курдын автономит улсын удирдлагатай уулзсан нь үнэхээр сонин зүйл байлаа. Курдууд нь Ирак, Туркийн хэсгийг багтаасан тусгаар улс байгуулахын төлөө олон жилийн турш мянга мянган хүний аминд хүрсэн зэвсэгт тэмцэл явуулж байгаа юм. Диярбакыр хот нь Туркийн курдуудын зарлагдаагүй нийслэл. Иракийн дайны дараа тус улс дахь курдууд өөрийн гэсэн армитай, хараат бус эдийн засагтай, Иракийн төв Засгийн газар ёс төдий захирагддаг тусдаа Засгийн газартай де факто тусгаар улс болсон юм. Ийм үед ийм хотод ийм том бүрэлдэхүүнээрээ уулзана гэдэг үнэхээр сонин. Талууд харилцан тохиролцож чадвал олон жил үргэлжилсэн цуст мөргөлдөөн нэг мөр дуусгавар болох бодит боломж гарч ирж байгаа юм. Хэзээ ч эвлэрэхгүй дайснууд байсан хоёр тал өс хонзон, хорсол уураа дараад улс төрийн өндөр төвшинд уулзаж чадсан хэрэг.
Өөр нэгэн маш хачирхалтай зүйл нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой. Ираныг цөмийн хөтөлбөрөө зэвсэг хийхэд ашиглаагүй гэдгээ батлахын тулд цөмийн объектуудаа олон улсын хяналтад өгөхийг Европ, Америк шаардаад олон жил болж буй. Нэлээд олон жилийн турш Иран энэ шаардлагыг хүлээж авахгүй байснаа шинэ Ерөнхийлөгч гарч ирсний дараа л мухардлаас гарч байгаа. Женевт болж буй олон улсын хэлэлцээрийн үеэр Ираны тал цөмийн объектууд руу олон улсын шинжээчдийг оруулах, хяналт тавихыг зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь үнэхээр том дуулиан тарьсан. Хариуд нь олон улсын зүгээс аваад байгаа эдийн засаг, улс төрийн болон зэвсэг техникийн хориг арга хэмжээг суллах, цуцлах хүртэл арга хэмжээ авах юм.
Энэ мэдээ зарим улсыг маш ихээр бухимдуулж байна. Тэд Ираныг цөмийн зэвсэг хийхээр бэлдсэн хэвээр гэдэгт итгэлтэй буй төдийгүй ойрын хугацаанд Ираны цөмийн объектуудад агаараас цохилт өгөх тухай ярьж байгаа. Ираныг хамгийн их хардсаар байгаа улс нь мэдээж Израйль.
Иран Ливан ба Израйльд алан хядах үйл ажиллагаа явуулдаг “Хезболла” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан бөгөөд одоо ч зэвсэг, хөрөнгөөр идэвхтэй дэмждэг. Дээр нь цөмийн зэвсэгтэй болвол Израйлийг газрын хөрснөөс арчина гэсэн мэдэгдлийг Ираны зарим улстөрч хийж байсан болохоор арга ч үгүй биз. Тиймээс Израйлийн зүгээс Ираныг цөмийн бүх объектоо устгаад, одоо байгаа баяжуулсан ураны нөөцөө бүгдийг гуравдагч оронд өгөхийг шаардсан юм. Ингэж байж л өөрийн аюулгүй байдлаа хангана гэж үзэж.
Ер нь, Аравийн орнууд бүгд Израйльд дургүй, зарим нь үзэн яддаг. Иймдээ ч Аравийн маш олон орон Израйльтай байлдаж байсан төдийгүй алан хядах ажиллагаа явуулдаг цөөнгүй байгууллагуудыг мөнгө, зэвсгээр дэмждэг. Гэтэл шашны ялгаанаас болж цөөнгүй улс Ираныг Израйлиас дутахааргүй үзэн яддаг байх юм. Жишээлэхэд, Саудын Арави. Саудын Арави нь Ираныг цөмийн зэвсэг нууцаар хийж байгаа гэж үзэн ихэд бухимджээ. Саудын Аравийн хүн амын дийлэнх лалын шашны суннит урсгалыг дагагчид бол Ираны дийлэнх нь шиит урсгалыг дагагчид. Энэ хоёр урсгал хоорондоо дайтаж тэмцсэн олон зуун жилийн түүхтэй бөгөөд одоо ч Ирак, Пакистан, Афганистан, Сирид нэг нэгнийхээ эсрэг ээлжлэн алан хядах ажиллагаа явуулан тэмцсээр байна. Ялангуяа, Сирид болж байгаа иргэний дайны үеэр Саудын Арави шиит урсгалыг дагагч Башар Асадыг түлхэн унагах гэхэд Иран мөнгө, зэвсгээр дэмжсэн нь ингэж уурлахад хүргэсэн бас нэг шалтгаан байх.
Хамгийн хачирхалтай нь, олон жилийн турш хоорондоо дайсагнаж ирсэн Израйль Саудын Арави хоёр Ираны эсрэг байлдааны ажиллагаа явуулахад хүчээ нэгтгэхээр болсон юм. Энэ тухай Британийн “Sunday Times” сонин мэдээлсэн нь үнэхээр дэлхийн хэмжээний дуулиан тарилаа. Тус сонины мэдээлж байгаагаар хоёр өдрийн дараа Женевт АНУ, ОХУ, Их Британи, БНХАУ, Герман, Франц нэг талаас, Иран нөгөө талаас цөмийн объектуудын талаар хэлэлцээр хийж гарын үсэг зураад, Ираны эсрэг аваад байсан хориг арга хэмжээ зөөлөрч эхэлвэл Израйль маш богино хугацаанд агаараас цохилт өгөх аж. Иран Израйль хоёр хил залгадаггүй болохоор аль нэг улсын агаарын орон зайг ашиглах шаардлагатай тулгарна. Үүнд л Саудын Арави Израйльд туслах болжээ. Сонирхуулахад, ердөө жилийн өмнө израйльчууд Ираны цөмийн объектуудыг устгах ажиллагаа явуулахдаа агаарын хилийг зөрчвөл онгоцыг нь буудан унагана гэж Саудын Арави албан ёсоор мэдэгдэж байсан юм. Ганцхан жилийн дотор урьд нь эвлэршгүй дайснууд гэгддэг байсан Саудын Арави Израйль хоёр гуравдагч улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах дээр санал нийлээд эвлэрээд авсан хэрэг.
Товчхон хэлэхэд эвлэршгүй дайснууд хоорондоо эвлэрсэн, мөрддөг зарчмаа зөрчин өөрчилсөн олон үйл явдал сүүлийн хэдэн сар, хэд хоногийн дотор олон боллоо. Одоо ингэж байтал Египетэд суудлаасаа унасан Ерөнхийлөгч Мурси ба Армийн удирдлагууд тохиролцоонд хүрээд, Ирак дахь суннит ба шиит бүлэглэлүүд хэлэлцээр хийж эхэлвэл ёстой л жинхэнэ гайхалтай зүйл болох байх.