Forbes сэтгүүл энэ онд манай гаригийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийг нэрлэсэн байна. Хамгийн түрүүнд нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орсон, дэлхийн улс төр, олон нийт, бизнесийн төлөөлөл энэ 72 хүний дунд өмнөх жилийг бодвол арай олон эмэгтэй багтжээ. Энэ жагсаалтад есөн эмэгтэй орсон нь 12 хувь болж байна. 2009 онд энэ жагсаалтад дөнгөж гурван эмэгтэй орж байсан бол 2010 онд тав, 2011,2012 онд тус бүр зургаан эмэгтэй багтаж байжээ.
Энэ жагсаалтад орогсдыг мөнгө, хэвлэлээр яригдсан байдал, салбартаа үзүүлж байгаа нөлөөлөл гэсэн гурван үндсэн шалгуур баримталж оруулдаг байна.
Германы канцлер Ангела Меркель 58 настай, нөхөртэй
Дэлхийн нөлөө бүхийн хүмүүсийн жагсаалтын тавд орсон.
Европын холбооны “Төмөр хатагтай” дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад найман удаа орсон бол дөрөвт нь дараалан орж байгаа нь энэ. Тэрээр Европын нэг томоохон эдийн засгийн залуур дээр 2005 оноос тасралтгүй сууж байгаа нэгэн. Евро бүсийн дэлийн засгийн хямралтай тэмцэхэд оруулж байгаа хувь нэмрээрээ нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад нэг хэсэгтээ байх бололтой. Тэр өөрийн өрсөлдөгчидтэй хямралын эсрэг бодлогоороо ширүүн үзэлцдэг нэгэн. Өнгөрсөн жил гэхэд л францын ерөнхийлөгч Франсуа Олланд ийм гол өрсөлдөгч нь байсан.
Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеф. 65 настай, нөхрөөсөө салсан
Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 20-д жагссан.
Бразилийн тэргүүн энэ жагсаалтад 2012 онд 18-т жагсч байсан ч энэ жил ийн ухарчээ. Тэр юутай ч гэсэн дэлхийд эдийн засгаараа долоод ордог, Өмнөд Америкийн томоохон гүрнийг жолоодож яваа хатагтай. 193,9 сая хүнтэй Бразилийн дотоодын нийт бүтээгдхүүн 2,4 их наяд доллар шүү дээ.
Энэтхэгийн Үндэсний конгрессийн тэргүүн Соня Ганди. 66 настай, бэлэвсэн.
Соня Ганди бол манай гаригт хүн амаараа хоёрт, эдийн засгаараа 10-т ордог улсыг удирдаж байгаа хатагтай. Сүүлийн үеийн мэдээгээр тэрээр Ерөнхий сайд Манхомахон Сингхтэй харилцаа тун тааруу байгаа гэж дуулдаж байгаа. Засгийн газрын тэргүүн Сингх 2014 оны сонгуулиас өмнө огцорвол түүний хамгийн баталгаатай залгамжлагч нь Сони Ганди гэж яригдаж байна.
ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард. 57 настай. Гэр бүлгүй
Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 35-д бичигдсэн.
ОУВС-гийн түүхэн дэх ганц эмэгтэй тэргүүн энэ хатагтай Евро бүсийн өрийн хямралын эсрэг хоёр жил тэмцэж байгаа нэгэн. Тэр Европын холбооны улсуудын өрийн ачааллыг тарамдуулахын тулд нөөцийн сан байгуулах санал дэвшүүлсэн нь германы канцлер Ангела Меркелийн эсэргүүцэлтэй тулсан. Лагард 188 орныг нэгтгэсэн ОУВС-нд ирэхийнхээ өмнө АНУ-д өмгөөлөгч, Францын Сангийн сайд байсан. Өнгөрсөн онд тэрээр нөлөө бүхий хүмүүсийн 38-д багтаж байсан юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе. 61 настай, гэрлээгүй
Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 52-т жагссан.
Энэ жагсаалтад тэрээр 2013 оны хавраас орж ирж байгаа, дэлхийн халуун цэг дэх, умардынхаа нэг үндэстэнтэй дайны байдалд байгаа улсыг тэргүүлж байгаа хатагтай. Умардынхан түүнийг “банзал өмссөн хэрцгий эр” гэдэг. Түүний эцэг Пак Чон Хи энэ улсыг 18 жил удирдсан. Энэ хатагтай эхийгээ алагдсан цагаас буюу 22 наснаасаа л тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэж ирсэн гэдэг. Тэр өнөөдөр дэлхийд 15-д ордог эдийн засагтай улс орныг удирдаж байгаа.
IBM-ийн ерөнхий захирал Вирджиния Рометти. 56 настай, гэр бүлтэй
Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 56-д жагссан.
Программ хангамжийн энэ компаний захирлын тушаалд 2011 оны аравдугаар сард очсон. Энэ компани 102 жилийнхээ түүхэнд багагүй хүнд зам туулсан ч түүнийг өөд нь татах аргыг Рометти олж чадсан. Түүнийг энэ тушаалд очсоны дараагийн нэг жилд компани 21,9 тэрбум доллар олсон нь түүнийг ямар удирдагч гэдгийг харуулна. Өнгөрсөн онд гэхэд л компаний ашиг 16,6 тэрбумд хүрсэн.
ДЭМБ-ын тэргүүн Маргарет Чан. 66 настай.
Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 59-д орсон.Энэ албан тушаалд хоёрдахь удаагаа сонгогдоод байгаа түүнийг нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад хоёр удаа нэрлэсэн. Тэрээр ДОХ, Хумхаа зэрэг аюулт өвчинтэй ямар эмээр тэмцэхийг тодорхойлсон. Статистик үзүүлэлтээр 2013 онд буурай хөгжилтэй орнуудад нярайн эндэгдэл буурсан, дэлхий даяар хүний нас уртассан үзүүлэлт гараад байгаа.
New York Times-ийн ерөнхий редактор Джилл Абрамсон. 59 настай, нөхөртэй
Нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 68-д орсон.
Энэ сонины түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий редактор. Энэ сонин ажлын өдрүүдэд 1,6 саяар, амралтын өдрүүдэд 2,1 сая хувь хэвлэгддэг. Сониныхон энэ онд гэхэд л Пулитцерийн дөрвөн ч шагнал хүртсэн.
АНУ-ын Холбооны нөөцийн системийн Удирдах зөвлөлийн тэргүүний орлогч Жанет Йеллен. 67 настай.
Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн нэрсийн 72-т орсон.
Жанет Йеллен Холбооны нөөцийн ситемийн хоёр дахь гол хүн. Барак Обама 2010 онд түүнийг энэ албанд томилсон. 2014 оны нэгдүгээр сард өнөөгийн дарга Бен Бернанке чөлөөнд гарвал түүний оронд Засгийн газрын энэ байгууллагыг тэргүүлэх анхны эмэгтэйгээр Йеллен тодорч магадгүй байгаа.