-Тэрбумтны бодлоор хамгийн гол нь хүүхдүүдийнхээ эхлүүлсэн бүхнийг сайшаан магтах хэрэгтэй-
Хэний ч танил бус брокер Уоррен Баффет, Сьюзан Томпсонтой гэрлэн 22 жилийн турш аз жаргалтай амьдарч, гурван хүүхэд төрүүлж, хүмүүжүүлсэн байдаг. Сьюзан Элис нэртэй охин, хөвгүүд нь болох Говард, Питер нар эцэг эхийнхээ замналаар амьдарч, өнөөдөр буяны үйл ажиллагаанд идэвхийлэн оролцдог юм. 2004 онд Сьюзан Томпсон Баффетт хорт хавдрын улмаас хайртай гэр бүлээ орхиж, Уоррен эцэг эхийн үүрэг давхар гүйцэтгэх болсон юм. Уоррен түүний эхнэр хоёр хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлсэн тухай “Forbes” сонирхон цөөн хэдэн асуулт тавьсныг сонирхуулья.
-Уоррен, баян хүмүүс хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ. Тэдэнд өөрсдийнх нь үнэ цэнийг хэрхэн мэдрүүлж болох вэ. Жишээ нь танай гэр бүл ямар байдаг вэ?
-Уоррен Баффетт: Миний хүүхдүүд бусдын адил өсч хүмүүжсэн. Манай гэр бүл 1958 онд худалдаж авсан тэр л байшиндаа амьдарсаар хүүхдүүд маань насанд хүрсэн. Тэд үнэтэй, шинэ том байшинд орьё, хувийн онгоцоор нисье гэж хэзээ ч гуйж байгаагүй. Хүүхдүүд маань сургууль хүртлээ автобусаар л явдаг байсан. Баффеттын гэр бүлийнхэн бүгд л улсын сургуульд суралцсан. Хүүхдүүд маань түүний ээж болоод бидний суралцаж байсан дунд сургуульд л сурч төгссөн. Бид энгийн иргэдийн амьдардаг дүүрэгтээ юугаар ч дутахгүй, аз жаргал дүүрэн амьдарсан. Манай дүүргийн дундаж айлын жилийн орлого 75 мянган ам.доллар байдаг. Харин хүүхдүүд маань бид бусдаас илүү мөнгөтэй гэсэн бодолтой хэзээ ч байгаагүй.
-Сонирхолтой юмаа. Мөнгө чинь өсөх тусам та амьдралынхаа хэв маягийг одоо л нэг өөрчилье гэж ганц ч удаа бодож байгаагүй гэж үү?
- Уоррен Баффетт: Үгүй шүү. Би өөрийнхөө зөв гэж бодсоноороо л амьдарсан.
Миний хүүхдүүд, эхнэр маань ч хэрэгтэй зөв гэж бодсон өөрийн хүсэл мөрөөдлөөр
амьдарч байсан. Бид өөрсдөдөө хэрэгтэй гэсэн бүхнийгээ л эдэлж хэрэглэсэн. Хамт
амтдрах тэр л хугацаандаа тэдэнд маань ч, надад ч амьдралын хэв маягаа өөрчилж,
баячуудын эгнээнд шилжих шунал хүсэл гээч байсангүй. Бид амьдралдаа сэтгэл
хангалуун байлаа. Хөршүүд маань ч биднийг мөнгөтэй байж хэмээн чичилж
байгаагүй. Хэдийгээр тэд миний юу хийдгийг мэдэж байсан ч би гэдэг хүн зургаан
жилийн турш өөрийн гэсэн оффист сууж үзсэнгүй.
Энэ хугацаанд би гэртээ, унтлагынхаа өрөөнд л ажлаа хийж байлаа. Хувийн
нягтлан бодогч, нарийн бичгийн талаар ч бодож үзээгүй. Тиймээс хүүхдүүд маань мөнгөтэй холбогдож,
элдэв асуудалд орооцолдолгүй нас биед хүрсэн юм шүү.
-Питер, аав чинь дэлхийн тэрбумтнуудын эгнээнд орж “Forbes”-ийн жагсаалтад багтдаг гэдгийг хэзээ мэдсэн бэ. Анх мэдээд хэрхэн хүлээж авсан бэ. Энэ нь таны хүмүүжилд нөлөөлсөн үү?
Питер Баффетт: Манай гэр бүл, эцэг эх маань хэдий хэмжээний мөнгөтэйг мэдэх үед би юмны наад цаад учрыг ойлгодог болчихсон байлаа. Намайг 20 настай байхад ээж маань аавыг тэрбумтан болсон гэдгийг дуулгасан. Бид гайхаад инээд л хүрээд байлаа. Бид хэн бэ, одоо биднийг хэн бэ гэдгийг хүмүүс мэдсэн учраас тэд өөрөөр харилцах байхдаа хэмээн ээжтэйгээ ярилцаж билээ. Мэдээж сонирхолтой байсан.Хэдийгээр бид тэрхүү тэрбумтнуудын ертөнцөд хөл гишгээгүй бас тэдний үзүүлэн болгоод байдаг тэр их баялгийн захаас ч атгаж үзээгүй ч сонин л мэдрэмж төрж байлаа. Харин найзууд маань үнэхээр их гайхсан.
Уоррен Баффет: Тэр үед хүүхдүүд маань үнэхээр хэн гэдгээ ойлгодог болчихсон байсан. Тэд сэтгэл санаагаа хуваалцаж чаддаг тийм л хүүхдүүдтэй найзлаж нөхөрлөж, тэр ертөнцөө бие биетэйгээ хуваалцаж сурсан байлаа. Аав баян учраас хэмээн хэн нэгнийгээ сонгож нөхөрлөөгүй учраас олон сайн найз нөхөдтэй болсон байсан үе.
-Уоррен, та хүмүүнлэгийн томоохон төслүүдэд их хэмжээний мөнгө зарцуулдаг. Тэгэхээр та хүмүүнлэгийн энэ их ажлаа үр хүүхэддээ даатгаж тэд таны ажлыг , найдвартай үргэлжлүүлээсэй гэж хүсч байгаа байх. Та хүүхдүүдээ нууц биш бол хэдий хэмжээний хөрөнгө үлдээх вэ?
-Уоррен Баффет: Эхнэр бид хоёр 20 жилийн хамтын амьдралынхаа дараа нэгэн шийдвэрт хүрсэн юм. Би нэгэн өдөр “ Бидэнд хүссэн бүхэн маань байна. Хүсвэл бид юуг ч авах боломж байна, цаашдаа ч бид үүнээс их мөнгөтэй болно” гэхэд эхнэр маань зүгээр л инээмсэглэсэн. Тэгээд л бид гэр бүлийн фонд байгуулсан. Бид хоёр манай гэр бүл өөрийн гэсэн хадгаламжтай, үр хүүхэд маань ч өөр өөрийн гэсэн сантай байх ёстой гэдэгт санал нэгдсэн.
Би олон хүнийг гэр бүлийн өмч хөрөнгөө хуваах гэж зүдэрч бие биенээ үзэн ядаж, шүүх цагдаагаар заргалдаж явахыг өөрийн биеэр харж мэдэрсэн. Эхнэр бид хоёр хүүхдүүд маань тийм байдалд битгий хүрээсэй гэж бодож байлаа. Тийм учраас 1990 оны сүүлээр хүүхдүүддээ тус бүр нь 10 сая ам.доллартай хадгаламж бэлэглэсэн. Мэдээж гурвууланг нь үйл ажиллагаагаа эхэлж буй фирм болгоод өгсөн.
Бид аль болох бага багаар хөрөнгө оруулалт хийж л байлаа. Гурвуулангийнх
нь удирдлагын баг, төлөөлөн удирдах зөвлөлд эхнэр бид хоёрын хэн нь ороогүй.
Үндсэндээ хүүхдүүдийн маань нэр дээр байсан. Бид хоёр хэд хэдэн удаа хөрөнгө оруулалт
хийж байсан л даа. Гэхдээ нэг удаа би өөрийнхөө төрсөн өдрөөр хамгийн сүүлийн
удаа хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ зарлаад тус бүрт нь захидал бичсэн. BerkshireHathaway.com сайтад тэдэндээ зориулж захидал бичсэнээ тавьсан. “ Хүүхдүүдээрээ
үргэлж бахархдагаа илэрхийлээд тэд маань мөнгөтэй хэрхэн харьцахаа өөрсдөө
шийдэх боломжтой. Ямар ч сонголтыг нь би хүлээн зөвшөөрөх болно” гэдгээ
илэрхийлсэн.
Питер, таны зүгээс аавын чинь энэ шийдвэр ямар санагдсан бэ?
Питер Баффетт: 2006 оны гуравдугаар сард эгч маань утасдаад “чи факс авав уу” гэсэн. Аав бидэнд факс илгээж гэхээр нь очоод хартал 1999 онд 10 сая ам.доллар байсан мөнгө маань зургаахан жилийн дотор маш их өсөөд бүүр 120 саяд хүрчихсэн байсан. Мэдээж энэ хугацаанд бид маш их зүйл сурсан л даа.
Таны амьдралд тэгээд юу өөрчлөгдөв?
Питер Баффетт: Би тэр үед хөгжмөөс өөр зүйл бодох сөхөөгүй байлаа. Миний эхнэр Женифер аавын өгсөн, даалгасан ажлыг хариуцан надад маш их тусалж байсан.
/Питер бол “Емму”-гийн шагналтай маш авьяаслаг хөгжимчин./ Түүнээс гадна надад өөрийн гэсэн төлөвлөгөөтэй амьдрал байлаа. Хоёр жил би хувьдаа тэрхүү мөнгөнд хүрэх байтугай л зүгээр л сонсох төдий байлаа. Гэхдээ чи тэрбумын хөрөнгөтэй гэж сонссон цагаас эхлээд амьдрал үлгэрийн мэт өөрчлөгдөх тийм нэг мэдрэмж төрдөг л юм байна лээ.
-Мэдээж хүмүүс чамтай уулзах хүсэлт тавих нь олширсон байх?
-Питер: Үнэхээр тэгсэн. Би хүмүүсийн хүсэлтийг уриалгахнаар хүлээн авч байсан ч надад бүгдтэй нь уулзах боломж байгаагүй. Гэхдээ уулзсан хүн бүрээсээ нэг зүйл сурч мэдэж байсан. Энэ л миний хувьд жинхэнэ үнэтэй зүйл байлаа.
Уоррен, хүүхдүүдээ хийх гэсэн зүйлээ хийхэд урамшуулан дэмжих нь хэр чухал байдаг вэ?
- Уоррен Баффетт:Эхнэр бид хоёр ямар нэг нарийвчилсан зааварчилгаа өгсөн юм байхгүй ч тэд миний хувьд ч, эхийнхээ хувьд ч хамгийн чухал үнэт зүйлс гэдгээ хар багаасаа мэдэрч өссөн гэж би боддог. Намайг ямар ч ажил сэдэж эхлүүлсэн бүгдийг нь дэмждэг байсанд би аавдаа маш ихээр баярладаг. Тэрээр өөрийн мөрөөдлийг надаар дамжуулж хэрэгжүүлэх гээгүй. Би ч үүнийг л хүүхдүүддээ өвлүүлэх гэж хичээсэн.