Хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигт дайн эхэлсэн зургадугаар сарын 22-ны өдрийг Орост Дурсгал ба эмгэнэлийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил манай хойд хөршийн хотуудад энэ өдөртэй холбогдуулсан ёслолын ажиллагаа боллоо.
1941 оны энэ өдөр фашист Герман нЗөвлөлт улс руу зарлагүйгээр гэнэт дайрснаар Аугаа их Эх орны гэгдэх нэрээр бидний мэдэх дайн эхэлсэн юм. Германчууд Зөвлөлтийн хилийн дагуу 157 дивиз, өөрийн холбоотон орны 37 дивизийн нийт 5,5 сая цэрэг офицер, 4,3 мянган танк, таван мянган онгоц, 47 мянган их бууны хүчээр гэнэдүүлэн дайрснаар 1418 өдөр үргэлжилсэн аймшигт дайн эхэлсэн түүхтэй.
Тэр аймшигт дайнд ялж гарч ирсэн Зөвлөлт удирдлагын алдаатай бодлогын улмаас цагийн эрхээр задарч унасан. Үүнээс үүдэн сүүлийн үед хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зарим орон, улс төрийн төрийн зарим хүчин Аугаа их эх орны дайны ач холбогдлыг үгүйсгэх болсон нь харамсалтай. Жишээлэхэд, Эх орны дайныг коммунист Зөвлөлт ба фашист Герман гэсэн хоёр дарангуйлагч орны хооронд газар нутаг булаацалдсан, ач холбогдолгүй бүс нутгийн хэмжээтэй дайн гэх болж. Зарим судлаачид бүр цаашлаад харгис дарангуйлагч Сталин Европыг эзлэн авч коммунист дэглэм тогтоох гэж байхад нь боловролтой, соёлтой, хөгжингүй Германы удирдагч Гитлер аргагүйн эрхэнд зургадугаар сарын 22-нд өрсөж дайрсан гэцгээсэн.
Зөвлөлтийн ард түмэн энэ дайнд 27 сая хүнээ алдсанаас 18 сая нь энгийн иргэд 8,7 сая нь Улаан армийн дайчид байжээ. Дайны явцад Оросын дөрвөн сая гаруй цэргийн албан хаагч олзлогдсоноос хоёр сая нь хорих лагеруудад амиа алдсан.
Дайны явцад 1710 хот, 70 мянга гаруй тосгод сүйрсэн бөгөөд Зөвлөлтийн материаллаг алдагдлын хэмжээ нь 1941 оны ханшаар 679 тэрбум рубль болсон гэж тооцсон байдаг.
Ингэж их хохирол амссан дайн эхэлсэн өдрийг Оросын ард түмэн хэзээ ч мартахгүй. Монголын ард түмэн ч дайн эхэлсэн өдрөөс Зөвлөлт улсыг бүх л чадлаараа дэмжиж тусалж байсан билээ. Энэ дайнд Гитлер ялсан бол тусгаар тогтносон Монгол Улс гэж үгүй болох байлаа. Тиймээс энэ аймшигт дайнд ялалт байгуулахад бидний хувь нэмэр ч бий гэдгийг мартаж болохгүй.