Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаазаар авах ялтай хоригдлууд шинэ тариаг эсэргүүцжээ

Америкийн Флорида мужид цаазаар авах ял авсан долоон хоригдол ялын тогтоолын гүйцэтгэлийг хойшлуулах өргөдөл гарган шүүхэд хандсан байна. Флорида мужид цаазаар авах ажиллагааг үхэлд хүргэдэг тусгай тариагаар гүйцэтгэдэг. Хоригдлууд цаазаар авах ялыг гүйцэтгэхэд шинээр ашиглахаар болсон мидазоламын гидрохлорид гэдэг тариаг ийм арга хэмжээнд ашиглаж болох эсэхийг магадлан үзэхийг шаарджээ. Энэхүү эм нь түгшүүрт автсан хүнийг тайвшруулах гэсэн зорилгоор анагаах ухаанд ашигладаг учраас цаазаар авахад хэрэглэх нь тохиромжгүй гэж үзсэн байна. Өмнө нь, Флорида мужид  мидазоламын гидрохлорид тариулан цаазаар авхуулсан  хэрэгтэн нас барах хүртлээ удаан тарчилсан тухай мэдээ гарсан нь хоригдлуудыг ийнхүү хамтарсан өргөдөл гаргахад хүргэсэн бололтой.

Өнгөрсөн жилийн байдлаар дэлхийн 140 улс цаазаар авах ялаас татгалзсан, 58 оронд байдаг ч бодит байдалд ердөө 20 улс хэрэглэдэг байжээ.
Хүний эрх, ардчиллын үнэт зүйлс, хүмүүнлэг энэрэнгүй үзэл гэх мэт зүйлийн төлөө дэлхийн хэмжээнд хамгийн тууштай бөгөөд эрчимтэй тэмцдэг улс АНУ гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Гэсэн атлаа улсын хэмжээнд цаазаар авах ялыг халаагүй төдийгүй гүйцэтгэдэг цөөн орны нэг юм. Одоогоор Америкт холбооны төвшинд болон 33 муж цаазаар авах ял ногдуулдаг, гүйцэтгэдэг. Нийтдээ цаазаар авах ял ногдуулдаг 70 гаруй гэмт хэрэг байдаг аж.

Иймээс цаазаар авах ялыг хэрэглэсэн тоогоороо Америк нь Иран, Пакистан, Саудын Арави, Хятад гэх мэт улсын дараа толгой цохидог хэвээр байна. Америкт цаазаар авах ял ногдуулах болон гүйцэтгэлээрээ Техас муж тэргүүлдэг бөгөөд нийт гүйцэтгэлийн гуравны хоёрыг нь энэ мужид явуулдаг аж.

Америкчууд цаазаар авах ял онооход янз бүрээр ханддаг. Энэ талаархи олон нийтийн санал асуулга явуулахад 1954 онд нийт иргэдийн 42 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 1994 онд дэмжигчдийн эзлэх хувь 80 болж дээд амжилт тогтоож байв. Одоогоор цаазаар явах ялыг дэмжигчид сүүлийн хэдэн жил үзэгдээгүй доошилсон гэж байгаа ч 62 хувь нь дэмжсэн хэвээр.

Америкийн зарим мужид цаазаар авахуулах ял авсан хүн гүйцэтгэх аргыг өөрөө сонгож болдог. Цаазаар авах ялыг гүйцэтгэх арга нь тохирохгүй, хэт хатуу байна гэж үзвэл дахин давж заалддаг. Сонгож болдог аргууд нь цахилгаан сандал, үхлийн тариа, буудах, дүүжлэх, хийн камер ашиглах.

Хэрэгтнийг хамгийн бага тарчлаадаг, энэрэнгүй гэдгээр нь сүүлийн жилүүдэд гол төлөв үхэлд хүргэх тарилга тарьдаг болсон. Энэ аргаар цаазаар авах үед ялтанд гурван төрлийн тариа тарьдаг. Эхнийх нь ялтныг тайвшруулан унтуулдаг. Дараагийн тариа нь бүх биеийг нь хөдөлгөөнгүй болгон хөшөөгөөд гурав дахь тариа нь зүрхийг нь зогсоох нөлөө үзүүлдэг аж.

