Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар тамхи зардаг интернэт дэлгүүрийн эзэн хоёр жилийн дараа баригджээ


Америкийн Холбооны мөрдөх товчоо нь метам­фитамин, кокаин, ЛСД гэх мэт олон төрлийн мансууруулах бодис зарахад зуучилдаг “Silk Road” интернэт дэлгүүрийг хааж, эзнийг нь баривчилсан тухай “Forbes” сэтгүүл мэдээлж байна. Холбооны мөрдөх товчооны ажилтнууд энэ сарын 1-нд “Аймшигт далайн дээрэмчин Робертс” гэдэг нэрээр өөрийгөө нууцалсан 29 настай Росс Ульбрихт гэгчийг баривчлан “Silk Road” гэсэн домейн нэрийг нь хураан авч хаажээ. Энэ интернэт дэлгүүр нь хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчдээ хаяг, серверийн байршлыг нууцлах боломж олгодог “Tor” сүлжээг ашиглаж байсан болохоор хууль сахиулах байгууллагын хяналтаас 2,5 жил гаруй чадварлагаар бултан амжилттай үйл “ажиллагаа” явуулж байсан гэнэ.

“Tor” сүлжээ үүсгэгч программ хангамжийг суулгасан хэн ч гэсэн энэ сүлжээг ашиглан хар тамхи ил зардаг сайт руу баригдана, илчлэгдэнэ гэж айлгүйгээр хандан чөлөөтэй наймаа хийдэг. Гэхдээ шууд ам.доллараар гүйлгээ хийдэггүй. Эхлээд бэлэн мөнгөө “Bitcoin” гэж нэрлэгдсэн тоон виртуал валют болгон хувиргана. Виртуал валютаар гүйлгээ хийж байгаа болохоор худалдан авагч,  худалдагчийн данс “гэрэлд цохиулахгүй”. Иймээс “Silk Road”-ынхан баригдана гэж айлтгүйгээр бүх л төрлийн хар тамхины наймаачид, худалдан авагчид бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй зардаг хамгийн том интернэт лангуу болж хувирсан байна. Интернэт лангууныхан хийсэн наймааны үнийн дүнгийн 10 хувийг зуучилсны шимтгэл гэж авахаас өөр зүйл огт хийдэггүй.

Энэ сайтыг 2,5 жил үйл ажиллагаа явуулах хугацаанд Росс Ульбрихт нь хамгийн багаар 80 сая ам.долларын цэвэр ашиг олсон гэхээр интернэт лангуугаар дам­жуулан хэр их хүн хар тамхи наймаалдаг байсныг багцаалж болох юм. Хамгийн багаар гээд байгаа нь бас учиртай аж. Учир нь, “Bitcoin” виртуал валют нь ам.доллартай харьцах өөрийн гэсэн ханштай. Энэ жил “Bitcoin”-ын ханш хамгийн өндөр байсан бөгөөд түүгээр тооцож үзвэл тус сайтаар дамжуулан 9.5 сая “Bitcoin”-ын гүйлгээ хийсэн нь бодит амьдрал дээрх 1.2 тэрбум ам.доллар болж байгаа юм. Тэгэхээр үүнээс 10 хувийг нь шимтгэл гэж суутгаж авсан гэвэл Росс Ульбрихтын олсон ашиг бүр ч их болох нь мэдээж.

Хоногт энэ сайтыг хэдэн мянган хар тамхины дамчид ашигладаг байсан бөгөөд хамгийн зөөлөн хар тамхи гэгддэг марихуан гэхэд л Амстердамд албан ёсны зөвшөөрөлтэй зарагддагаас хэд дахин их хэмжээгээр борлогддог. Аль ч улсад хориотой хортой мансууруулах бодисууд хэдэн зуун кг-аараа зарагддаг. Гэхдээ “Silk Road” интернэт лангууны үйл ажиллагаа зөвхөн мансууруулах боди­соор хязгаарлагддаггүй байж. Тухайлбал, сайтаар дамжуу­лан банкны автоматуудыг хэрхэн эвдэх тухай заавар зарахаас эхлээд хөлсний алуурчдыг хүртэл зуучилдаг байжээ. Сайтын эзэн Ульбрихт хүртэл нэгэн хэрэг­лэгчдээ хувийн мэдээл­лийг нь илчилнэ гэж сүрдүүлж байсан этгээдийг  хөнөөх хүн олохыг санал болгоод 150 мянган ам.доллар нэхсэн байх юм.

Иймд баривчлагдсан Росс Ульбрихт ман­суу­руулах бодис хууль бусаар наймаал­сан, мөнгө угаа­сан, компьютерийн прог­рамм хангамж эвдэлж нэвтэрсэн хэргээс гад­на захиалгат аллага үйлдсэн гэсэн ял тулгажээ. Гэтэл түүний хөлсөлсөн алуурчин нь аллага үйлдсэн гэх ямар нэг ул мөр илрээгүй болохоор захиалгат аллагад яллах аргагүй болсон гэнэ.

Хэргийн эзэн Ульбрихт нь хууль бус ажиллагаа явуулж байгаа гэдгээ ойр дотны хүмүүсээсээ маш сайн нууцалдаг байсан аж. Түүнийг баривчлагдсаны дараа “Forbes” сэтгүүл хамаатнуудаас нь асууж лавлахад бүгд компьютертэй холбоотой юу ч юм нэг ажил хийдэг томоотой, хууль хэзээ ч зөрчиж байгаагүй сайн залуу гэж тодорхойлсон нь хэр нууцалдаг байсныг нь илтгэж байна. Ийм болохоор илчлэгдэнэ гэж айлгүйгээр олон нийтийн сүлжээг өргөн ашигладаг, “YouTube” дээр өөрийн оролцсон бичлэгээ хүртэл байршуулдаг байжээ.

Гэхдээ туршлагатай интернэт хэрэглэгч нар Ульбрихт нь хэдийгээр жинхэнэ нэр, байршлаа сайн нууцалдаг ч удаа дараалан цуврал алдаа гаргаснаар ийнхүү хууль сахиулагч нарт баригдсан гэж дүгнэсэн байна. Тухайлбал, “Silk Road” сайтын далдлагдсан сурталчилгаа болон сайтаараа дамжуулан программ хангамж боловсруулагч хайж байна гэсэн зар явуулахдаа нэг нэр ашигласан, “Gmail” хаяг, хувийн шуудангийн хайрцгийг заасан гэх мэт алдаа гаргажээ.
Холбооны мөрдөх товчооныхон энэ мэтээр “Tor” сүлжээг ашиглан нууцаар хориотой бодис, эд зүйлс, үйлчилгээг санал болгодог хэд хэдэн сайтыг илчлэн, зохион байгуулагчдыг нь баривчлаад байгаа юм. Наймдугаар сард гэхэд л “Silk Road”-ын гол өрсөлдөгч байсан “Atlantis” сайтыг хааж чаджээ.

Сүүлийн жилүүдэд ин­тер­нэтийн боломж эрс нэ­мэгдсэнтэй холбоотойгоор энэ мэт сайтууд маш олноор гарах болсон нь түгшүүр төрүүлж байгаа юм. Тухайлбал, “Tor” сүлжээг ашиглан буу зэвсэг хууль бусаар наймаалдаг сайт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаад баригдсан байна. Мөн хүүхдийг садар самуунд уруу татсан бичлэг тараадаг хүмүүс “Tor” сүлжээг ашиглах нь түгээмэл байна.
Манай улсын хууль хя­налтын байгууллагууд энэ чиглэлд илүү анхаарах шаард­лагатай болсныг ч сануулах шиг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан