Уур нь хүрсэн том гүрэн жижиг орноо хүссэн байдлаар дээрэлхэх юм. Дуулиант Сноуденийн тарьсан ээдрээ одоо жижиг улсуудыг чирэх хэмжээнд хүрэв. Урд нь Орос ба Хятад гэсэн том гүрнийг хамраад байсан асуудал жижиг улсыг хэлмэгдүүлж эхэллээ. Ийм нэг үйлдэл Боливийн Ерөнхийлөгч Эво Моралест тохиолдлоо. Хөөрхий жижигхэн Боливи улсын Ерөнхийлөгчийн суусан онгоц Австри улсын нутаг дээгүүр нисч явтал гэнэт Португаль ба Франц улс домогт Сноуденийг Моралесийн онгоцонд сууж явж байж магадгүй гэж үзээд нутаг дээгүүрээ нисч гарахыг хориглосон байна. Үүнээс болоод хөөрхий жижиг улсын Ерөнхийлөгчийн сууж явсан онгоц цааш хил нэвтрэхээ болиод Австрийн нийслэл Вена хотод албан хүчээр газарджээ. Шалтгаан нь алдарт Сноуденийг Моралес онгоцоороо нууцаар тээж явсан байж магадгүй гэсэн тагнуулын мэдээ ирснийх гэнэ. Газардсаных нь дараа Австрийн тусгай албад Ерөнхийлөгч Эво Моралесийн онгоцонд Эдвард Сноуден байхгүй гэж албан ёсоор мэдэгдсэн байна.
Өөрсдийг нь тагналаа гэж уурлаж, бухимдаад байсан Европын холбооны орнууд үнэн хэрэг дээрээ жижиг орнуудыг яаж дээрэлхэж байгааг энд бодитоор харуулж байгаа хэрэг юм. Боливийн Ерөнхийлөгчийн хэвлэл төлөөлөгч нь Америкийн эрэн сурвалжилж байгаа хүн байж болзошгүй гэсэн шалтгаанаар албан хүчээр огт төлөвлөөгүй байсан улсад Ерөнхийлөгчийг албадан буулгасанд асар ихээр бухимдлаа.
Зүгээр нэг бухимдсангүй Боливи улсын Гадаад харилцааны сайд нь албан хүчээр Вена хотод газардсан энэхүү тохиолдлыг “асар их доромжлол” гэж нэрлээд энэ асуудлыг авч хэлэлцэхийн тулд Өмнөд Америкийн үндэстнүүдийн холбоо буюу “UNASUR” –ын төлөөлөгчдийг яаралтай дуудан хуралдуулахыг уриаллаа.
Ингэж уурлахаас өөр аргагүй гэж болно. Учир нь хэрэв америкчууд нууц мэдээллийг сэм тагнаж байна гэдгийг мэдсэн даруйдаа бараг л гадаад харилцаагаа таслах хэмжээнд хүрсэн Франц улсын хийсэн үйлдэл учраас. Франц ингэтэл их уурлаж, бухимдсан атлаа зүгээр л дотор нь Сноуден байж магадгүй гэсэн сургаар бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгчийг нутаг дэвсгэр дээгүүрээ нисч өнгөрөхийг хориглоно гэдэг тун ч таагүй, хоёр нүүр гаргасан асуудал. Францын Ерөнхийлөгч Олландыг Боливийн нутаг дээгүүр нисэх гэхэд нь яг адил байдлаар зөвшөөрөл өгөлгүй өөр улсад албадан буулгасан бол юу болох байсныг та төсөөлж байна уу?
Франц улс нь Боливид бараг л дайн зарлах хэмжээнд тулах байлаа. Гэтэл өөрийн газар нутаг дээгүүр нисэхийг нь хориглож, өөр улсын нутаг дээр Ерөнхийлөгчийн онгоцыг албадан буулгачихаад юу ч болоогүй юм шиг Австри улсын тусгай албадаас онгоц дотор нь Сноуден алга байна гэсэн мэдээ аваад сууж байдаг.
Эво Моралес нь Америкийн эсрэг үзэлтэй, Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уго Чавесын “улаан фэн”, дотны хүн гэдэг нь байдлыг улам ээдрээтэй болж байгаа билээ. Учир нь Европын орнууд хэдий их бухимдсан ч гэлээ үнэн хэрэг дээрээ Америкийн үгээр явдаг хэвээр, Америкийн эсрэг бодлого явуулсан хэнийг ч гэлээ дуртай үедээ Сэм ахад бариад өгөхөд бэлэн гэдгэээ харуулж байгаа юм.
Оросын Ерөнхийлөгч Путин эсвэл Хятадын тэргүүн Ши Жинпинь нисч явсан онгоцыг ингэж зогсоосон бол дэлхийн гуравдугаар дайн үүсэх хэмжээнд хүрнэ. Тэгэхээр Европчууд энэ хоёр улсын төрийн тэргүүний сууж явсан онгоцыг ямар ч тохиолдолд албан хүчээр газардуулахгүй. Дээр нь Казахстан, Туркменстаны Ерөнхийлөгч явж байсан онгоцыг ч буулгахгүй. Нэг нь ураны ба газрын тос, шатдаг хийн олборлолтоор дэлхийд тэргүүлдэг, нөгөөх нь шатдаг хий ба газрын тосны Европт нийлүүлдэг хэмжээгээрээ тэргүүлэгч орны нэг. Ийм хоёр орны Ерөнхийлөгчийн сууж яваа онгоцыг албан хүчээр газардуулбал их таагүй байдал үүснэ. Юуны өмнө Каспийн тэнгисээс Европ шатдаг хий авах эх үүсвэрээ хаана, дэлхийн хэмжээнд ураны хамгийн том нийлүүлэгчтэй харьцаагаа муудуулна гэдэг их таагүй.
Тэгэхээр Баруун Европын том орнууд үнэхээр хоёр нүүр гаргаж байгаа нь илт. Хэрэв Боливийн Ерөнхийлөгч Америкт талтай байгаад дээр нь уран, зэс, нүүрс гэх мэт чухал ач холбогдолтой түүхий эдээр баялаг орон байсан бол буулгаж чадахгүй. Харин газар нутаг жижиг, далайд гарцгүйн дээрх байгалийн баялагаар хомс, хамгийн гол нь Америкт талгүй гэдгээр нь хөөрхий Эво Моралесийн онгоцыг албан хүчээр огт очихгүй гэж байсан улсынх нь нийслэлд буулгаж орхив. Зүгээр ч буулгасангүй Австричуудын гараар могой бариулж онгоцонд нь Сноуден байхгүй гэдгийг шалгуулаад авчээ.
Энэ үйлдэл нэг бодлын инээдэмтэй мэт санагдаж болох ч Өрнөдийн орнууд жижиг гэсэн тодотголтой оронд ямар байдлаар ханддагийг их тодоор илчлэн харуулсан үйл явдал боллоо.
Америкийг ардчиллын үндсэн зарчим болсон зүйлсийг зөрчин хууль бусаар өөрийн төдийгүй өрөөлийн хэдэн сая иргэний яриаг өдөр тутам чагнасан гэдэг нүүрэн дээрээ уурласан дүр гаргана. Харин үнэн хэрэгтээ хөөрхий Боливийн Ерөнхийлөгчийн нисч явсан онгоцыг өөрийн нутаг дээгүүр нисэхийг нь гэнэт хориглоод албадан буулгачихдаг. Америк биднийг дээрэлхэж болох ч бид бол чамайг хүссэн үедээ чадна шүү гэж хэлж байгаатай агаар нэг.
“Амьтны ферм ”, “1984” гэсэн домогт бүтээлүүдийг туурвисан Жорж Оруэллийн бүтээлийн нэг баатрын тунхагласанчлан “Амьтан болгон хоорондоо тэгш эрхтэй. Гэхдээ зарим амьтад нь илүү тэгш эрхтэй” гэгч зүйл бодит амьдрал дээр хэрэгжиж байгаагийн жишээ энэ.
Манай улс ч асар их байгалийн баялгаа хэнтэй, хэдийд ашиглахаа өөрсдөө мэднэ гэх мэтээр “томроод” эхэлбэл бидэнд үнэхээр их хайр зарлаад байсан өрнөдийн орнууд маань энэ мэт хачин үйлдэл хийж нэгд өөрсдийн бярыг харуулах, хоёрт хоорондоо бодит байдал дээр ямар их эв нэгдэлтэй байдгаа харуулах нь гарцаагүй.