Америкийн тусгай албадын нууцыг дэлгэсэн Сноудений хэрэг яах аргагүй энэ жилийн дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан дуулианы нэг. Хүний өөрийн гэлтгүй жирийн иргэнээс эхлээд сайд дарга нар хүртэл гар утасных нь яриаг чагнаад, интернэт холболтыг нь бүртгээд байгааг дуртай нь аргагүй хүлээн зөвшөөрөөд суух тусгаар тогтносон улс гэж хаа байх билээ. Мэдээж дийлэнх нь дургүйцэн Америкийн эрх баригчдаас тайлбар шаардсан. Гэхдээ Сноудений дэлгэсэн нууцад анхаараад нэг зүйлийг тоолгүй орхигдуулсан гэж болно.
Тэр зүйл нь их гүрний дарамт, заналхийлэл гэж юу байдгийг бусад улсад “яруу тодоор” харуулсан явдал юм. Сноуденийг хүлээн авсан, хүлээн авч магадгүй улс болгонд хандсан дарамт.
Далайцэрэнгээс болж Равсал панзыг ваартай айрганд нь булхуулдаг лам нарын хэлдэг “Эзний мутар Халхын хавтгайн хаа ч хүрдэг гэдгийг мэддэггүй юу, чи?” гэдэгтэй адил дарамт. Энэ үгийг бага зэрэг өөрчлөөд Сэм ах гэдэг эзний мутар хаа хүрдэг юм бэ? гээд сонирхоод үзэцгээе. Сноуденийг зугатан Хонконгд ирлээ гэсэн мэдээ цацагдсан даруйгаас л энэ мутар хаа хүрдгийг харуулсан. Хятадын эрх баригчдад хандан “оргодол” Сноуденийг нутаг дээрээ орогнуулвал эдийн засаг, улс төрийн гээд зүйл бүрийн хашраах арга хэмжээ авах тухай хоёргүй утгаар сануулсан. Зүгээр ч сануулсангүй Америкийн талд хүлээлгэн өгвөл их сайн байна гээд саатуулах хүсэлтээ явуулж, хэргийн эзний гадаад паспортыг нь хүчингүй болгосон.
Хятадын эдийн засаг Америк руу хийж байгаа экспортоос маш их хамааралтай. “Made in China” гэсэн тэмдэглэгээ бүхий шаахай, малгайнаас эхлээд арматур хүртэл олон тэрбум ам.долларын барааг нь америкчууд гэнэт эрүүл мэнд, стандарт гэх мэт зүйлсээр өөлж худалдан авахаас татгалзаад эхэлнэ гэдэг манай урд хөршийн хувьд тун ч таагүй зүйл. Цаашилбал, өнөөдөр Хятадын тэрс үзэлтнүүдийг Оросынх шиг улайран дэмжээд, янз бүрийн хууль батлаад байдаггүй. Харин Сноуденд оромж олговол тэрс үзэлтнүүдэд нь үзүүлэх дэмжлэгээ эрс нэмэгдүүлнэ. Дээр нь Оросын өндөр албан тушаалтнууд, тэдний ар гэрийг Америк руу орж ирэхийг хориглосон, данс энэ тэрийг нь хаасан “Магнитскийн хуультай” адил хууль батлаад хэрэгжүүлээд эхэлбэл бас л таагүй байдал үүснэ. Тиймээс Хятадын хувьд Сноуден тун ч таагүй гэнэтийн бэлэг болж хувирсан юм. Шууд Америкийн хэлсэн үгээр байх гэхээр олон улсын тавцанд нэр нүүрээ алдах гээд, үгүй гээд тас зүтгэхээр эдийн засгийн үр дагавар нь таагүй. Иймд тэд Сноуден Хонконгийг орхин Москваг чиглэн нисэхэд хөлсөө арчицгаасан биз. Мэдэгдэл өгсөөр атал хэргийн эзнийг баривчлаагүйгээ Хятадын тал дараа нь тайлбарлахдаа америкчуудын өгсөн баримтан дээр Сноудений нэрийг үсэг солиод бичсэн байсан тул саатуулах үндэслэл байгаагүй гэсэн юм.
Удалгүй Сноуден Орост транзитаар түр бууж, Кубын нийслэл Гавана хүртэл нисэх нь тодорхой болов. Ингээд Сэм ахын дарамтыг Куба мэдрэх нь тэр. Ер нь, Кубад хувьсгал ялсан цагаас энэ хоёр улсын харилцаа таагүй байгаа. Гэхдээ сүүлийн үеэс Кубын эсрэг олон арван жил авч байгаа эдийн засгийн хорих арга хэмжээг больж ч магадгүй юм шиг яриад, харилцаа нэг үеэ бодвол зөөлрөөд ирсэн гэж болно. Цаашид харилцаа эерэг болвол Кубад эдийн засгийн хүндхэн байдлаас гарах бодит боломж бүрдэнэ. Ийм үед Куба Сноуденд орогнол олгоно гэхэд хонгилын үзүүрт дөнгөж асч байгаа гэрлийг дахин олон жилийн турш асахгүй болтол нь унтрааж байгаатай адил хэрэг. Тиймээс кубачууд оросуудад хандан Сноуден онгоцонд сууж, Гаванаг чиглэсэн тохиолдолд онгоцыг газардахыг нь зөвшөөрөхгүй гэдгийг урьдчилан анхааруулсан аж. Иймд Сноуден аргагүйн эрхэнд нисэлгүй үлдээд Москвагийн Шереметьево буудлын транзит танхимд сар гаруй болсон юм.
Сэм ах оросуудад шахалт үзүүлж эхэлсэн нь ойлгомжтой. Юуны өмнө гадаад паспорт нь хүчингүй тул хууль бусаар хил зөрчсөн гэж баривчлаад хүлээлгэж өгөхийг шаардав. Хариуд нь Сноуден Оросын нутаг дээр бус харин дундын бүс болох транзит танхимд байгаа болохоор баривчлах боломжгүй гэсэн шалтаг оросууд заагаад баривчлаагүй. Ингэснээр дуулианы эзэнд орогнол олгох өөр улс гарч ирэх боломжийг бий болгосон юм.Үнэхээр ч удалгүй Сэм ахад сайнгүй ханддаг Латин Америкийн зарим орнууд дуу дуугаа авалцан мэдэгдэл хийж, Сноуденд орогнол олгож магадгүй тухайгаа зарлалаа.
Эквадор улс эхлээд Сноуденийг хүлээж авч магадгүй гэсэн яриа гаргав. Эквадор нь дуулиант “Викилэкс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг америкчуудаас аварч Лондон дахь Элчин сайдын яамандаа орогнуулсан “туршлагатай”. Тухайн үед Америк эрс дургүйцсэн ч тэсээд өнгөрсөн гэж болно. Харин энэ удаад бас нэгэн “Далайцэрэнг” орогнуулвал зүгээр суухгүй гэдгээ ойлгуулжээ. Эквадор нь татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр АНУ руу чамлахааргүй их бүтээгдэхүүн экспортлодог болохоор экспортыг нь хориглодоггүй юм гэхэд татварын хөнгөлөлтийг нь халахад л хангалттай. Ингэсэн тохиолдолд Эквадорт олон мянган хүн ажилгүй болж, улмаар дотоод улс төрийн байдалд нь ээдрээ үүсэх нь гарцаагүй байв. Эквадор ямар шийдвэр гаргасан нь ойлгомжтой.
Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес мөн л Сноуденд орогнол үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн. Гэтэл Москвад айлчлал хийгээд буцаж явсан Эво Моралесийн онгоцонд Сноуден нуугдаж байж магадгүй гэсэн мэдээлэл авсан америкчууд дипломат шугамаа ашиглалаа. Үр дүнд нь Моралесийн онгоцыг Франц, Испани, Португаль гэсэн орнууд өөрийн агаарын орон зайд нэвтрүүлэхгүй гээд Австрийн Вена хотын нисэх буудалд албадан буулгасан. Буусан даруйд нь Испаниас Австрид суугаа Элчин сайд ирж онгоцонд нэгжлэг хийх зөвшөөрөл олгохыг шаардсан юм. Аливаа нэг улсын онгоц, тэр тусам Төрийн тэргүүний онгоц гэдэг тухайн улсын газар нутаг байдаг тул Эво Моралес мэдээж зөвшөөрсөнгүй. Ингээд Сэм ахын мутар хаа хүрдгийг Сноудэнд төдийгүй жижиг орнуудад үзүүлэв. Улмаар их гүрнүүд олон улсын харилцааны хэм хэмжээг уландаа гишгэн жижиг орнуудыг элэг барьж байна гэсэн дуулиан дэгдэхэд Сэм ах бус харин Австрийн тал албан ёсоор уучлал гуйсан.
Дараа нь Никарагуа мэдэгдэл хийв. Тус улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега хэргийн эзнийг орогнуулахад бэлэн гэсэн. Гэхдээ тодорхой нөхцөл хангасан тохиолдолд гэсэн тайлбартайгаар. Тэр нөхцөл нь юу болохыг тайлбарлаагүй ч бүгд ойлгож байв. Нэг талаас Сэм ах эдийн засгийн хувьд тун дорой Никарагуаг элдвээр оролдохгүй гэх баталгаа. Нөгөө талаас Сноуден цаашид Америкийн тусгай албадын нууцыг илчлэхгүй гээд Америкийн уурыг хүргэхгүй гэсэн баталгаа байв. Хэн хэн нь тийм баталгаа өгөөгүй болохоор Никарагуа ямар шийдвэр гаргасан нь бас ойлгомжтой.
Уго Чавесын үеэс Америкт харшилтай болсон Венесуэль буухиаг хүлээн авч, Сноуденийг хүлээн авна гэсэн мэдэгдэл хийв. Хариуд нь америкчууд тус улсын эсрэг эдийн засгийн маш хатуу хориг арга хэмжээ авна гэдгээ шууд мэдэгдсэн нь ойлгомжтой. Венесуэль нь Америк руу ихээхэн хэмжээний газрын тос экспортолдгийн зэрэгцээ өөрсдөө сар болгон АНУ-аас 500 мянган баррель бензин, 350 мянган баррель шатах тослох материал худалдан авдаг. Хатуу хориг арга хэмжээ гэдэг нь энэ бүхнээ зогсооно гэсэн үг байв. Хэрэв ингэвэл улс орны эдийн засаг маш хүнд байдалд орж сонгуулиар арай гэж ялсан Мадурогийн Засгийн газар унадаг дээрээ тулах байв. Тэгээд ч Америкчууд Венесуэлийн сөрөг хүчинд таатай хандаж ихээхэн дэмжлэг үзүүлдэг болохоор дотоод улс төрийн байдал эвгүйтэн, ард олны дэмжлэгийг алдсан Мадуро унаад сөрөг хүчин гарч ирж тун магадгүй болно. Тэгвэл Сноудений хувь тавилан хэцүүднэ.
Гэхдээ Сноудений хувьд ямар нэг улс орогнол олголоо гэдэг хангалтгүй. Тухайн улсынхаа газар нутаг дээр эсэн мэнд хүрнэ гэсэн баталгаа байх хэрэгтэйг Эво Моралесийн онгоцтой холбоотой хэрэг харуулсан юм.
Сноуден нийтдээ улс төрийн орогнол хүсч Боливи, Бразиль, Венесуэль, Герман, Энэтхэг, Ирланд, Испани, Итали, Куба, Нидерланд, Никарагуа, Норвеги, Польш, Орос, Финлянд, Франц, Швейцарь, Исланд, Эквадор гэх зэрэг нийт 21 оронд хандсан байдаг.
Гэхдээ зөвхөн манай хойд хөрш л хүсэлтийг нь ёсоор болгож зүрхэлсэн гэхээр Сэм ахын мутар ямар хол сунадаг нь ойлгомжтой. Одоо ямар ч гээч “лам нар” ирээд Путинийг ямар айрагтай саванд нь булхуулахыг хүлээх л үлдлээ. Ямар ч байсан эхний ээлжинд “оргодолд” орогнол өглөө гэж уурласан Обама Путинтэй хийх ёстой байсан уулзалтаа болиулснаар үзүүлэх дарамтыг өөр төвшинд шилжүүлсэн юм. Уурлаж бухимдсан америк улстөрчид Сочийн Олипмпод тамирчдаа явуулахгүй гэдгээс эхлээд Оросыг “Их найм”-аас хөөх хүртэл Путинийг “айрганд булхуулах”янз бүрийн санал гаргасан. Зарим нь их бага хэмжээгээр хэрэгжээд эхэлсэн биз. Гэхдээ оросуудын үзүүлсэн орогнол нь ганц жил гэсэн хугацаатай болохоор булхахаа түр хойшлуулаад нэг жил харъя гэж байж болох юм.
Эцэст нь дээр тавьсан асуултын хариу болгож хэлэхэд Сэм ах гэдэг эзний мутар дэлхийн хаана ч гэсэн хүрч чаддаг юм шүү. Ялангуяа АНУ-ын ашиг сонирхолд нийцээгүй эсвэл зөрчилдсөн, аюулгүй байдалд нь заналхийлэн уур уцаарыг нь хүргэсэн тохиолдолд. Ирак, Ливи, Югослав, Афганистан зэрэг улсаас эхлээд Милошевич, Каддафи, Хусейн, Бин Ладен, Мубарак гэх мэт улстөрч, олон улсын хар тамхи ба зэвсгийн наймаачид, хакерууд, Гуантанами дахь шорон үүнийг бэлхнээ харуулж байна. Хөөрхий Сноуден яадаг л бол доо?