Украины Николаевскийн районы Врадиевка тосгонд гарсан хэрэг хууль хүчний байгууллагыг сандралд оруулаад байна. Тэндэхийн 29 настай бүсгүйг хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн хэрэг гарчээ. Хэргийн гол нь энэ хэргийг орон нутгийн цагдаагийн хоёр ажилтан, таксины жолооч нэгэн эр гурвуул нийлж үйлдсэнд байгаа юм байна. Цагдаагийнхан одоо тэдний хоёрыг нь баривчилжээ.
Тосгоны оршин суугчид ч бөөн эсэргүүцэл, бухимдал. Нутгийн иргэн Сергей Ефимов шууд л “Олон нийт ийм булай явдлын эсрэг жагсацгааж байна. Буруутай, гэмт этгээдүүд, хүчирхийлэгчдэд зохих ялыг нь өгөхгүй бол цаашид ч жагсч, эсэргүүцлээ илэрхийлэх болно. Тэднийг, тэр өөдгүй нөхдийг бидэнд өгөх хэрэгтэй, бид хариуцлага тооцно” гэж байна.
Нутгийнхан хүчирхийллийн золиос болсон Ирина Крашковагийн тухайд бүгд ам сайтай, их эелдэг бүсгүй байсан гэцгээж байна. “Бид түүнийг сайн мэднэ. Сургуульд байхдаа сайн сурлагатай хүүхэд байлаа. Дараа нь нягтлан бодогчийн мэргэжил эзэмшин дэлгүүрт ажиллах болсон. Хүүхэд төрүүлсэн. Гэтэл юу болж байна аа. Цагдаа нар гэдэг чинь хэн бэ” гэцгээж байна.
Крашкова одоо Николаевын эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. “Тархи нь хэд хэдэн газраа цөмөрсөн, нүүр нь бол эрүүл газар бараг байхгүй. Би эхнэртэйгээ дэргэд нь байнга сахиж байна” гэж бүсгүйн ах Геннадий Крашков хэлж байна.
Ирина 11 настай хүүтэй, тэр нь одоо ээж дээр нь байгаа гэнэ. Зээ хүүгээ харж байгаа 69 настай тэр хөгшин уйлаад л сууж байна. “Ирагаа сайн сурлагатай болохоор нь дээд сургуульд оруулах гэж байсан ч гурван хүүхдээ ганцаар өсгөж байгаа надад мөнгө хүрэлцээгүй. Тэгээд л охин минь нягтлан болсон. 17-той байхдаа хүнтэй танилцаж хүүтэй болсон ч нөхөр нь орхиод явсан” гэж ярьж байна.
Хэрэг гарсан оройн тухайд ээж Мария Кириловна “Тэр орой охин минь надтай өргөст хэмх даралцаж байснаа зугаалахаар гарсан. Манай тосгоны зугаалдаг ганц газар чинь дискотек л доо. Тийшээ л явсан. Гэтэл тэндээс тарахад нь цагдаа нар таарсан юм билээ. Тэгээд л машинд хүчээр суулгаж аваад хээр аваачсан гэсэн. Тэгээд зодоод, хүчирхийлсэн. Хүзүүний зүүлт, цүнхэнд байсан мөнгө, чихнээс нь алтан ээмгийг нь авсан гэж байгаа. Хоёр дахийг нь авах гэтэл салахгүй болохоор чихийг нь сэт татаад авсан. Тэгээд тархи руу нь алхаар хэд хэдэн удаа цохиод Серово тосгоны тэнд хаячихсан байна.
Хөөрхий минь өөрөө дараа нь ярихдаа, бурхны авралаар мөлхөж эхний байшинд хүрээд л нэг эмэгтэйтэй тааралдаж тусламж гуйсан гэсэн. Гэхдээ шууд л цагдаа битгий дуудаарай, зүгээр л түргэн тусламж дууд гэсэн юм билээ” гэж ээж нь нулимсандаа хахаж цацан ярьж байна.
Хэрэг гарсны маргааш орой тосгоны цагдаагийн газрын гадаа нутгийн иргэд жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэр шөнөдөө районы шүүхээс цагдаагийн дэслэгч Дмитрий Полищук, таксины жолооч Рябиненко нарыг баривчлан саатуулах шийдвэр гаргасан байна. Сэжигтэн, цагдаагийн ахлах дэслэгч Евгений Дрижакийг хараахан баривчлаагүй байгаа юм байна.
Ирина бүсгүй хэрэг гарахаас хэдхэн өдрийн өмнө өөрийнхөө цахим хуудсанд, далайгаар зугаалж, наран шарлагын газарт, нар шингэх үеэр жинхэнэ романтик оройн хоол идэхсэн гэж бичсэн байж. Мөн хүү Дмитрийгээ нөхөдтэйгээ эв эетэй, сайн хүн болгоно гэсэн байжээ.