Жендерийг янз бүрээр тайлбарладаг ч товчхондоо тухайн хүний нийгэм дэх хүйс гэдэг. Өөрөөр хэлбэл тухай хүн олон нийтийн дунд, ойрын ба холын хүрээллийн дотор ямар хүйсний хүн гэж өөрийгөө ойлгон, ямар янзаар биеэ авч явааг хэлдэг. Харин трансжендер гэдэг нь нийгэм дэх хүйс ба биологийн хүйс хоёр өөр байх үзэгдлийг хэлнэ.
Зургаан настай Кой Матис гэгч америк хүү хар багаасаа л өөрийгөө хүү биш охин гэж боддог, яг охидтой адил хувцасладаг трансжендер. Шүүхийн нэгэн шийдвэрээс болж энэ хүү Америкийн мэдээллийн хэрэгслүүдийн баатар болов. Тэрээр өөрийгөө охин гэж боддог болохоор сургуульд орсныхоо дараа бие засахаар болоход охидын ариун цэврийн өрөө орох гэдэг байсан нь ихээхэн ээдрээ үүсгэжээ. Өөрийгөө охин гэж боддог болохоор хөвгүүдийн бие засах газар орохоор ичингүйрч хүнд байдалд ороод байсан юм байх. Колорадо Спрингс хотын бага сургуулийн захиргаа, багш нар Кой Матисыг охидын ариун цэврийн өрөөнд орохыг эрс хориглосон байна. Зүгээр ч нэг хориглосонгүй элдвээр хавчин гадуурхаж эхэлсэн гэнэ. Үүнээс болж өөрийгөө охин гэж боддог хүү сэтгэл санааны хүнд байдалд орсон болохоор эцэг, эх нь аргагүйн эрхэнд хүүхдээ сургуулиас нь гаргаж, гэр бүлээрээ хотоос нүүн Денвер хотын ойролцоо очжээ. Гэвч хэсэг хугацаанд бодсоны эцэст бууж өгөх хэрэггүй, хүүхдийнхээ эрхийн төлөө тэмцэх хэрэгтэй гэж шийдээд шүүхэд хандсан аж.
Гэтэл Колорадо мужийн хуулиар трансжендер хүмүүсийг хавчин гадуурхахыг хуулиар хориглодог болох нь тогтоогдож шүүхийн шийдвэрээр Матисыг сургууль дээрээ охидын бие засах газар орохыг зөвшөөрсөн байна. Трансжендерүүдийг гадуурхахыг хориглосон хууль Америкийн 15 мужид үйлчилдэг аж. Энэ хуулийн дагуу трансжендер хүмүүс өөрийгөө аль хүйснийх гэж мэдэрдэг түүнийхээ дагуу бие засах газраа сонгохыг зөвшөөрдөг.
Ийнхүү зургаан настай Кой Матис “охин” эцэг, эхийнхээ тусламжтайгаар эрхээ хамгаалуулан сургууль дээрээ өөрийн орох ёстой гэж үзсэн ариун цэврийн өрөө орох боломжтой болов. Түүний ээж нь “Кой сургуульдаа эргэн очиж урьдын таагүй явдлыг мартах боломжтой болсонд их баяртай байна. Бид сургууль дээр түүнд бусад охидод ханддагтай адил хандаж байгаасай л гэж хүссэн юм” гэжээ.
Матисын эцэг, эхийнх нь хэлж байгаагаар хүү бүр багаасаа яг охин шиг зан гаргах болсон гэнэ. Таван сартайдаа эгчийнхээ улаан яагаан өнгийн хөнжлийг булааж аваад түүнээс хойш хөвгүүдийн тоглодог тоглоомыг тоохоо больж, гадаа гарахаар бол зөвхөн охидын хувцас өмсдөг болсон аж. Хөвгүүдийн хувцас өмсгөхөөр сэтгэл санааны хямралд ордог болсон гэнэ. Үүнд санаа зовсон эцэг, эх нь мэргэжлийн хүмүүст хандан үзүүлэхэд жендерийн адилтгалын хямрал гээч зүйл илэрсэн байна. Энэ хямралын үед хүн өөрийгөө байгалиас заяагдсанаас эсрэг хүйстэй гэж ойлгодог, мэдэрдэг, тодорхойлдог. Ийм хямрал жаахан хүүхдүүдийн дунд тохиолдох нь маш ховор. Судлаач мэргэжилтнүүд ийм дүгнэлт гаргасан цагаас хойш эцэг, эх нь хүүг цаашдаа охин байхыг нь зөвшөөрч, засч өөрчлөх гэж оролдохоо больжээ.
Америкт сүүлийн үед ийм явдал ойр ойрхон гарах болсон. Тухайлбал, Мэн мужид 15 настай Николь Майнс гэдэг өсвөр насны трансжендер мөн л шүүхээр заргалдаж байгаад сургуулийн охидын бие засах газар орох эрхтэй болж авсан.
Цөөнхийн эрх ашгийг хамгаалах, гадуурхахгүй байх нь ардчиллын үндсэн зарчмуудыг нэг. Тиймээс бэлгийн цөөнх, транжендер хүмүүс гэх мэт цөөнхийн эрх ашгийг хамгаалах, хүйсээр ялгаварлан гадуурхахаас хамгаалах нь зүйн хэрэг.
Сүүлийн жилүүдэд өрнөдийн орнууд уламжлалт бус бэлгийн чиг хандлагатай эсвэл трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалах талаар эрчимтэй урагшилж байгаа гэж болно. Жишээлэхэд,Франц саяхан ижил хүйстнүүдийн гэрлэлтийг бүртгэх, ийм гэр бүлд хүүхэд үрчлэн авахыг зөвшөөрлөө. Ижил хүйстнүүд хоорондоо гэр болохыг зөвшөөрсөн хуулийг хамгийн анх 2001 онд Нидерландад баталсан бөгөөд одоогоор дэлхийн 16 оронд ийм гэрлэлтийг зөвшөөрдөг.
Гэвч энэ хандлага нь заримдаа цөөнхийн эрх ашгийг хамгаалах бус харин тэдний онцлогийг олон нийтэд сурталчилсан, ухуулсан, тулган хүлээлгэх кампанит аян болоод байна уу гэсэн сэтгэгдэл төрмөөр. Тухайлбал, ижил хүйстнүүдийн гэр бүлийг гадуурхах, нэр хүндийг нь гутаахаас сэргийлэх ёстой, хүйсээр ялгаварлахаас сэргийлэх гэсэн үндэслэлээр зарим орны албан ёсны бичиг баримт дээр эцэг, эхийн нэр гэж бичихгүй харин “Гэр бүлийн гишүүн №1-ийн нэр”, “Гэр бүлийн гишүүн №2-ын нэр” гэж бичдэг болов.
Бүр цаашлаад сургууль цэцэрлэг дээр хүүхдүүд, багш нарыг аав, ээж гэж ярихыг хориглох тухай яригдах болжээ. Учир нь, ижил хүйстнүүдийн гэр бүлийн хувьд “аав”, “ээж” гэсэн ойлголт анхнаасаа байх боломжгүй болохоор аав, ээжтэй хүүхдүүд энэ талаар ярих нь ижил хүйстнүүдийн гэр бүлд амьдардаг, тэдний үрчилсэн хүүхдүүдийг гадуурхсэн хэрэг болж, сэтгэл санаанд нь таагүй нөлөө үзүүлж болзошгүй байгаа юм гэнэ.
Европын ихэнх хэл дээр нөхөрт гараагүй эмэгтэй ба нөхөртэй эмэгтэйд хандахдаа ялгадаг. Жишээлэхэд, англи хэлээр “miss” гэж нөхөрт гараагүй эмэгтэйг, харин “mistress” гэж нөхөрт гарсан эмэгтэйг хэлдэг. Ижил хүйстнүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч идэвхтнүүд үүнийг халахыг шаардах болсон. Учир нь “нөхөрт гарсан” гэдгийг онцлох нь нөгөө л ижил хүйстнүүдийн гэр бүлийн гишүүдийг ялгавраласан хэрэг төдийгүй эмэгтэйчүүдийг хүйсийн онцлогоор ялган доромжилсон хэрэг болж байгаа юм гэнэ. Энэ мэтээр яваад байвал нэг мэдэхнээ хүйсээр нь ялган гадуурхаж байна гээд зарим өрнөдийн зарим оронд эмэгтэй нэр, эрэгтэй нэрийг халж, ах, эгч, аав, ээж гэж дуудах, “He”, “She” гэх мэтийн төлөөний үг хэрэглэх, ер нь хүйсээр ялгасан бүхнийг хориглоод нэг нэгэндээ дэлгүүрийн барааны код шиг нэр өгчихөөд “Хөөе №12346 чи хаана явна” гэж ярих дээрээ тулж магадгүй гэж ёжтой нэг нь егөөдөх болсон.
Мөн төрийн албанд ижил хүйстнүүдээ сонирхогчдын квот тогтоох тухай ч сураг дуулдаад намжсан. Ямартай ч өнөөдөр өрнөдийн улстөрчдийн хувьд ижил хүйстнээ сонирхогч эсвэл дэмжигч гэдгээ ил гаргах нь сонгуулиар илүү олон санал авах найдвартай арга болоод байгаа. Харин өөр бодолтой байгаа болгоныг хуучирсан үхшмэл үзэлтэн, хүйсээр ялгаварлан гадуурхагч, фашист гэж цоллодог. Хэсэг оронд байдал ийм байхад өөр заримд нь яг эсрэгээрээ. Судан, Танзани, Барбадос, Саудийн Арави, Аравийн Нэгдсэн Эмират, Иран гэсэн лалын шашинт орнуудад ижил хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд орвол бүх насаар нь хорих, цаазаар авах хүртэл ял ноогдуулдаг. Барбодос арал дээр гадаадын гомосекс харьцаатнуудыг ирэхийг хүртэл хориглон хатуу шийтгэл ноогдуулна гэдгийг анхааруулдаг.
Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Танзанийг ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлан баталвал ихээхэн мөнгөн тусламж үзүүлнэ гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдэж үзсэн ч танзаничууд уурлаад мөнгөнөөс татгалзсан.
Хэрэв Кой Матис хүү Суданд төрсөн бол анхнаасаа л балрах байлаа. Учир нь энэ оронд эмэгтэй хүний хувцас өмссөн эрэгтэй хүнийг нас харгалзалгүй хатуу шийтгэдэг.
Хоёр туйлын дүр зураг нэг иймэрхүү.