Холливудын нэрт жүжигчин Том Хэнксийн тоглосон “Нисэх буудал” гэдэг алдарт кино байдаг даа. Өөрийнх нь улсад төрийн эргэлт гарснаас болоод америкчууд эх орондоо нэвтрүүлдэггүй гэсэн атлаа буцаж болдоггүй. Түүн шиг америкчууд барьж авах гээд байгаа болохоор ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден бас Оросын Шереметьевийн буудалд хоргодоод байна.
Ер нь ийм тохиолдол байсан уу. Байжээ. Долоо хоногоос илүү хугацаагаар нисэх буудалд хоноглосон долоон тохиолдол энэ.
1. Мехран Карими Нассери.
Энэ бол хамгийн удаан хугацаагаар нисэх буудалд амьдарсан хүн. Стивен Спилберг ч “Нисэх буудал” киногоо үүнээс сэдэвлэсэн гэдэг. Ираны энэ дүрвэгч Парисын Шарль де Голийн нэрэмжит нисэх буудалд 1988 оны наймдугаар сарын 26-наас 2006 оны долдугаар сар хүртэл бараг 18 жил амьдарсан хүн. Тэр эсэргүүцлийн жагсаалд оролцсоны учир НҮБ-ын улс төрийн дүрвэгсдийн статустайгаар Их Британи орох гэж явж. Гэвч түүний бичиг баримтыг нь хулгай авснаас болоод Лондон хүлээж авалгүй Парис руу буцааснаар түүх эхэлсэн. 2006 онд өвчний учир эмнэлэгт хэвтэж удалгүй Парисын орон гэргүйчүүдийн нэгэн байр луу илгээсэн.
2. Санжай Шах
Их Британийн далайн газар нутгийн паспорттой, Кенийн энэ иргэн Англид түр очих зөвшөөрөлтэй ч удаан хугацаагаар үлдэх сонирхолтой байж. Их Британийн цагаачлалын алба татгалзаж буцааснаар Найробийн нисэх буудалд 2004 оны тавдугаар сараас 2005 оны долдугаар сар хүртэл нэг жил илүү амьдарсан. Бусдаас ялгарах нэг зүйл нь түүнийг хэн ч Кенид орохыг татгалзаагүй байхад өөрөө сайн дураараа үлдэж нисэх буудалд амьдарсан. Энэ эсэргүүцлийнхээ хүчээр тэр Их Британийн иргэншил, паспорт, бүр Англи руу нисэх тасалбар авч чадсан.
3. Хоёр хүүхэдтэй Захра Камалфар
Ираны дүрвэгч Захра Камалфар хоёр хүүхэдтэйгээ Москвагийн Шерметьевийн нисэх буудалд 2006 оны тавдугаар сараас дараа жилийнх нь гуравдугаар сар хүртэл амьдарсан. Иранд хүний эрхийг зөрчиж байгааг эсэргүүцэн жагссаных нь төлөө түүнийг нөхөртэй нь хамт 2004 онд баривчилсан. Нөхрийг нь цаазалж, Захраг 2005 онд сулласан байна. Тэр хоёр хүүхдээ аваад Канадад цагаачлахаар шийдэж Туркээр дамжин Москвад буусан ч Герман руу явуулчихаж. Герман хүлээж авалгүй Москва руу буцааснаар ийн жил орчим амьдарч. 2006 оны арваннэгдүгээр сард оросууд түүнийг Иран руу буцаана гэхэд Захра судсаа ханаж эсэргүүцсэн. Эцэст нь НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хороо шийдвэр гаргаж тэд 2007 оны гуравдугаар сард Канад руу ниссэн байна.
4. Хирош Нахара
Энэ бол хамгийн үл ойлгогдох тохиолдол. Японы энэ иргэн Мексикийн нийслэлд 2008 оны есдүгээр сарын 2-нд жуулчны визтэй ирж. Гэтэл үл ойлгогдох шалтгаанаар Бенито Хуаресийн нэрэмжит нисэх буудалд 2008 оны арванхоёрдугаар сарын 28 хүртэл амьдарч тэр хавийнхны дунд алдаршсан. Дараа нь бас л яагаад ч юм Оюки гэдэг эмэгтэйтэй тааралдаж гэнэт л нисэх буудлаа орхиод өнөөх бүсгүйгээ аваад гэртээ буцсан.
5. Фенг Женгу
Өөрийнх нь эх орон Хятад руу буцаахыг эсэргүүцэж Токиогийн Нарита нисэх буудалд бас л гурван сар амьдарсан хүн. Тэрээр Хятадад хүний эрхийг зөрчиж байгаа хэмээн эрх баригчдыг шүүмжилсэн учир эргэж очвол баривчлагдана гэж мэдэгджээ. Нисэх буудалд түүнтэй хятадын дипломатууд уулзаж Шанхай руу буцах юм бол Японд оруулах талаар ярьж өгнө гэж ятгасан. Гэвч Фенгийн хэлсэн үнэн болж түүнийг гэрийн хорионд оруулсан байна.
6. Гарри Питер Остин
Энэ британи эр шинэ тасалбар авах мөнгөгүйгээсээ болоод Филиппиний олон улсын нисэх буудалд бүтэн 23 хоносон. Тэр уг нь энд шинэ оныг угтахаар 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд ирсэн ч 2013 оны нэгдүгээр сарын 11 хүртэл нисэх буудалд байсан. Төгсгөлд нь сайн санаат хүмүүсийн хандиваар шинэ жилийн бэлгэнд гэртээ буцах тасалбар авсан.
7. Хайнц Миллер
46 настай, нисгэгч байсан энэ герман эр интернетээр танилцсан бүсгүйтэйгээ уулзахаар Рио де Жанейрод ирсэн. Харамсалтай нь хайрт нь нисэх буудалд дээр угтаагүй, тэгээд тэр хамаг мөнгөө яах ийхийн зуургүй үрчихсэн. Ингээд л Бразил дахь аялал нь Кампанисын нисэх буудалд төгсгөл болж 2009 оны аравдугаар сард эндээ 13 хоноход хүрсэн. Түүнийг сэтгэцийн эмнэлэгт хүргэснээр энэ аялал өндөрлөжээ.