Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дайны үеийн хамгийн өндөр үнэтэй зүйлс

Маргааш 6 сарын 22. Манай гаригийн түүхнээ хамгийн их цус асгаруулсан, дэлхийн II дайны хамгийн их хохирол авчирсан Орос, Германы хоорондох дайн эхэлсэн өдөр. 1939 оны 9 сарын 1-нээс эхэлж Европын улс орнуудыг ёстой цахилгаан дайнаар эзэлсэн Нацист Герман 1941 оны зургадугаар сарын 22-нд ЗХУ-д довтолсноор ялагдлынхаа эхлэлийг тавьсан гэж болно.
Дэлхийн хоёрдугаар дайны дурсгалт зүйл, олдворууд бол цуглуулагчдын дунд ямагт үнэ цэнтэй зүйл байдаг. Ийм ч болохоор цэргийн шагналууд, зэвсэг, цэрэг офицеруудын хувцас хэрэглэл, баримт бичгүүд нь ямар ч дуудлага худалдаанд өндөр үнэ хүрдэг.
Дэлхийн хоёрдугаар дайны үеийн ийм үнэт зүйлс дуудлага худалдаанд ямар үнэ хүрч байсныг толилуулж байна.


Hawker Hurricane сөнөөгч онгоц

2,1-2,6 сая доллар. Дуудлага худалдаагаар худалдахад төвөгтэй л зүйл л дээ. Танк, нисэх онгоц чинь өнөөдөр бол музейд л байдаг зүйл. Тэгээд ч ийм зүйлийг худалдан авсан хүн тээвэрлэх, хадгалах гээд бэрхшээл мундахгүй.  Британийн 1942 онд үйлдвэрлэсэн нэг хүний суудалтай сөнөөгч онгоц 2 сая доллар.


Эдвард Кеннийн байлдааны шагналууд

990 мянган ам.доллар. Австрали гаралтай байлдагч Эдвард Кеннийн байлдааны шагналуудыг 2011 онд ийм үнээр худалдсан. Энэ дотор Их Британийн цэргийн хамгийн дээд шагнал болох Викторийн загалмай байсан болохоор ч ийм үнэ хүрсэн байж болох. Эдвард энэ загалмайг 1945 оны тавдугаар сард Папуа-Шинэ Гвинейд суман мөндөр доогуур Японы галын цэг рүү ганцаар дайрч устгасныхаа төлөө авсан байна. Ийм одонгоор шагнуулсан хүн тун ховор байдаг.

Адольф Гитлерийн бичгийн ширээний тавилга

423 мянган ам.доллар. Гитлерийн эд зүйл бол цуглуулагчдын хамгийн их сонирхдог зүйл. Түүний хүрэл суурьтай, гурав дахь рейхийн сүлдийг дүрсэлсэн, бэхийн хоёр савтай энэ бичгийн хэрэгслийг дуудлага худалдааны Alexander Autographs танхим борлуулсан. Түүнийг Америкийн армийн дэслэгч Жек Маккон Гитлерийн албан өрөөнөөс авч гарсан байдаг. Олон жилийн хойно Мюнхений хэлэлцээрийн тухай баримтат кинон дээрээс Чехийн хэсэг дээр  энэ нь гарч байхыг хараад үнэтэй зүйл гэдгийг нь мэдсэн гэнэ.

Анна Франкийн захидал

328 сая доллар. Гитлерийн дэглэмийн золиос болж амь алдсан хүний тоо хэдэн арван саяар ярьдаг ч еврей охин Анна Франкийн захидал хүн төрөлхтний энэ эмгэнэлийг дүрсэлснээрээ туйлын үнэтэй. Охины дайны үед америк найздаа бичсэн хоёр захидал, нэг ил захидлыг 1988 онд дуудлага худалдаагаар борлуулсан.  




Код тайлах “Энигма” машин.


208 сая доллар. Ийм машины анхных уг нь 1920-иод онд худалдаанд гарсан ч дэлхийн хоёрдугаар дайны үед цэргийн хэрэгцээнд өргөн ашигласан.  Гуравдугаар рейх бол энэ машиныг онцгой анхааралдаа байлгасан гэдэг. Нууцын магадлал нь туйлын өндөр, 150 квинтсаяд нэгтэй тэнцэнэ. Гитлерийн дэглэм унасны дараа ялагч армиуд олзолж авсаныг 2011 онд худалдсан.


Роберт Дэннис Гейн шагналууд

71 сая доллар. Британийн армийн ахлагч Роберт Дэннис Гей 1944 онд Десантын дөрөвдүгээр хорооны 156 дугаар батальонд алба хааж байхдаа Арнем руу дайрсан холбоотны армийн Голладын ажиллагаанд оролцсон нэгэн. Тэр нөхдөө аврахын тулд галыг өөр дээрээ татаж, хөлдөө шарх аван ёстой азаар л амьд гарсан нэгэн. Тэр олзлогдож хожим нь гэртээ очсон. 2011 онд шагналыг нь худалдаалсан.


Америкийн агаарын десантчийн дуулга


69 сая доллар. Энэ бол Нормандын ажиллагаанд оролцсон агаарын десантын 101 дүгээр дивизийн явган цэргийн 502 дугаар хорооны цэргийн өмсч явсан дуулга. Норманди дахь Сент-Мер-Эглиз хотын орчмоос 1960-аад онд олсон.









Питер Уайтын архив

60 мянган доллар. Америкийн явган цэрэг Питер Уайтын 1938 оны нэгдүгээр сараас 1944 оны наймдугаар сар хүртэл хөтөлсөн хэд хэдэн зузаан дэвтрээс бүрдсэн тэмдэглэлийн дэвтрийг 2007 онд Christie`s дуудлага худалдаагаар худалдсан.
Уайт зүгээр нэг эрэлхэг цэрэг байгаад зогсохгүй авьяаслаг зураач байж. Энэ дэвтрүүдэд түүний харандаа, бэхээр зурсан 730 орчим гар зураг, таталбар бий. Тэр эргэн тойрондоо болж байгаа үйл явдал, ер юм бүхнийг л зурж үлдээсэн байдаг.

Дуайт Эйзенхауэрын захидал


39 мянган доллар. Эйзенхауэр бол дэлхийн хоёрдугар дайны үеийн америкийн цэргийн командлагч. Тэр эхлээд штабт шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан бол дараа нь фронтод очиж Норманди, Газар дундын тэнгис, хойд Африкт холбоотны  армийг командалж байсан. Энэ захидлыг тэрээр 1945 оны зургадугаар сарын 13-нд АНУ-ын генерал Хойт Ванденбергт явуулсан байдаг. Энд ямар ч нууц зүйл байхгүй, харин ч дайны дараах европын хувь заяаны тухай дурдсан нь бий.

Дуглас Бадерын байлдааны журнал

37,3 мянган доллар. Британийн хатан хааны цэргийн нисэх хүчний энэ нисгэгч  30-аад оны эхээр осолд орж хоёр хөлөөсөө салсан. Эмнэлгийн дараа тэрээр албандаа орж дэлхийн хоёрдугаар дайнд бусдын адил нисч байсан хүн. Тэр дайсны 20 гаруй онгоц сөнөөж олзлогдож байсан. Дайны дараа олон жил амьд сэрүүн байсан.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан