Өрнөд Европын орнууд цыгануудыг албадан гаргаж байгаа асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Энэ арга хэмжээний талаар европчууд хоёр янзын байр суурьтай байна.
Нэг нь цыганууд ажил хийдэггүй, гуйлга гуйх, хулгай хийх, тэтгэлэг авахаас өөр зүйлгүй шимэгч үндэстэн болохоор нутаг руу нь албадан гаргах хэрэгтэй гэх. Нөгөө хэсэг нь яс үндсээр ялган гадуурхаж, албадан гаргах нь нэгэн цагт нацистуудын хийж байсантай адил тул орчин үеийн ардчилсан нийгэмд тохирохгүй. Иймд хөөж туухын оронд сургуульд сурган, соёл боловсрол олгон, ажил хийх сэдэлтэй болгох, европжуулах ёстой гэх. Бүгд л тусын байр суурийг батлах баримт нотолгоо гарган маргацгааж буй.
Гэвч хэд хоногийн өмнө грек цагдаа нарын явуулсан тусгай арга хэмжээний дараа цыгануудын талаархи сөрөг төсөөлөл бүр ч газар авч магадгүй боллоо. Грекийн Фарсала хотын ойролцоо буусан цыгануудын хүрээнд цагдаа нар гэнэтийн нэгжлэг, шалгалт явуулснаар энэ хэрэг эхэлжээ.
Энэ хүрээний цыгануудыг олон тооны гэмт хэрэгт сэжиглэн шалгасан аж. Шалгалтын явцад хар үс, бордуу царай, өтгөн хар хөмсөг гэх мэт нийтлэг дүр төрхтэй цыгануудаас ногоон нүд, шар үс, цагаан арьсаараа эрс ялгарсан жаахан охин байгааг цагдаа нар хараад гайхсан байна. Ингээд сэжиг төрж охины бичиг баримтыг шалгатал бүр ч гайхалтай зүйл илрүүлжээ. Охины эцэг, эх хоёроос янз бүрийн дугаартай, Грекийн олон хот, сууринд бүртгэгдсэн арав гаруй хүүхдийн бичиг баримт гараад ирсэн аж. Тэр бүх бичиг баримтын огноогоор бол эх нь гэж нэрлэгдсэн цыган хүүхэн сүүлийн 10 сарын дотор зургаан хүүхэд төрүүлсэн болж таарах нь тэр.
Цыган хүүхэн харваас 10 сарын дотор зургаан хүүхэд гаргадаг харь гарагийн хүн биш байсан тул цагдаа нар Мария гэж нэрлэгдсэн дөрвөн настай, шар үстэй охиныг хаанаас олсон бэ гэж асуух нь зүйн хэрэг. Эцэг, эх нь хоорондоо зөрчилдсөн, нэгнийгээ үгүйсгэсэн олон янзын тайлбар өгч эхэлсэн тул цагдаа нар баривчилжээ. Үүний дээр “эцэг, эх” ба охины ДНХ-г харьцуулан судлахад Мария тэдний хүүхэд биш болох нь нотлогджээ.
Грекийн халамжийн байгууллагууд баривчлагдсан цыганууд охиныг хулгайлсан, гуйлга гуйлгах эсвэл бэлгийн ямар нэг зорилгоор ашиглаж байсан гэж сэжиглэн шалгаж байгаа. Улмаар Мария нэртэй хулгайлагдсан байж болзошгүй охин олдсон мэдээг хэвлэл мэдээлийн хэрэгслээр тараахад түүний эцэг, эхийг нь олох кампанит ажил Европ тив даяар өрнөөд байна. Энэ хооронд Фарсала хотын цыгануудын холбооны тэргүүн нь баривчлагдсан хосууд Мария охинд төрсөн хүүхдээсээ илүү сайн ханддаг байсан, охин ч тэдэнд хайртай байсан гэж мэдэгдэв. “Эцэг”-ийн ах нь Мария охиныг төрсний дараа тэдэнд хууль журмын дагуу сайн дураараа өгсөн гэж мэдэгдлээ.
Ингэлээ гээд Европ даяар өрнөсөн Мария охинд туслах кампанит ажил саарсангүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр охины эцэг эхийг хайх ажлыг хариуцсан буяны байгууллага руу найман мянга гаруй хүн утасдан янз бүрийн мэдээлэл өгсөн байна.
Цыгануудыг хүүхэд хулгайлдаг тухай яриа Европт бүр дундад зууны үеэс тарж өнөөдрийг хүртэл амь бөхтэй явж байгаад хэргийн гол зангилаа байгаа билээ. Цыганууд өөрсдийгөө хэзээ ч хүүхэд хулгайлдаггүй, хулгайлж ч байгаагүй энэ талаарх бүх яриа нь ямар ч ор үндэсгүй бөгөөд цыган үндэстнийг гутаах зорилготой тараасан гэдэг. Гэтэл бодит байдал нэлээд өөр байсан тухай олон баримт гарч ирж байгаагийн нэг жишээ нь Мария охин юм. 2002 онд Оросын цагдаа нар цыгануудын олон хүрээг хамруулсан шалгалт хийхэд бичиг баримтгүй, хэнийх болох нь тодорхойгүй 114 хүүхэд гарч ирсэн. 2012 онд цыгануудад хулгайлагдсан охиныг ээж нь 10 жилийн дараа хүүхэд асрах газраас олж авсан тухай мэдээ гарч, Украйнд дуулиан тарьж байсан аж. Бүр ч сонирхолтой баримт бий. Зөвлөлтийн үед цыганууд олноор амьдардаг байсан Молдавт цагдаа нар бусдад хаалттай цыган овгуудын дотоод амьдралын талаар хийсэн нэлээд дэлгэрэнгүй нэгэн судалгааг уншаад хүүхдийн хулгайтай холбоотой сонин зүйл олж мэдлээ. Зөвлөлтийн үед тэнэмэл, гудамжны хүүхэд гэж бараг байдаггүй, хүүхэд, том хүн гэлтгүй бүгдийг хатуу хяналтад байлгадаг байсан тул хүүхэд хөгшид гэлтгүй нүүдэллэн тэнүүлчилдэг дураараа зантай цыгануудыг бүр ч нарийн судалдаг, хянадаг байсан нь ойлгомжтой.
Энэ судалгаанд өгүүлснээр цыганууд нь тэр хатуу хараа хяналттай нийгэмд ч хүүхэд хулгайлдаг байж. Нярай хүүхдээс эхлээд 13-14 хүртэлх өсвөр насны хүүхдийг ч хулгайлдаг. Мэдээж өдөр бүр, таарсан болгоноо биш. Цыганууд гол төлөв шар үстэй, цагаан арьстай хүүхдүүдийг хулгайлдаг бөгөөд ингэх хэд хэдэн шалтгаан байдаг гэнэ. Юуны өмнө ийм хүүхдийг том болсон хойно нь элдэв гэмт хэрэг хийхэд ашиглахад европчууд дундаас ялгардаггүй болохоор цыганууд шиг олны анхаарал татаад байдаггүй. Хоёрдугаарт, цыганууд цус нэлээд ойртсон тул “сэлбэх” боломж болдог юм байх. Гуравдугаарт, олон хүүхэдтэй эхийн тэтгэмж авдаг болохоор хэдий чинээ олон хүүхэд байх тусам сайн. Заримдаа хүүхэдгүй цыган хүүхнүүд ч хулгайлдаг байж.
Өөрсдийн байнга нүүдэллэдэг газар алс нутгаас хулгайлна. Жаахан хүүхдийг дэлгүүр, вокзал гэх мэт хүн олноор цугларсан газар эцэг, эхийн анхаарал сатаарсныг далимдуулан хулгайлдаг. Өсвөр насны хүүхдийг хуурч, эсвэл айлгаж сүрдүүлэн дагуулж явдаг байж.
Хулгайлсан хүүхдээ өөрийнх нь мөн гэсэн бичиг баримттай болох хэд хэдэн аргатай. Нялх байх тусам бүртгүүлэхэд хялбар. Үүний тулд хөдөө орон нутаг, жижиг хотын иргэний бүртгэлийн газар очоод саяхан төрлөө, миний хүүхдэд бичиг баримт хэрэгтэй гэж мэдэгддэг. Мөн эсэхийг нь шалгах, цус эсвэл ДНХ шинжилгээ хийх боломж, хүсэл ч ийм газрын ажилтнуудад байдаггүй тул бүртгэж, баримт олгоод салахын түүс болдог гэнэ. Цыганууд байнга нүүдэллэж явдаг болохоор энэ мэт хэд хэдэн хот, тосгонд янз бүрийн нэрээр бүртгүүлнэ. Ингэснээр олон хүүхэдтэй гэж авдаг тэтгэмж нь нэмэгддэг. Зөвлөлтийн үед ингэсээр “Алдарт эх” одон авсан цыган хүүхэн ч байсан. Дээр нь дараагийн удаад хүүхэд хулгайлвал бэлэн бичиг баримттай болно. Мөн нэг хүүхдийг олон нэрээр, олон газар бүртгүүлсний “ачаар” тухайн хүүхэд насанд хүрэхэд нь мөн л олон нэрээр олон иргэний үнэмлэх авах боломж олддог байж. Ийм олон “ориг” бичиг баримттай цыганыг ямар нэг гэмт хэрэг хийсний төлөө эрэн сурвалжлахад олдох магадлал нь бараг тэг хувь. Нялх байхдаа хулгайлагдсан хүүхэд хар багаасаа л цыган болж хүмүүждэг. Харин харьцангуй ухаан орсон үедээ хулгайлагдсан хүүхдээр гэр орны ажил хийлгэх, өндөр настан эсвэл нярай хүүхэд харуулах, адуу мал хариулуулах, зөөлгөх гэх мэт ажил хийлгэхтэй зэрэгцэн цыгануудын “уламжлалт гэмт хэрэг” хийх аргад сургадаг байсан гэнэ. Эсвэл шууд өөр цыганд зардаг.
Энэ бүхнийг өдгөө задран унасан Зөвлөлтийн үед хийгдсэн судалгаанаас уншсан гэдгийг дахин сануулъя. Гэтэл хориод жилийн дараа Грект баригдсан цыгануудаас олон арван хүүхдийн гэрчилгээ гарч ирсэн, Мария охин шар үстэй гээд таарч байгаа зүйл маш олон гарч ирж байгааг та лав анзаарсан байх. Тэгэхээр энэ жилийн хугацаанд Европ л өөрчлөгдөөд байгаа болохоос цыганууд хаана байхаасаа үл хамаараад яг хуучнаараа амьдарч буй бололтой.
Ийм “ажил” хийгээд дураараа чөлөөтэй явж сурсан хүүхдийг олон жилийн дараа олж жинхэнэ эцэг, эхэд буцаан өгсөн ч дасах гэж уддаг, гол төлөв буцаад цыганууд руугаа зугатчихдаг. 10 жилийн дараа Украйнд олдсон гэх охин жинхэнэ эцэг, эх дээрээ эргэж ирсний дараа хэвийн дасах гэж бас л их удсан аж. Тэрээр яагаад гадагш гарахын тулд аав, ээжээсээ зөвшөөрөл авах ёстой, хэнтэй хаагуур явахыгаа тайлбарлах ёстой, оройд заавал тогтсон цагт гэртээ харьж байх, оройтвол утсаар хэлж байх ёстойг ойлгохгүй, дасахгүй нэлээд утсан тухайгаа сэтгүүлчдэд ярьсан байдаг.
Цыганчууд Европ даяар нүүдэллэн амьдардаг болохоор Грекээс олдсон Мария охины эцэг, эхийг европын хаанаас гараад ирэхийг хэлэхэд хэцүү юм. Энэ түүх сайнаар дуусч эцэг эх нь олдлоо ч эргээд хэвийн амьдралдаа дасах гэж нэлээд бэрхшээлтэй тулгарч магадгүй. Грекчүүд Мариягийн “эцэг, эх” хоёрыг хүүхэд хулгайлсан хэргээр шүүхээр болсон тухай албан ёсоор мэдэгдсэн. Хүүхэд хулгайлсан хэрэгт ямар ч улсын хуулийн дагуу маш хатуу шийтгэл ноогдуулдаг. Нутгийн цыган иргэд баригдсан хоёрыгоо өмөөрөөд сүйд болж байгаа гэнэ. Удахгүй Европын хүний эрхийн шүүхэд хандан яс үндсээр нь гадуурхлаа гэж хариу хэрэг дэгдээж эхлэх биз.
Ийм таагүй үйл явдлын дараагаар Европ даяар цыгануудыг албадан гаргах нь улам ширүүсэхтэй зэрэгцэн тэдний хүүхдүүдийн бичиг баримтыг маш хатуу чанга шалгаж эхлэх байх.