Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос 270 тэрбум ам.долларын газрын тос Хятадад нийлүүлнэ


Оросын Санкт-Петербург хотноо болж өнгөрсөн Олон улсын эдийн засгийн форумын үер манай хойд ба урд хөршийн хоёр компани гэрээ байгууллаа. Тодруулбал, “Роснефть” компани “Хятадын үндэсний газрын тос ба шатдаг хийн корпорац” буюу “СNPC”-тай 270 тэрбум ам.долларын газрын тос нийлүүлэх гэрээ байгуулав. Гэрээний дагуу “Роснефть” компани нь жил болгон 46 сая тонн газрын тос  25 жилийн турш нийлүүлэх болжээ.

Ерөнхийлөгч Путин энэ талаар тайлбар өгөхдөө “Зах зээлийн одоогийн үзүүлэлтээр гэрээний үнийг авч үзвэл 270 тэрбум ам.доллар гэдэг нь урд хожид байгаагүй их мөнгөн дүн болж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 70 тэрум ам.доллар гэсэн өөр тоо яваад байгаа. Харин энэ бол зөвхөн урьдчилан төлж байгаа мөнгөн дүн” гэжээ.

Хятад руу гурван чиглэлээр газрын тос нийлүүлнэ гэдгийг “Роснефть” компанийн захи­рал И.Сечин мэдэгдэв. Нэг чиглэл нь Хятадын баруун нутгуудад байрласан газ­рын тос боловсруулах үйлд­вэрүү­дийн зүгт. Нөгөөх нь Сквородино-Мохэ нефть дам­жуу­лах хоолойгоор. Гурав дахь нь далайгаар. Гэхдээ да­лайгаар зөөхийн тулд дэд бүтцээ хөгжүүлэх, Хятадын боловсруулах үйлдвэрийн хү­чин чадлыг нэмэх шаард­лага­тай байгаа аж.

Манай урд хөрш дэлхийн хамгийн том нефть импортлогч орон бөгөөд өнгөрсөн жил өөрийн нутагт 204 сая тонн газрын тос олборлосон бол 280 сая тонныг импортлон оруулж иржээ.

Тиймээс сүүлийн арваад жилд хилийн чанадад газрын тос олборлоход бүр ч идэвхтэй оролцдог болоод байгаа. Заримаас нь сонирхуулбал, 2006 онд Нигери улстай гэрээ байгуулан тус улсын далайн газрын тосыг олборлох болж 2.268 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм.

Дараа жил нь  Туркменээс жилдээ 30 тэрбум шоо метр шатдаг хий  татаж авах 530 км урт хоолой барихаар болсон билээ.  Ингээд Туркмен нь Хятадтай хил залгадаггүй болохоор хөрш Узбекистаны нутгаар тавих Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан байна. Мөн онд Казахстанаас шатдаг хий татах хоолой барих гэрээ байгуулан хэрэгжүүлж эхэлжээ.

2009 онд “PetroChina” ком­­пани нь Канадын газрын тос­ны орд газар ашиглахад 1.7 тэр­­бум ам.долларын хөрөнгө оруу­лалт хийсэн. Үүнээс гадна  Австралиас шатдаг хий худалдан авах 40 тэрбум ам.дол­ларын гэрээ байгуулаад буй. “CNPC” компани нь 2011 оны арванхоёрдугаар сард Афга­нис­таны Фарьяб ба Сари-Пуль мужуудад газрын тос олборлох, боловсруулах 25 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу энэ оноос эхлэн жилдээ 1.5 сая баррель газрын тос ол­бор­лодог болох ёстой. Ол­бор­лосон газрын тосыг эхний үед Туркменд  байрладаг газ­рын тос боловсруулах үйлд­вэрүүдэд боловс­руул­на.

Хятадын “CNOOC” ком­пани нь Исландын “Eykon Energy” компанитай ч хамтран ажиллахаар болсон.  Ингэснээр Исландын мэдлийн Арктикийн эрэг орчмын бүсийн газрын тосыг хамтран олборлох боломжтой болж, холбогдох хүсэлтээ тус улсын Засгийн газарт гаргажээ. Засгийн газар уг хүсэлтийг энэ оны намар хүртэл авч үзээд шийдвэр гаргана. Хэрэв зөвшөөрөх юм бол Хятад нь Дэлхийн хайгуул хийгдээгүй газрын тосны 13 хувь, шатдаг хийн 30 хувь байдаг Арктикийн бүс нутагт олборлолт хийж эхэлнэ.

“СNPC” компани 2014 оноос эхлэн Узбекистаны “Мингбулак” газрын тос орд газрыг туршилтын журмаар ашиглаж эхлэхээр тохирсон билээ. Тус компани нь орд газар хайгуулын нэмэлт ажил хийхэд 25 жилийн хугацаанд 255.31 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж. Энэ орд газраа олборлох газрын тосны хэмжээ нь жилийн хоёр сая орчим тонн болох юм.

Венесуэльтэй Ориноко гол орчмын газрын тосны орд газрыг ашиглах олон тэрбум ам.долларын гэрээ байгуулаад хэрэгжүүлж эхэл­сэн.Товчхондоо дэлхийн та­ван тивд газрын тос, шатдаг хий олборлох, ашиглах, тээ­вэр­­лэхэд асар их хөрөнгө оруу­лалт хийсэн гэж болно.Манай улс 2016 он гэхэд газрын тос боловсруулах үйлд­­вэр Дарханд барина гэж бай­гаа. Уг үйлдвэрийн гол түүхий эд нь Дорнодын Там­са­гийн сав газрын тос. Гэтэл түүхий эдээ үйлдвэрт татаж ирэх тээврийн зардал нь өндөр байх тооцоо гарсан гэдэг. Иймд Тамсагийн сав газрын тосоо урд хөршид экс­портолно. Тэгээд  оронд нь ОХУ-аас Хятадад   нийлүүлж буй газрын тосноос экспортолсон хэмжээгээрээ замаас нь авах гурван улсын гэрээ хэлцэл хийх болжээ. Одоогоор энэ асуудал ямар шийдэлд хүрч байгаа нь тодорхойгүй байна. Хэрэв тохиролцоонд хүрч чадвал ОХУ-аас Хятадад 25 жилийн хугацаанд нийлүүлэх 46 сая тонн газрын тосноос авах боломж бүрдэх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан