Энэ сарын 11-ний өдөр Польш Улс Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэх үеэр үндэсний үзэлтнүүд нь жагсаал хийж, эмх замбараагүй байдал үүсгэн дэлгүүрийн шилэн хорго хагалж, машин шатааж, Варшав дахь Оросын ЭСЯ руу халдлаа. Жагсагчид ЭСЯ-ны байр руу шил, чулуу, галт салют, тоосго шидлэн харуулын байрыг шатаасан байна.
Энэ явдалтай холбогдуулан ОХУ-аас Польшид суугаа Элчин сайд Александр Алексеев тус улсын эрх баригчдад хандаж, тэд ч ЭСЯ-ныхаа хамгаалалтыг бэхжүүлэх арга хэмжээ авахаар болжээ. Үүгээр зогсохгүй ОХУ-ын Гадаад хэргийн яам нот бичиг илгээж, Польшийн эрх баригчдыг болсон үйл явдалтай холбогдуулан албан ёсоор уучлал гуйхыг шаардлаа.
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ үйл явдлын төлөө харамсч буйгаа илэрхийлээд танхайчууд улсын нэр хүндийг унагаж байна хэмээн мэдэгдэв. Харин Дотоод хэргийн сайд Бартоломой Сенкевич “Тусгаар тогтнолын өдөр тэмдэглэх үеэр ийм явдал гарч байгаагүй. Бүхий л хэм хэмжээ зөрчсөн үйл явдал боллоо. Энэ хэрэгт холбоотой 70 гаруй хүнийг баривчлан саатууллаа” гэсэн байна.
Харин оросууд польшийн эрх баригчдын үгэнд төдийлэн найдахгүй байна.
Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн Европын эрхийн тэнхмийн доцент Николай Топорнин энэ асуудлаар ийн ярьж байна.
-Варшав дахь Оросын Элчин сайдын яам руу халдсан хэргийн талаар яриагаа эхлэх үү?
-Варшав дахь Оросын ЭСЯ руу халдсан явдалд би нэг их гайхахгүй байна. Орос Польшийн харилцаа харьцангуй муудсан. Өнгөрсөн жил Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Варшавт Оросын хөгжөөн дэмжигчид рүү Польшийн танхайчууд зохион байгуулалттайгаар халдсан явдлыг олон хүн мартаагүй. Олон хүн бэртэж гэмтсэн энэ хэргийн шүүх хурал удаан үргэлжилж, үндэсний үзэлтнүүд нь танхайчуудыг бараг л ардын баатар болгохоор зүтгэж байлаа. Энэ удаагийн хэрэг үүний л нэг адил хэрэг.
-Ер нь яагаад ийм хэрэг гараад байна?
-Харамсалтай нь, энэ бол түүхийн алс холоос улбаатай хэрэг. Катыньд Польшийн олон мянган офицерыг хөнөөсөн хэргийнхээ бурууг оросууд өнөө хэр хүлээгээгүй. Смоленскийн дэргэд Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньскийн онгоц сүйрсэн осолд польшууд Оросыг буруутгадаг. Нэг үгээр хэлбэл, Польш-Оросын харилцаанд улс төрийн олон асуудал бий, үүнээс болоод л сөрөг зүйлүүд байсаар л байна.
-Энэ нь Украиныг Гаалийн холбоонд элсэхэд муугаар нөлөөлж байгаа гэдэг?
-Энэ бол баруун Украины нутаг дэвсгэртэй холбоотой. 1939 он хүртэл Польшийн газар нутаг байснаа дэлхийн II дайны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон юм. Польшууд амьдарч байсан энэ нутагт өнөөх Степан Бендерийн бригад ажиллаж, Польшийн энгийн ард иргэдийг хядаж байсан л даа. Оросууд үүнийг төдийлэн ярьдаггүй ч польшууд мартаагүй. Тэд болохоор Степан Бандерийг үндэсний баатар биш, фашистуудын түлхсэн үндэсний үзэлтэн гэж үздэг. Энэ нь Украин-Польшийн харилцааны сүүдэр. Тэгэхээр Польш бол Украиныг бүс нутагтаа нөлөөтэй болгохыг хүсэхгүй байгаа. Орос-Польшийн таатай биш харилцаанд ийн Украин орчихоод байгаа юм. Европын холбоо “Дорнын түншлэл” хөтөлбөр хэрэгжүүлж үүнийгээ ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Белорус, Украин, Молдав, Гүржид явуулж байна. Харин Польш зүүн Европ дахь Европын холбооны том гүрэн, тэгэхээрээ энэ асуудалд нөлөө бүхий байр эзэлж байгаа юм.
