Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Николай Щёлоковын хэрэг буюу тос дотроосоо өтдөг

1984 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр ЗХУ-ын Дотоод явдлын яамны сайд асан Николай Анисимович Щёлоков ангийн буугаар өөрийгөө буудаж амиа хорлолоо. Тэр уг нь Зөвлөлтийн эзэнт гүрний ДЯЯ-ыг 14 жил тэргүүлсэн, Коммунист намын гишүүн, армийн генерал, ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар, эдийн засгийн ухааны доктор хүн байлаа.

Албан тушаал, алдар цолгүйгээр  амьд явж чадсангүй

Брежневийн зогсонги үеийн энэ сайдыг Л.И.Брежневийг нас барсны дараа ажлаас нь чөлөөлж, оронд нь томилогдсон ДЯЯ-ны шинэ тэргүүн Виталий Федорчук түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан болон авлигын хэргээр шалгаж эхэлсэн байна.
Энэ бүхний дүнд 1983 оны зургадугаар сард Николай Щелоковыг ЗХУКН-ын Төв хорооны бүрэлдэхүүнээс хасч, 1984 оны арваннэгдүгээр сард Армийн генерал цолыг нь хураав. Мөн ЗХУ-ын Дээд зөвлөлийн зарлигаар төрийн дээд одон медаль, ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар цолыг хураалаа. Харин байлдааны шагналуудыг нь үлдээсэн байна.
Арванхоёрдугаар сард ЗХУ-ын коммунист намаас хөөлөө. Тэгээд л хэдхэн хоногийн дараа амиа хорлосон нь энэ.
Тэр уг нь амиа хорлохын өмнө Зөвлөлтийн тэргүүн, ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Константин Черненкод захидал бичиж “Би хууль зөрчөөгүй, намаа хуурч мэхлээгүй, улсаас юу ч завшаагүй” гэсэн байдаг.

Тэр үнэхээр жинхэнэ үнэнч коммунист байсан уу

1980 онд болсон Москвагийн олимпод зориулж Герман улсаас Дотоод яаманд бэлэглэсэн Мерседес машинаас аваад хүүхдийн ор хүртэлх бүх бэлгийг тэр хувьдаа авчихсныг мөрдөн байцаалтаар тогтоожээ.  Уран зураг сонирхдог тэрээр оросын шедеврүүдийн зургуудыг ханандаа өлгөөд, багтахгүй болохоор нь диван дороо хадгалж байсан гэдэг. Щелоковын гэрийн бүх үйлчлэгчид нь ДЯЯ-ны албан тушаалтай, тэндээс цалинждаг байж. Талхчин нь л гэхэд цагдаагийн хошууч цолтой байсан гэж байгаа.  

Энэ бол зүгээр л өнгөний хэрэг байлаа. Тэр зөвхөн байраа засахад ДЯЯ-наас зориулж 30 мянган рубль гаргадаг байсан гэнэ. Үнэтэй тавилга, дүрс бичлэгийн хальс, цахилгаан сантехникийн болон барилгын материал зэргийг авахад л албанаас 80 мянган рубль гаргаж байж. Түүнийг албанаас чөлөөлөхөд энэ бүхний төлбөр болгож ар гэрийнхэн нь 65 мянган рубль бэлнээр авчран ДЯЯ-ны санхүүд өгч байсан гэнэ.
Үүнээс гадна тэр улсын хөрөнгөөр есөн орон сууц  худалдан авч хамаатан садан, танилууддаа өгч байсан нь илэрчээ. Хувийн оёдолчныхоо охин, охиныхоо хуучин нөхөр, эхнэрийнхээ хамаатанд хүртэл байр авч өгсөн байдаг.
1972 онд Щеколовын тушаалаар тусгай ажилтнуудад зориулсан дэлгүүр гэгчийг нээсэн ч чухамдаа өөрийнх нь гэр бүл, хамаатнууд л үйлчлүүлдэг дэлгүүр болжээ.
Гадаадын худалдааны байгууллагатай гэрээ хийн энд тэр үедээ л Орост олддоггүй ховор  магнитфон, телевизор, үслэг эдлэл, гутал хувцас авчирч зардаг байсан байна.  Зарим эх сурвалж үүнийг тэдний гэр бүлийнхэн цааш нь өндөр үнээр дамлан зардаг байсан гэдэг.  

1975-1977 онд барьсан зуслангийн байшин гэдэг бол ярих юмгүй. Гараж, олон өрөөтэй, орос банн гээд өчнөөн олон байгууламжтай эдлэн л гэсэн үг.
Тэрээр Лениний мавзолей, Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд өргөсөн хэмээн тайлан бичиж 36,3 мянган рублийн амьд цэцэг авч өөрийнхөө гэр болон, ойрын хүмүүсийнхээ гэрийг чимж байсан генерал шүү дээ.  
64 настай хадам эхийгээ гэхэд л ДЯЯ-ны албан тушаалд бүртгэж, хошууч цол олгоод, дараа нь тэтгэвэрт гаргаж тэтгэврийг нь 120 рублиэр тогтоож байлаа.
50 мянган рублиэр өөрийнхөө амьдрал замналын тухай хийлгэсэн баримтат кино нь нэг удаа хүн үзээгүй архивт байж л байдаг.

Мөрдөн байцаалтаар коммунист генерал Н.А.Щелоковын Зөвлөлт төрд учруулсан нийт хохирлыг хагас сая рубль гэж үзсэн байна. 1980-аад оны хагас сая рубль шүү дээ. Тэр үед зөвлөлтийн хүмүүсийн дундаж цалин 250 рубль байсан юм шүү дээ. Хуулийнхан үүнээс 296 мянган рублийн өмч хөрөнгө  хурааж, биет мөнгө 126 мянган рубль улсын орлого болгон авсан байдаг. Түүний хэргийг мөрдсөн хавтаст хэрэг нийт 21 боть болсон.
Щелоковын эхнэр Светлана Владимировна 1983 оны хоёрдугаар сарын 19-нд амиа хорлосон. Жил хагасын дараа генерал өөрөө амиа хорлосон нь тэр.

Н.А.Щеколов бол социалист төрөөс төрсөн тэрбумтан байлаа. Уг нь тэрээр төрийн хуулийг жинхэнэ ёсоор сахиулах ёстой гол албан тушаалтан ДЯЯ-ны сайд байсан юм. 
Ц.Хас

1 Сэтгэгдэл
Мэнгэт Нямдорж үүнээс илүү байгаа. Хөрөнгийг нь хурааж амиа хорлоход хүргэх хэрэгтэй
Manai Ts.Nyamdorjoos arai dutuu yum uu daa.
Манай УИХ-ын том ходоодтой ланжгаруудыг бодвол юу ч биш юм байна л даа
Хамгийн их уншсан