Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайны үед фашист Германы холбоотон байсан Японоос Литвад сууж байсан консулын газрын ажилтан байхдаа 6000 гаруй еврей хүнийг нацистын бөөнөөр хорих лагерьт очих, амь алдах аюулаас аварсан Чиунэ Сугихара гэдэг хүн. Өнөөдөр дэлхий даяар 40 орчим мянган хүн өөрсдийгөө түүний ачаар амьд сэрүүн явж байгаа гэж тооцдог байна.
Нэг үгээр хэлбэл энэ хүн бол японы Шиндлер гэсэн үг.
Сугихара өнгөрсөн ХХ зуунтай чацуу буюу 1900 оны нэгдүгээр сарын 1-нд эмчийн гэрт төрсөн байна. Зургаан хүүхдийн хоёр дахь нь Сугихара бага дунд сургуулийг амжилттай төгсч. Эцэг нь хүүгээ эмч болгох бодолтой байсан ч эмнэлгийн сургуулийн шалгалтын хуудсыг цав цагаанаар нь өгч орхиж.
Тэр өөрө харин гадаад хэл, уран зохиол сонирхож 1918 онд их сургуулийн англи хэл, уран зохиолын ангид орж. Сургалтын төлбөрөө төлөх гэж оройдоо ажил хийж байсан ч жил хагасын дараа төлбөрийн чадваргүйгээс сургуулиа орхихоос аргагүй болжээ.
Гэтэл Гадаад хэргийн яам дипломат ажилд сонирхолтой залуусыг ажилд шалгаруулж авна гэсэн зар түүний нүдэнд өртөх нь тэр. Ингээд л тэр шалгалтыг амжилттай өгч Харбин дахь сургалтад хамрагджээ. Орос, герман хэл судалж Харбины дүрвэсэн оросуудтай харилцаж хэлээ сайжруулжээ. Белорус гаралтай Клавдин Семеновна Аполлоноватай гэрлэсэн ч 1935 онд нутаг буцахдаа салсан байна.
1932 оноос тэр Дорнод Хятадын төмөр замын асуудлаарх Орос-Японы хэлэлцээрт шинжээчээр оролцож эхэлсэн байна. Сугихарагийн зүтгэлээр энэ гэрээнээс Япончууд тэр үеийн ханшаар сая гаруй доллар хожсон гэдэг.
1936 онд тэрээр өөрсөө 14 дүү Юкико Кикучитай гэрлэжээ. Ингээд л түүний дипломат ажил эхэлж 1937 онд Хельсинкт ЭСЯ-ны орчуулагчаар явж 1939 оны дөрөвдүгээр сараас Литвад японы консулын газарт ажиллалаа.
Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж Польшоос дүрвэгсэд Литвад ирцгээлээ. Литвачууд оросуудаас илүүтэй германчуудыг хүндэтгэж байсан болохоор дүрвэгсдийн яриад байгаа аймшгийг нэг их үнэмшихгүй л байв.
Нацистууд европын улс орнуудыг ээлж ээлжээр эзэлж байсан болохоор дүрвэж ирсэн еврейчүүдийн хувьд далай гаталж Ази юм уу, ер нь тайван газраад явахыг бодоцгоож байсан хэрэг. Дээр нь литвийн өөрийн нь еврейчүүд байлаа. Нийслэл Каунас гэхэд л 120 орчим мянган хүнтэй байсны бараг дөрөвний нэг нь еврей хүн байсан.
Тэдний байдал улам л хүнд болж цагираг улам хумигдсаар байлаа. Ганц найдлага байсан нь Карибын тэнгис дэх Голландын колони Кюрасао, Суринам хоёр арал байв. Каунас дахь Голландын ерөнхий консул тийшээ явах зөвшөөрөл өглөө. Гэхдээ ийш явахын тулд ЗХУ-ын нутгаар дайрч японоор дамжих шаардлагатай. Зөвлөлтийн консул Японоор дамжин өнгөрөх виз заавал хэрэгтэй гэв.
1940 оны өглөөгүүр Сугихарагийн гадаа бөөн дуу чимээ. Тэд бол японы дамжин өнгөрөх виз авахыг хүсэгчид. Гэтэл Сугихара болохоор дээрээс зөвшөөрөлгүй виз өгч болохгүй байлаа. Ингээд Японы Гадаад хэргийн яаманд байдлыг тайлбарлаж виз олгох зөвшөөрөл хүслээ. Хариу ирдэггүй.
Нэг талаас Япон, Герман хоёр холбоотон байсан болохоор нэг бодлого байх ёстой байсан ч нөгөө талаар үндэсний үзлээр аймаглан устгахыг япон дэмжихгүй байсан л даа.
Долдугаар сар гэхэд зөвлөлтийн тал Каунас дахь бүх ЭСЯ, дипломатуудыг гарч явахыг шаардлаа. Бүхий л дипломатууд гарч ганцхан Голланд, японы консулынхан л үлдлээ.
Сугихара тэнд байх хугацаагаа 20 хоногоор сунгав. 1940 оны додугаар сарын 31-нд Сугихара Япдоны Гадаад хэргийн яамнаас ирсэн дамжин өнгөрөгчдөд виз олгохгүй гэсэн хариуг уншаад сууж байхад цонхоор харж байсан эхнэр нь “Чиунэ чи хардаа энэ хүмүүсийг, тэнд хүүхэд байна” гэсэн байна. Харвал үнэхээр олон мянган хүн чихцэлдэн зөвхөн тэдэнд найдлага тавьж байлаа.
Ингээд л Сугихара нарийн бичгийн даргадаа “Хаалгаа нээ, виз олгож эхэлнэ” гэж тушаасан байна. Долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 28 хүртэл Чиунэ Сигухара дамжин өнгөрөх 2139 виз олгосон байна. Визийн хэвлэмэл цаас нь дуусахаар цагаан цаасан дээр бичиж байж. Тэр үед дүрвэгсдэд бичиг баримт нь дутуу, визийн төлбөр төлөх мөнгөгүй хүн зөндөө байсан ч Сугихара виз бичиж өгсөөр л байлаа.
Тэр өдөрт 12-16 цаг ажиллаж, хоол унд ч үгүй сууж бичсээр байсан гэдэг. Эхнэр нь мөрөн дээгүүр нь хоол өгч байж. 28-ны өдөр тэр Каунасаас гарахаар галт тэргэнд суусан хойноо ч цонхоор виз өгсөөр байсан гэдэг.
Нэг визийг гэр бүлд нь өгч байсан болохоор яг хэдэн хүн гаргасан гэдэг нь нарийн байдаггүй, багцаагаар 5-10 мянган хүн байсан болов уу гэдэг. Дайны үед Сугихара германы Кеннисберг, Прага, Берлинд ажиллаж байгаад 1947 онд Япондоо эргэн иржээ.
Тэнд түүнийг хэн ч хүлээж байсангүй. Түүнийг Гадаад хэргийн яамнаас халжээ. Өнгөн дээрээ бол орон тооны цомхотгол гэсэн ч үнэн хэрэгтээ зөвшөөрөлгүйгээр виз өгсөн явдал гэдэг нь ойлгомжтой байлаа.
Энэ үеэс Сугихарагийн гэр бүлийн хүнд үе эхэлсэн байна. Тэр өөрөө янз бүрийн л ажил хийж байлаа. Цагийн орчуулагч, цахилгаан бараа борлуулагч гээд юу л бол юу хийж дөрвөн хүүхдээ тэжээж байв. Гуравьдахь хүү нь нас барахад түүнд оршуулгын зардал ч байгаагүй л гээд бод доо.
Гэхдээ тэрээр Засгийн газар, гадаад яамнад хэзээ ч гомдол мэдүүлсэнгүй. Тэр олон хүний амийг хэрхэн аварснаа ч хэнд ч ярьсангүй.
1960 онд түүнийг Москва дахь худалдааны төлөөлөгчийн газарт ажиллуулахаар илгээлээ. Тэр нэрээ Сугивара Сенпо гээд явлаа.
1968 он. Тэрээр Москва дахь албан конторынхоо гадаа тамхи татаад зогсч байтал
-Ноён Сугихара гэх нь дуулдав.
Түнийг эргэн хартал дунд насны харваас еврей хүн анхааралтай харж зогсох нь тэр.
-Та ноён Сугихара биз дээ, би алдаагүй биз. Та 1940 онд Каунаст японы консулаар ажиллаж байсан Чиунэ Сугихара мөн үү. Хэмээн нүүр лүү нь эгц харан ширтсэн байна.
-Тийм ээ гэвэл.
Тэр эрэгтэй түүнийг тэврэн авч “Ноён Сугихара, миний нэр Иехошуа Нишри. Тэр үед би жаахан хүү байсан болохоор та намайг санахгүй л дээ. Та манай гэр бүлийг аварсан шүү дээ. Бид таныг 20 гаруй жил хайж байна. Токиогоос асуух бүрт тийм хүн байхгүй гэсэн хариу өгдөг. Манай гэр бүлийнхэн таныг харахдаа баяртай байна. Та манайд зочил” гэсэн байна.
Түүний яриагаар бол дайн дууссан цагаас эхлээд л амь насандаа эрсдэлтэй тийм цагт түүний өгсөн өнөөх визийн ачаар амьд гарсан мянга мянган хүн нэгдэн японы дипломатчийн эрэлд гарсан гэнэ. Харамсалтай нь Японы Засгийн газар “Сугихарагийн аварсан хүмүүс “ байгууллагатай хамтран ажиллахаас татгалзан, түүний талаар мэдээлэл өгөхгүй байжээ.
Ийнхүү 28 жилийн дараа л тэрээр Израиль орох боломж олдож өөрийнхөө аварсан хүмүүстэй уулзсан байна.
1969 онд Чиунэ Сугихара тэнд очиход түүнийг Израильд насан туршдаа зорчих виз олгосон байна. 1985 онд Израилийн засгийн газар түүнийг “Энх тайвны элч” цолоор шагнахад тэрээр ихэд ядарсан байсан ч гэсэн хүрэлцэн очсон.
Чиунэ Сугихара 1986 онд нас барсан. Оршуулах ёслолд нь Израилийн ЭСЯ-ны төлөөлөгчид хүрэлцэн очсон гэдэг. Эхнэр Юкико нь 94 насалж 2010 онд мөнх бусыг үзүүлжээ. 2006 онд Японы Гадаад хэргийн яам бэлэвсэн эхнэрт нь очиж нөхрийг нь ажлаас халсныхаа төлөө уучлал гуйсан байдаг.
Түүний амийг нь аварсан хүмүүсийн үр сад 40 орчим мянган хүн өнөөдөр ч гэсэн Чиунэ Сугихараг дурссаар байдаг гэдэг.