-Польшийн ард иргэд бүхэлдээ Оросын эсрэг үзэл бодолтой гэж үү?
-Польшид нас барсан Ерөнхийлөгчийн ихэр дүү Ярослав Качиньскийн тэргүүлдэг сөрөг хүчний “Эрх болон шударга ёс” гэдэг том нам байгаа. Хүн амынхаа 25-30 хувийн дэмжлэг хүлээдэг энэ нам үндсэндээ Оросын эсрэг үзэл баримтлалтай. Гэхдээ Польшийн нийт иргэн Оросын эсрэг үзэлтэй гэж болохгүй. Ахуйн болон иргэдийн түвшинд оросуудтай сайхнаар харилцаж байна. Тэд Польшийг немцийн булаан эзлэгчдээс ЗХУ чөлөөлсөн, үүний төлөө олон хүн амиа зольсон гэдгийг мартаагүй байна. Бас социализм сүйрч байхад тэр үеийн удирдагч Войцех Ярузельскийн “Эв нэгдэл” хөдөлгөөнийг ЗХУ дэмжиж байсныг ч мартаагүй.
Орос Польшийн харилцааны асуудал сүүлийн 20-30 жилийн явдал биш гэж би дээр хэлсэн. Бүр Польш-Литвийн үеэс эхэлнэ. Оросын төрийн баяр гэж тэмдэглэдэг арваннэгдүгээр сарын 4-нд Оросыг Польш-Литвийн булаан эзлэгчдээс чөлөөлсөн өдөр юм. Тэгэхээр дор хаяж 500 жилийн үйл явдал хамаарч байна шүү дээ. Энэ бүхэн Польшийн ард түмний тархинд байсаар л байна. Польшийн эрх баригчдын хувьд Оростой улс төрийн хувьд найрсаг харилцахыг хичээж байгаа. Гэхдээ энэ бол гаднах төрх нь шүү дээ.
Катынын хядлага
1939 оны есдүгээр сарын 1-нд Германчууд Польшид довтолж есдүгээр сарын 17-нд зөвлөлтийн цэргүүд Польшид орсон. Ингээд Польшийн цэргийн олзлогдогчдыг найман лагерьт байрлуулсан.
Нийтдээ хагас сая хүнийг олзолсныхоо ихэнхийг сулласан ч Польшийн тусгаар тогтнолыг сэргээж болзошгүй гэж үзсэн 130242 хүнийг хорих лагерьт илгээжээ. Ингээд Оросууд 1940 оны дөрөв, тавдугаар сард 21857 хүнийг буудан хороосны 4421-ийг Катыньд, 3820 хүнийг Харьковт бусдыг нь өөр хэд хэдэн газарт буудсан байдаг. Энэ хүмүүсийн ихэнх нь цэргийн албан хаагч, офицер, сэтгүүлч, инженер, багш, эмч, профессор зэрэг польшийн сэхээтнүүд байсан.
Польшийн ерөнхийлөгчийн онгоцны сүйрэл
Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский тэргүүтэй албаныхан Катыньд буудуулж, амиа алдсан офицер, польш иргэдийн дурсгалыг хүндэтгэхээр ирж байгаад 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Смоленскийн дэргэд Ту-154 онгоц нь сүйрсэн. Онгоцонд Польшийн Ерөнхийлөгч гэргийтэйгээ, Батлан хамгаалахын өндөр албаны 87 хүн байсан юм.