Бразилийн томоохон хотуудын нийтийн тээврийн хэрэгслийн үнэ нэмсний дараагаар эхэлсэн эсэргүүцлийн жагсаалууд үргэлжилсээр байна. Жагсагчид нийтийн тээврийн хэрэгслийн зорчих үнийг нэмэхгүй байх, эрүүл мэнд ба боловсролын салбарт илүүтэй анхаарахыг шаардсан юм. Мөн 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хэрээс хэтэрсэн их зардал гаргаж байна, үүнийг зогсоон дээр дурдсан салбар, ядуурлыг бууруулахад чиглүүлэхийг шаардаж буй.
Өнгөрсөн баасан гарагт гэхэд л Бразилийн 100 гаруй хотод болсон эсэргүүцлийн жагсаалд сая орчим хүн оролцлоо. Зарим хотод жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болов. Цагдаа нар хэт түрэмгий авирласан жагсагчдыг тараахдаа резинэн сум, нулимс асгаруулагч хий хэрэглэжээ
Анх гурван хотод гарч байсан жагсаал хүрээгээ тэлсээр 100 гаруй хотыг хамарсан нь Бразилийн эрх баригчдын санааг нэлээд зовоож буй бололтой. Ерөнхийлөгч Дилма Русеф Японд хийх байсан албан ёсны айлчлалаа хойшлуулан Засгийн газрын яаралтай хуралдаан зарлан хуралдуулсан байна. Үүний дараа төрийн мэдлийн ТВ сувгаар жагсагчдын шаардсан өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгджээ. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнийг нэмэхгүй, төрийн мэдлийн эмнэлэг ба сургуулиудын чанар, үйлчилгээг сайжруулна. Ингэхдээ газрын тос нь олборлолтоос орж ирэх орлогын зарим хэсгийг боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхэд чиглүүлнэ гэлээ. Харин хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажлыг улсаас санхүүжүүлээгүй, зөвхөн хувийн салбарын хөрөнгө оруулагчдын мөнгөөр барилга байгууламж барих ажлыг хийж байгаа хэмээн онцолсон байна. Мөн эрх баригчид ард түмний санаа бодлыг анхааралтай сонсч байх ёстой гээд эсэргүүцэгчдийн удирдагчдад уулзах санал тавилаа. Гэхдээ зөвхөн тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа хүмүүстэй л уулзах боломжтой гэв. Тэгэхээр Бразильд эсэргүүцлийн жагсаал хийгчид тодорхой хэмжээгээр санасандаа хүрч, эрх баригчдын анхаарлыг татаж, бодит алхам хийхээр болгожээ.
Гэхдээ нэг үймсэн ард олныг тайвшруулна гэдэг амаргүй. Жагсаал зохион байгуулж байгаа “Pase Libre” хөдөлгөөний удирдагчид нь эсэргүүцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлнэ, тээврийн зорчих үнийг өсгөлгүй байж чадсан болохоор одоо нийтийн тээврийг бүр үнэ төлбөргүй болох хүртэл жагсана гэж мэдэгдсэн нь үүний нэг жишээ. Ерөнхийлөгч Дилма Русеф нь энэхүү жагсаал хөдөлгөөнийг ардчилсан үйл явцын нэг хэсэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.
Харин Туркт байдал өөр. Ерөнхий сайд Эрдоган нь тус улсад гурван долоо хоногийн турш өрнөж буй эсэргүүцлийн жагсаалыг алан хядагчид удирдаж байна гэж мэдэгдсэн. Жагсаал цуглааныг гадаадын тагнуулын албад удирдаж байна гэж үзэх шалтгаан байгаа болохоор Туркийн тусгай албад шалгалт явуулж эхэлсэн гэнэ.
Өнгөрсөн бямба гарагт эсэргүүцлийн жагсаалыг тараах үеэр амиа алдсан дөрвөн хүний дурсгалыг хүндэтгэхээр хэдэн мянган хүн Таксим талбайд цугларлаа. Жагсагчид Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганыг огцрохыг шаардсан, Засгийн газрыг эсэргүүцсэн уриа хашгирч байв. Зарим жагсагчид амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэхээр барьж ирсэн цэцгээ цагдаа нарт өгөх гэж оролдож байсан байна. Цагдаа нар жагсагчдыг талбайг орхин тарахыг шаардаж эхэлжээ. Эсэргүүцэгчид тэдний шаардлагыг үл тоосны дараагаар даралттай усаар шүршин хүчээр тараав. Мөн Стамбул хотын төвийг чиглэн ирсэн эсэргүүцэгчдийг нулимс асгаруулагч хий, резинэн сумаар буудан сарниулав.
Туркийн жагсагчид анхандаа Стамбул хотын Гези цэцэрлэгийг устган оронд нь худалдааны төв барихыг эсэргүүцсэн юм. Олон өдөр үргэлжилсэн, олон зуун мянган хүнийг хамарсан жагсаал болсны дараагаар хотын эрх баригчид худалдааны төв барихаасаа татгалзсан. Гэвч нэгэнт сэтгэл нь хөдөлсөн олон нийт эрх баригчдын явуулж буй бодлогыг эсэргүүцэн Ерөнхий сайд, Засгийн газрыг огцрохыг шаардаж эхэлсэн билээ. Эрдоганыг авторитар байдлаар улс орныг удирдан, ардчиллын зарчмыг үл тоож, нийгмийг шашинжуулах бодлого хэрэгжүүлж байна гэж буруутгав. Лалын шашинт улстөрчид гудамж талбайд шар айраг уух, 22 цагаас хойш согтууруулах ундаа худалдахыг хориглосон нь үүний нэг жишээ гэж жагсагчид үзжээ. /Лалын шашны ёсоор бүх төрлийн согтууруулах ундаа уухыг цээрлэдэг./
Харин Болгарт өнгөрсөн долоо хоногийн турш олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан болов. Баасан гарагт гэхэд л Болгарын Ерөнхий сайд Пламен Орешарскийн удирддаг Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн 10 мянга гаруй хүн жагсав. Тэд Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа юм. Эсэргүүцэгчид анхлан Үндэсний аюулгүй байдлын албаны даргаар Делян Пеевскийг томилсныг эсэргүүцсэн. Пеевски нь Болгарын үндэсний цөөнх болох турк үндэстэн хүн болохоор нууц албаны даргаар түүнийг томилох нь улсын аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна гэж үзсэн аж. Жагсаал зохион байгуулагчдын шахалтаар Болгарын парламентын гишүүд шийдвэрээ өөрчлөн Пеевскийг томилохгүй гэсэн ч эсэргүүцэгчид жагссан хэвээр л байна.
Энэ мэтээр дэлхийн олон оронд эсэргүүцлийн жагсаал болж байна.