Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ам ба ажлын ялгаа


Хүн аман дээрээ юу ч гэж ярьж болох ч ажил нь зөрөөд эхлэхээр хамт байдаг хүмүүс нь худалч гээд эргэлзэж эхэлдэг. Улс орон мөн л адил. Америкчууд ардчилал, хүний эрх, үг хэлэх эрх чөлөө, хувийн нууцыг хадгалахын төлөө гэж сүртэй зарчим гаргаж, эдгээр зарчмаа хамгаалахын төлөө яахаас ч буцахгүй, ямар ч дайсны өмнө холбоотнуудаа байж болох бүх замаар хамгаална гэж мэдэгдсэн.

Гэтэл Америкийн Тагнуулын төв газар ажилладаг байсан Эдвард Сноуден гэгч нөхөр олон тооны мэдээллийг ил болгосны дараа америкчуудын ам ажил хоёр хоорондоо алд илүү зөрөөтэй байгаа нь дэлхий нийтэд ил болж ихээхэн дуулиан дэгдээд байна. Учир нь Америкийн тусгай албад өөрийн сая сая иргэдийн гар утасны яриа, интернэт хандалтыг өдөр болгон хянадаг төдийгүй Европын холбоо дахь өөрийн хамгийн ойрын түнш орнуудын Элчин сайдын яам, албадуудын электрон шуудан, мессэжийг нууцаар уншдаг, яриаг нь чагнадаг байсан гэдгийг Сноуден илчилсэн юм.

Сноудений ил болгосон мэдээнээс үзвэл АНУ-ын Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь Европын холбооны албад, Франц, Итали, Грек, Япон, Мексик, Өмнөд Солонгос, Энэтхэг, Туркийн төлөөлөгчийн газар гээд 38 орон түүний дотор Европын холбооны гишүүн 28 орны Элчин сайдын яам, тусгай албыг нь хүртэл нууцаар чагнадаг байсан болж таарлаа.

Бүр хүйтэн дайны үеэс АНУ Европ дахь гол түнш орнуудынхаа албадын яриаг нууцаар чагнана гэдэг Европын орнуудын хувьд маш хүнд цохилт юм. Тэгэхээр үүнд бусад улс орны зүгээс ихээр хилэгнэж байгаа нь ойлгомжтой. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд гэхэд л тагнах ажиллагааг бүрэн зогсоох хүртэл Америктай хийж байсан бүх хэлэлцээрийг  түр хугацаагаар хаах тушаал өгөв. Бельгийн Гадаад хэргийн сайд нь тус улсад суух Америкийн Элчинг дуудан тагнуулын үйл ажиллагааны талаар тайлбар өгөхийг нэлээд хатуу шаардав. Германы Гадаад хэргийн сайд мөн адил мэдэгдэл хийж энэ талаар Европын холбоо нэгдсэн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэлээ. Европын холбооны гадаад харилцааны сайд нь яриа, электрон шуудан, мессэж мэдээг нууцаар уншиж байсан явдал нь саяхан их наймын уулзалтын үеэр тохиролцсон чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг бүрэн үгүйсгэж ч магадгүй тухай мэдэгдэл хийв.
Хятад эсвэл Оросын Элчин, дипломат ажилтнуудын яриаг чагнадаг байсан гэвэл онц гайхах хүн гарахгүй байсан биз. Учир нь энэ хоёр бол геополитикийн төвшинд Америкийн гол өрсөлдөгчид. Гэтэл хамгийн сайн түнш орнуудынхаа гадаад харилцааны ажилтнуудын яриаг чагнана гэдэг нь дээр ярьсанчлан ам ба ажил хэрэг хоёр нь хоорондоо алд дэлэм зөрсөн хэрэг болж байгаа билээ.

ХБНГУ-ын Гадаад харилцааны яамны сайд Гидо Вестервелле “АНУ-ын үндэсний аюулгүй байдал нь түнш орнуудаа нууцаар тагнахыг зөвтгөх шалтгаан биш” гэж мэдэгдсэн нь бухимдлын хэмжээ хэр байгааг харуулж байна. Америк ба өрнөдийн бусад орны төрийн албадын сервер рүү хакерийн дайралт хийдэг гэж байнга буруутгагддаг Хятадын тал хүртэл Америкийг дэлхийн хамгийн аюултай кибер гэмт хэрэгтнээр зарлаж хариугаа авсан.

Маш эвгүй байдалд орсон Америкчууд нэг талаас улсынхаа нэрийг олон улсын тавцанд айхтар унагачихалгүй авч гарах, нөгөө талаас хамаг нууцыг нь дэлгэсэн Сноуденийг нутагтаа эргүүлэн авчирч шийтгэх гэсэн хоёр амаргүй зорилт хэрэгжүүлэхээр уйгагүй ажиллаж байна.

Москвагийн нисэх буудлын транзит тэнхимд орогнож байгаа Сноуденийг Америкт хүлээлгэн өгөх талаар Оросын Ерөнхийлөгч Путин хэлэхдээ “Орос хэзээ ч хэнийг ч хэнд ч барьж өгч байгаагүй. Орост ч  нэг ч улс хэн нэгнийг баривчлан хүлээлгэж өгч байгаагүй. Тиймээс ноён Сноуденийг баривчлан Америкт хүлээлгэж өгөх тухай яригдахгүй. Харин Сноуден Орост орогнол олохын тулд манай Америк түншүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулахаа болих ёстой” гэжээ.

Орос, Герман, Франц, Япон, Хятад гээд дэлхийн геополитикийн голлох үүрэгтэй тоглогчдын Элчин сайдын албадын яриаг нууцаар чагнана гэдэг манайх шиг жижиг улсын хувьд бол бүр яриад ч хэрэггүй асуудал болж таарч байгаа юм. Манай улсын хүн ам гурав хүрэхгүй сая. Гэтэл тусгай албад чагнах ажиллагааныхаа явцад хэдэн арван сая хүний утасны яриа, мессэж, имэйлийг онлайнаар шалгаж байсан гэх. Иймд манайх шиг орны цөөн хэдэн улстөрч, дипломатчдын утасны яриа, электрон шууданг хянана гэдэг хүүхдийн тоглоом л гэсэн үг. Тэгэхээр Америктай холбоотой ямар нэгэн таагүй, хууль бус бизнес эрхэлдэг хүмүүс аль  хэдийнэ энэ улсын тусгай албадын хараанд өртчихсөн, бүх яриа, мессэжийг чинь бүртгээд авчихсан байгаа шүү гэж хэлмээр байна.
Ингэхэд манай улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамдынхаа кибер аюулгүй байдлыг хэрхэн хангаж байдаг юм бол.  Интернэтгүй юм гэж үгүй болохын хэрээр энэ салбарын аюулгүй байдлын асуудал жил ирэх тусам улам бүр хурцаар тавигдах болсныг Сноудений хэрэг харуулж байна. Манай улс энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, кибер аюулгүй байдлаа хамгаалахад түлхүү анхаарах хэрэгтэй болжээ.

Харин энэ зуур нутагтаа очвол цаазаар авах ял авч магадгүй байгаа Сноуден нь Эквадор, ОХУ гээд нийт 15 орноос улс төрийн орогнол хүссэн өргөдөл явуулсан байна. Ямартай ч Ассанжийг орогнуулсан Эквадор улс их аятайхан тоглолт хийчих шиг боллоо. Учир нь Америк руу татварын хөнгөлөлттэй гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдээ цаашид ч  хөнгөлөлттэй гаргана, үгүй бол Сноуденийг орогнуулна гэж авсаархан сүрдүүлэг хийсэн бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан