Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАРАА НЬ ТУРК УУ?

Египет улсад сүүлийн долоо хоногийн дотор олон ээдрээтэй үйл явдал болж өнгөрлөө. “Лалын ахан дүүс” нэртэй шашны хэт явцуу үзэлтнүүдийн бүлэглэлийн төлөөлөгч Мурси Ерөнхийлөгчөөр сонгогдоод нэг жил болж байгаа нь ээдрээ үүсэх гол шалтаг болж таарлаа. Египет улсыг шашинжуулах гэлээ, улмаар тус улсад  жил болгон ирдэг хэдэн арван сая жуулчдыг үргээлээ гэж буруутгаж буй.
Ерөнхийлөгч Хосни Муба­ракийг унагаж байхад армийн удирдлага төвийг сахисан байр суурь баримталсан тулдаа олон хүний аминд хүрсэн дайн тулаан үүсээгүй. Гэтэл одоогийн Ерөнхийлөгч Мурсигийн хувьд байдал огт өөр болж хувирлаа. Учир нь, армийн удирдлага улс орныг шашинжуулахыг анхнаасаа эсэргүүцэж байсан сэхээтнүүдийн удирдлагад байсан аж. Тиймээс одоо ийм байдал үүсч байна. Нэг нь, улс орныг шашинжуулна, нөгөө нь үгүй гэх. Ямартай ч, ирж байгаа мэдээнээс үзвэл армийнхан Ерөнхийлөгч Мурсийг баривчлан гэрийн хорионд хийсэн аж.
Аялал жуучлал эдийн засагт нь эзлэх хувь өндөртэй байдаг Египет шиг улсын хувьд шашны хэт явцуу үзэл давамгайлна гэдэг хэдэн саяар тоологдох жуулчдын тоог огцом цөөлнө гэсэн үг. Хэт явцуу үзэл гэдэг зөвхөн өөрийн байр суурийг зөвтгөөд, бусад ямар ч үзэл байсан үгүйсгэхийг хэлдэг. Ийм нөхцөлд христийн шашинтан гол төлөв байдаг Европ, Оросын жуулчид лалын шашны хэт явцуу үзэлд автсан улс руу хэдэн саяараа явах нь юу л бол. Тэр тусам саяны үймээний үеэр Америкийн Элчингийн ажилтан алагдаж, АНУ ба Их Британийн Элчин сайдын яамд өөрийн иргэдийг Египет рүү очихгүй байх зөвлөгөө өгч эхэлсэн нь ээдрээ ямар хэмжээнд хүрснийг харуулав.
Мурси нь гарцаагүй бай­далд ороод Ерөнхий­лөгчийн суудлаа авч үлдэх болзолтойгоор бага хэмжээний өөрчлөлт хийх саналыг цэргийнхэндээ тавьсан ч, нөгөөдүүл нь зөвшөөрсөнгүй.
“Аравийн хувьсгал” нэртэй үйл явдлын дараагаар төр эргэсэн улс болгонд Засгийн газрын эрх ба парламентын олонхийг лалын шашны явцуу үзэлтнүүд гол төлөв авсан. Ийм нөхцөлд арми, эдийн засгийн боломжоороо бүс нутагтаа асар их нөлөөтэй Египет улс тэр аяараа лалын шашны үзэл суртлаар амьдардаг байна гэдэг байж боломгүй биш юм гэхэд хүлээн зөвшөөрөхөд их хэцүү асуудал билээ. Учир нь, үнэхээр ингэж шашны явцуу үзлээр амьдардаг болбол Израйлиас эхлээд олон улсын харилцааны олон асуудал таагүй байдалд өрнөж эхэлнэ. Гэтэл дэлхийн №1 гүрэн болох АНУ-ын хувьд Израйль нь Ойрхи Дорнод дахь хамгийн чухал, стратегийн гол түнш нь байгаа.
Магадгүй, ийм ч болоод АНУ, Их Британи, Герман гэх мэт улс Египет улсад бүрэлдээд байгаа байдлын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байх. Үгүй байсан бол ардчилал, хүний эрх, шударга ёс гэх мэтээр олон мэдэгдэл хийж, эсэргүүцэл илэрхийлээд эхэлчихсэн байх ёстой. Ядаж байхад Мурси нь Израйль ба Палестины хооронд болсон ээлжит ээдрээг намжаахад маш чухал үүрэг гүйцэтгэж АНУ болон Европын холбооны зүгээс ихээхэн бонус авсан. Ийм нөхцөлд тэд Мурсийг шууд дэмжсэн мэдэгдэл хийж болохгүй. Тэгвэл ардчиллын эсрэг, лалын хэт явцуу үзэлтнүүдийг дэмжсэн болно. Нөгөө талаас Мурсийг шууд үгүйсгэсэн мэдэгдэл хийвэл түүнийг дэмжигчид ялсан тохиолдолд бүс нутаг дахь гол түншээ алдсан хэрэг болох гээд байдаг.
Ийм нөхцөл өөр нэг улсад бас давтагдаж магадгүй болоод байгаа. Тэр улс нь Турк.  Туркт Египеттэй адилаар Засгийн газраа эсэргүүцэгч хэдэн зуун мянган хүн жагсч байгаа. Тус улстай бас адил нэг зүйл гэвэл Ерөнхий сайд Эрдоган нь армийн удирдлагатайгаа эелдгээр хэлэхэд таагүй харилцаатай. Жилийн өмнө Армийн өндөр дээд удирдлага болох хэдэн генералыг төрийн эргэлт гаргахыг завдсан гээд шоронд хийчихсэн. Туркийн арми нь Ататюркийн явуулсан улс төрийн өөрчлөлтийг тууштай баримтлагч гэдгээ боломж гарах болгонд тодруулдаг. Ататюрк нь шашин төр хоёрыг ялгаж, лалын шашныг Турк улсын гадаад бодлогод нөлөөлөхгүй болгож өгсөн онцгой гавьяатай хүн.
Харин Эрдоганыг гаргаж ирсэн нам нь Туркийн нийгмийг лалын шашны дэг жаягаар явуулахыг ихэд хичээж байгаа. Ийм нөхцөлд, арми нь лалын шашны дэг жаягийг нэвтрүүлэхийн эсрэг, Ерөнхий сайд нь нэвтрүүлэх гээд байгаа болохоор байдал яг ямар тийш эргэхийг хэлэхэд хэцүү.
Гэхдээ их эвгүйтвэл Турк улсад Египеттэй адил үйл явдал болж армийн удирдлага нь Ерөнхий сайд Эрдоганыг баривчлахад тулж ч магадгүй гэдгийг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч хамаг удирдлагыг нь барьж шоронд хийсэн гэх мэт гомдол, өс хонзон Туркийн армийн удирдлагуудад хан­галттай бий. Дээр нь, хүн амынх нь дийлэнх Эрдоганы явуулж буй шашинжуулах бодлогыг эрс эсэргүүцэж байгаа билээ. Жишээлэхэд, лалын шашны шариатын хуулийн дагуу эл шашныг дагагчдыг бүх л төрлийн согтууруулах ундаа уухыг хориглосон байдаг. Гэтэл Эрдоган нь Туркийн хэмжээнд 22 цагаас хойш согтууруулах ундаа зарах, гудамж талбайд ил задгай шар айраг уухыг хориглосон. Үүнийг залуучууд өөрсдийн эрх чөлөөнд шууд халдсан хэрэг гэж хүлээн авч, тасралтгүй бүтэн сар явж байгаа жагсаалын үеэр шар айраг ууж эсэргүүцлээ илэрхийлж байна.
Үнэхээр Туркийн армийн­хан ээдрээтэй нөхцөл байдалд санаачилгаа гартаа авна гэвэл бүс нутагтаа мөн л асар чухал үүрэгтэй бас нэг улсад төр эргэж магадгүй хэмжээнд очно. Хэрэв ингэвэл Сирийн асуудлаас эхлээд Израйль ба Палестин хүртэл бүс нутгийн маш олон ээдрээтэй асуудалд оролцогчдын байр суурь огцом эргэж эхэлнэ. Туркийн армийнхан засгийн эрхийг гартаа авбал наад зах нь Сирид болж буй иргэний дайны асуудал өөр болж эхэлнэ.Эрдоган илэрхий лалын шашны суннитуудыг дэмжсэн бодлого явуулж Сирийн босогчдын ил цагаан дэмжиж байгаа. Албан бус зарим мэдээгээр босогчдод химийн зэвсэг өгөх хүртэл хэмжээнд дэмжиж байгаа аж. Харин Эрдоган унавал Башар Асад ч түр зуур чөлөөтэй амьсгалах боломжтой болно гэсэн үг. Тэгээд ч Мурси нь Сирийн албан ёсны Ерөнхийлөгч Башар Асадыг түлхэн унагах байлдааны ажил­л­агаа явуулахыг шаардсан хүн. Одоо өөрөө унах гээд байгаа цагт юун Асадтай манатай биз.
Тэгэхээр бүс нутаг дахь хамгийн том лалын шашинт улсууд болох энэ хоёрт төр эргэвэл тухайн газар нутгийн төдийгүй дэлхийн улс төр, эдийн засгийн байдалд ихээхэн хэмжээний өөрчлөлт гарах  нь гарцаагүй.
Египетийн жишээгээр Туркийн армийнхан төрийн эрхийг гартаа авах уу үгүй юү гэдэг л гол асуудал болж байна.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
edgeer ulsuud usa dalbaan dor busad ulsiin heregt denduu hundlunguus oroltssonii l une tsene dee,
Хамгийн их уншсан