Гүржийн Сонгуулийн төв хороо тус улсын шинэ ерөнхийлөгчийг өчигдөр зарлалаа. Ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар барууны “Гүржийн мөрөөдөл” эвслийн нэр дэвшигч Георгий Маргвелашвили ялсан байна. Одоо Гүржид хоёр асуултын хариуг хүмүүс хамгийн их сонирхож байна. Албаа өгөх Ерөнхий сайд Бизин Иванишвилигийн оронд хэн Засгийн газрын тэргүүн болох бол, бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа ерөнхийлөгч Михаил Саакашвили юу болдог бол гэдэг анхаарал татаж байна.
Барууны эвслийнхэн бүхэл шөнөжингөө “Гүржийн мөрөөдөл” эвслийн байрны гадаа цугларан баяраа тэмдэглэжээ. Намын цэнхэр туг намируулсан машинууд шөнийн туршид л гудамжаар дохиогоо хангинуулан давхилдлаа. Ерөнхий сайд Бизин Иванишвили, Георгий Маргвелашвили нар тайзан дээр гарч ирэн сонгогчдынхоо баярыг хуваалцсан байна. Ерөнхий сайд Иванишвили “Бид европчуудаас дутах юмгүй гэдгээ харууллаа” гээд “2014 оноос Гүржийн иргэд эдийн засгийн өсөлт, дэвшлийн үр шимийг амсч эхэлнэ, 20 жилийн дараа гэхэд Гүрж улс Европын цэцэглэн хөгжиж байгаа улс болно” гэсэн байна.
Михаил Саакашвили, тэдний намын нэр дэвшигч Давид Бакразе нар ялсан нэр дэвшигчид баяр хүргэжээ. Саакашвили ард түмний олонхийн сонголтыг бүгд хүндэтгэх ёстой гэжээ.
Тэр бас Гүржийн хувьд, ирээдүйд нь ихээхэн том сорилт тулгарч байгаа гэдгийг анхааруулаад Европтой ойртох харилцаа үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Одоо Гүржийн ард түмний ойрын үеийн гол асуулт бол Иванишвилигийн орыг хэн залгах бол гэсэн асуудал. Иванишвили залгамжлагчаа ойрын үед зарлах ёстой. Тэр нэгэнтээ “Засгийн газарт байгаа” гэсэн, үүнийг нь парламентын спикер Давид Усупашвили батлан “Ирээдүйн ерөнхий сайд бидэнтэй хамт “Гүржийн мөрөөдөл” эвслийн байрны дэргэд Георгийн баярыг тэмдэглэсэн” гэж хэлж.
Үүнээс үүдээд шинжээчид Иванишвилигийн буяны эмнэлгийг олон жил тэргүүлсэн, өөрийнх нь эмч, өнөөгийн Эрүүл мэндийн сайд Давид Сергиенког байх гэж таамаглаж байна.
Гэхдээ ирээдүйн Ерөнхий сайдын талаар барууны эвсэл санал зөрөөтэй байгаа гэж зарим хэвлэл тэмдэглэж байна.
Дараагийн нэг гол асуудал бол Михаил Саакашвилигийн хувь заяа хэрхэх бол гэдэг байна. Бизин Иванишвили саявтар Польш, Шведийн Дотоод хэргийн сайдтай уулзахдаа Саакашвилиг шоронд суулгахыг нэг их бодохгүй байна гэжээ. “Миний эх орны Ерөнхийлөгч шоронд сууж байхыг би нэг их хүсэхгүй байна” гэж тэр хэлсэн. Үүний зэрэгцээ Михаил Саакашвили өөрт нь үүсгэсэн эрүүгийн хэргийг хаагаагүй гэж нэг биш удаа хэлсэн байдаг.
Улс төр судлаач Иосиф Цинцазе “Ъ” сонинд ярихдаа “Энэ хэргийн нэг нь Ерөнхий сайд асан Зурабы Жванийн нууцлаг үхэл. 2005 оны хоёрдугаар сарын 3-нд байрандаа нас барсан түүний биед хүчирхийллийн ул мөр байсныг ерөнхий прокурор баталсан. Хэрэв энэ нь аллага юм бол хэрэг Саакашвилигийн хажуугаар өнгөрнө гэж байхгүй” гэж байна. Михаил Саакашвилиг баривчлах үндэслэлүүдийн дотор 2011 оны тавдугаар сарын 26-ны жагсаалыг тараах үед дөрвөн хүн нас барсан хэрэг, 2008 оны наймдугаар сарын дайн, улсыг аюулаас хамгаалах нууц сангийн хөрөнгийг хувьдаа завшсан асуудлууд бас бий.
Судлаач Иосиф Цинцазегийн үзэж байгаагаар барууныхан шинэ төр нь Саакашвилиг “суулгах”-ыг нэг их хүсэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэрээр “Барууныхан Гүржид Саакашвилигийн “үндэсний”, Иванишвилигийн “мөрөөдөгчид” гэсэн хоёр намын тогтолцоо байгуулахыг хүсч байгаа” гэсэн байна.