Гэвч өмгөөлөгч, хүний эрхийг хамгаалагч нар нь гурван тариа хийж цаазаар авах нь хүмүүнлэг бус, хоригдлын шаналал багасдаггүй гэж шүүмжлэх болсон юм.
Цаазаар авахуулсан 43 гэмт хэрэгтний цогцост шинжилгээ хийхэд тайвшруулан унтуулах тариа нь дийлэнх тохиолдол унтуулах нь бүү хэл өвчин намдаахад ч хүрэлцэхгүй хэмжээнд байсныг тогтоосон байна. Энэ бүхнээ үхлийн тариаг мэргэжлийн эмч бус шоронгийн жирийн ажилтнууд бэлтгэж, хийж байсантай холбон тайлбарласан байдаг. Цаашилбал, хэрэгтэн хэт их жинтэй байх гэх мэт зарим шалтгааны улмаас эм үйлчлэх гэж их удаж байсан нь тогтоогдсон. Иймд хэрэглэхэд зардал бага, мэргэжлийн эмч байлцуулан нэг удаа хийхэд хангалттай ганц төрлийн тариа ашиглах нь зөв гэж үзсэн байдаг.

Гэтэл эл тарианы хомсдол үүссэнтэй холбоотойгоор зарим мужид цаазаар авах ял гүйцэтгэхийг түр зогсоогоод байгаа. Цаазаар авах ялыг гүйцэтгэхийг энэ мэт түр зогсоох, цаашлаад бүрэн хорих арга хэмжээ авахад хүргэж байдаг өөр нэг хүчин зүйл нь зардал. Ялын дээд хэмжээ авсан гэмт хэрэгтэн нь Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хүртэл давж заалдах эрхтэй бөгөөд үүнд нь тухайн муж асар их мөнгө зардаг.

Зарим статистик мэдээнээс үзвэл Америкийн шоронд цаазаар авах ял авсан хэрэгтэн ялыг нь гүйцэтгэх хүртэл дунджаар 11 жил есөн сар амьдардаг аж. Энэ хугацаанд шүүхэд давж заалдах болгонд хуульчдыг хөлслөх, хоол, байраар хангах, сонгосон тангарагтны шүүгчийг хоол байраар хангах, цалин өгөх, хамгаалалт гаргах, цаазаар авах ялыг гүйцэтгэж байгаа хүмүүст сэтгэл зүйн үнэгүй тусламж өгөх гэх мэт зүйлсэд асар их хөрөнгө зардаг аж. Жишээлэхэд, 1998 онд нэг гэмт хэрэгтнийг цаазаар авахад дээр дурдагдсан зориулалтаар хоёр сая ам.доллар зарсан бол нэг хоригдлыг 30 жил хориход 700 мянган ам.доллар зардаг дүн гарсан байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2009 оны байдлаар нэг хоригдлыг цаазаар авахад бүх насаар нь хорих ял авсан хүнийг хорихоос жилд 10 сая ам.доллар илүү зардаг болж таарсан. Зөвхөн Кальфорни муж гэхэд цаазаар авах ял авсан 700 хоригдолд жил болгон 130 сая ам.доллар зарлагадаж байжээ.

Мөн Америкийн хууль тогтоогчдын дунд цаазаар авах шийтгэлийг Америкийн Үндсэн хуулийг зөрчсөн, шударга бус ял гэх үзэл газар авч, мужийн хууль тогтоомжоор дамжин хэрэгжиж эхэлсэн аж. Тухайлбал, Америкийн дээд шүүх 1989 онд өөрийн гаргасан тогтоолыг хүчингүй болгон оюун ухааны хомсдолтой гэмт хэрэгтнийг цаазлахыг хориглосон. 2005 онд гэмт хэрэг хийсэн өсвөр насны хүүхдүүдийг цаазаар авахыг улсын хэмжээнд хориглосон. Энэ тогтоол гарахаас өмнө Америкийн 19 мужид 16 нас хүрсэн хүүхдийг цаазаар авах хууль үйлчилж байсан юм. Иллинойс мужийн Амбан захирагч асан Жоан Райн 2000 оноос цаазаар авах ялыг  хэрэгжүүлэхийг хориглоод, 2003 онд албан тушаалаасаа буухын өмнөхөн 167 хоригдлыг нэг өдөр өршөөх тогтоол гаргаж байжээ.
Энэ мэтээр цааш үргэлжилбэл өнөө, маргаашгүй биш юм гэхэд хэдэн жилийн дараа Америкт цаазаар авах ялыг бүрмөсөн хорино гэхийг үгүйсгэх аргагүй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан