Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эцэс төгсгөлгүй хувьсгал


Улс орны эв нэгдэл гэж ямар чухал болохыг харуулсан үйл явдал Египетэд болж байна. “Аравийн хавар” нэртэй  өрнөсөн төрийн эргэлтийн дараа засгийн эрхийг гартаа авсан “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн нэлээд хүнд байдалтай тулгарлаа. Энэ хөдөлгөөнийхөн Египет улсыг лалын шашны Шариатын хуулиар амьдардаг улс болгох гэж зүтгэжээ. Харин хүн амынх нь дийлэнхэд огт таалагдахгүй байгаа бололтой.

Мурси Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид өнгөрсөн сарын сүүлээр дөрвөн сая гаруй хүнтэйгээр гудамжинд жагсаал хийлээ. Зүгээр ч нэг жагсаал хийсэнгүй Мурсийг огцруулах хөдөлгөөн өрнүүлж, 22 сая хүний гарын үсэг цуглуулсан байна. Болзошгүй үймээн самуунаас сэргийлсэн армийнхан жагсагчдыг Египет орон даяар агаараас хянаад долоон сая гаруй хүн гудамжинд гарч жагслаа гэж тоолжээ.

Гэтэл “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн Рабиа аль-Адауия сүмийн ойролцоо мөн дөрвөн сая дэмжигчдийнхээ жагсаалыг хийж байна гэж мэдэгдэв.
Тэгэхээр одоогоор Египетийн нийслэлд Мурсийг эсэргүүцэгч ба дэмжигч найман сая хүн жагсч байна гэсэн үг. Энэ бол шууд иргэний дайны байдалд орж буй хэрэг. Хотод нь найман сая хүн өөд өөдөөсөө хараад бие биеийнхээ үзэл бодлыг үгүйсгээд жагсч байна гэдэг тун ч таагүй зүйл нь ойлгомжтой.
Мурсийг эсэргүүцэгчид нь “Лалын ахан дүүс” хөдөлгөөний төр барьсан нэг жилийн хугацааг Египетийн орчин үеийн түүхэн дэх хамгийн муу нэг жил гэж үзэж байна. “Лалын ахын дүүс”-ийг эсэргүүцэгчид нь Мурсийг албан тушаалаасаа огцрох болсон гэдгийг илтгэх улаан картаар “зэвсэглэж” байгаа. Харин “Лалын ахын дүүс” бүлэглэлийг дэмжигчид нь муна, хутга, буу гээд гартаа таарсан болгоноор зэвсэглэсэн болохоор байдал ихээхэн түгшүүртэй байна. Гэхдээ Египетийн хэмжээнд “Лалын ахын дүүс” хөдөлгөөний бүх оффис, төвийг ард иргэд бут ниргэж  байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүний хариуд лалын хэт явцуу үзэлтнүүд өөрсдийгөө хамгаалах нэрийдлээр зэвсэглэсэн нь энэ бололтой.
Мурсийг эсэргүүцэгчид нь нийт Египет улсын хэмжээнд лалын хэт явцуу үзэлт 10 гаруй хүний аминд хүрсэн болохоор лалын хэт явцуу үзэлтнүүд зэвсэглэхээс өөр аргагүй мэт.

Египетийн Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээнээс үзвэл хоёр өдрийн дотор 613 хүн шархадсанаас 50 гаруй нь сумны шарх авсан аж.
Энэ зуур Мурсийг эсэргүүцэгчид нь түүний томилсон хүмүүсийн тушаалыг биелүүлэхгүй төдийгүй мягмар гараг гэхэд албан тушаалаасаа буугаагүй тохиолдолд эсэргүүцлийн, өөр шийдэмгий хэлбэрт шилжинэ гэж сүрдүүлэв.
Тэд “Бид зөвшилцөл, тохиролцол гэх мэт гурав дахь арга замыг эсэргүүцэж байна. “Лалын ахан дүүс” –ийн засаглалыг энхийн замаар буулгахаас өөр арга үгүй” гэсэн мэдэгдэл хийлээ.

Харин Мурси ба түүний  талыг баримтлагчид огт өөр байр суурь баримталж байгаа болохоор тайван замаар эрх мэдлээ эсэргүүцэгчдэд хүлээлгэж өгөх нь юу л бол. Иймд ойрын хугацаанд Египетэд бас нэгэн Сири үүсч тун магадгүй боллоо. Гэхдээ эхлээд юу, юугүй цус асгаруулахыг хүсэхгүй байгаа учраас эхний ээлжинд “Ерөнхийлөгч төр барьсан эхний нэг жилийн хугацаанд алдаа гаргасан гэдгээ ухамсарлан ойлгож байгаа болохоор алдааг засахаар идэвхтэй ажилллаж байна” гэсэн мэдэгдэл хийжээ.

Гэхдээ Мурсийг эсэргүүцэгчид ийм мэдэгдэлд хууртан тайвшрах нь юу л бол. Тиймээс энэ долоо хоногийн дотор Египетэд иргэний дайн үүсэх нь бараг гарцаагүй гэж ихэнх шинжээч санал нийлж байна. Ингэвэл Сирид болж байгаатай яг адил үйл явц болох нь. Иргэний дайн гэдэг аймшигтай хэрцгий зүйл гэдгийг дэлхийн түүх харуулсаар. Иймд дайн дэгдсэн сургаар Египетийг сар болгон хэдэн саяар зорьж ирдэг гадаадын жуулчдын цуваа тасарна.
“Аравийн хавар” нэртэй хувьсгал, түүнийг дагасан эмх замбараагүй байдлаас болж Египетийн аялал жуулчлалын салбар 2011 онд 2,5 тэрбум ам.долларын алдагдалд орж,  9,5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Харин өнгөрсөн 2012 онд энэ орлогын хэмжээ бага зэрэг нэмэгдээд 10,5 тэрбум ам.доллар болоод байсан юм. Харин одоо ийм илэрхий иргэний дайны байдалтай улс руу аялах жуулчдын тоо эрс цөөрөх нь ойлгомжтой. Хэдэн арван мянган хүн ажлын байргүй болж, нийгмийн бухимдал улам л нэмэгдэнэ. Үр дүнд нь Мурсийг дэмжигч ба эсэргүүцэгчдийн хоорондын сөргөлдөөн улам хурц хэлбэрт шилжих нь ойлгомжтой.

Зэргэлдээ орших Туркт байдал бас нэг иймэрхүү. Хэдэн зуун мянган хүн сар гаруйн турш Ерөнхий сайд Эрдоганыг огцрохыг шаардан жагсч байгаа.  Жагсагчдыг эрх баригчид хэрцгийгээр хөөн тарааж байгаа гэдгийг дэлхийн хэмжээнд зурагтын бүх л сувгаар харуулж байна. Ийм нөхцөлд энэ улсыг зорих жуулчдын тоо өдөр ирэх тусам цөөрсөөр.

Ийнхүү жуулчдын хамгийн очих дуртай хоёр улсын дотоод улс төрийн байдал хурцадсаны улмаас жуулчид өөр улсыг эрэлхийлж эхлэв. Тэгэхээр Турк, Египетэд очиж чадахаа байсан жуулчид Грек, Кипр улсыг зорьж байгаа нь энэ хоёр улсын эдийн засгийг тэтгэх нь ойлгомжтой. Харин Турк, Египетийн хувьд өдөр болгон хэдэн зуун жуулчдыг хүлээн авах боломжоо алдан хэдэн зуун мянган ам.долларын алдагдал хүлээнэ гэдэг тун ч таагүй.
Зөвхөн аялал жуулчлал гэлтгүй гадаадын хөрөнгө оруулагчид хүртэл улс төрийн тогтворгүй байдалтай улсад хөрөнгө оруулалт хийхээс татгалзах нь ойлгомжтой. Ялангуяа, шашны хэнээтнүүд эрх барьж буй төрд хөрөнгө оруулалт хийх бизнесмэн олдохгүй.

Аливаа нэг орны улс төрийн хүчнүүд хоорондоо тохиролцож, эвлэрч чадахгүй байдалд хүрвэл дэмжигчид, дагалдагчидаа шууд хүч хэрэглэхэд уриалан дуудна гэдэг ямар таагүй байдал үүсгэдгийг Египет, Туркт болж буй эсэргүүцлийн жагсаал харуулна. Хувьсгал гэдэг хувьсан өөрчлөгдөж, үсрэлтийн алхам хийн хөгжлийн шинэ шатанд гарахын нэр болохоос эцэг, төгсгөлгүй жагсаал, цуглаан хийх замаар улс орныхоо өдөр тутмын амьдралыг боомилохын нэр биш гэдгийг эндээс харах нь. Дарангуйлагчдыг түлхэн унагаж, шинэ төр, шинэ улстөрийн хүчин Засгийн эрхэнд гарна гэдэг сайхан. Гэсэн хэдий ч цаг үргэлж, өдөр болгон жагсаал хийгээд байх боломжгүй. Нийгэм гэдэг тайван байж гэмээ нь л өдөр тутмын ажлаа ямар нэг саадгүй хийж, тууштай хөгжих боломжтой байдаг гэдгийг мартаж болохгүй.

Манай улс долдугаар сарын 1-нд яг ийм зам руу хальтрах алдаад, харин ч сөрөг хүчин ухаалаг шийдвэр гаргасны хүчинд газар авалгүй зогсч байсныг уншигч та санаж байгаа байх.
Улс төрийн ямар ч хүчин байсан юуны өмнө улсаа хөгжүүлэхийн төлөө байдаг болохоос хэн нэгнийг огцруулах, албан тушаалаас нь буулгахын төлөө байдаггүй гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан