Чехийн Ерөнхий сайд Петр Нечас ойрын туслахынхаа тарьсан балгаар суудлаасаа огцрох болсноо зарлалаа. Ерөнхий сайдтай ажил төрлийн төдийгүй амраг сэтгэлийн ч холбоотой болох нь илрээд буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Яна Нагиова албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр баривчлагдан шалгагдаж эхэлсэн нь Ерөнхий сайдыг суудалдаа байж суух аргагүй болгосон юм. Яна Нагиовагаар зогсохгүй өмнө нь сайд, парламентын гишүүн байсан, тагнуулын газрыг удирдаж явсан хоёр ч улстөрч энэ хэрэгт холбогдон шалгуулж байгаа юм.
Дотоодын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Яна Нагиова парламентын зарим гишүүнд төрийн өмчит компанийн томоохон албан тушаал санал болгож, оронд нь суудлаа өгөхийг ятгадаг байжээ. Тэрээр мөн гурван ч хүнийг тагнах үүргийг тагнуулынханд хууль бусаар өгсний дотор Ерөнхий сайдынх нь гэргий Радка Нечасова ч багтаж байж. Энэ хэрэг илрэхтэй зэрэгцэн Ерөнхий сайдын гэр бүлд ч томоохон маргаан дэгдсэн бололтой, гэр бүлээ цуцлуулахад хүрсэн нь олон нийтэд тодорхой болсон юм. Ерөнхий сайд Петр Нечас өөрөө ч хэрэгт холбогдсон Яна Нагиоватай гэр бүлээс гадуур холбоотой байснаа бараг хүлээн зөвшөөрөөд байна. Олны мэдэхээр Яна Нагиова сүүлийн 10 гаруй жил П.Нечастай хамтран ажиллаж байгаа, ойрын туслахуудынх нь нэг. Тиймээс Ерөнхий сайдын ажил хэргийг Яна Нагиовагаас салгаж ойлгох аргагүй юм. Тийм ч учраас Петр Нечас улс төрийн хариуцлагаа ухамсарлаж байгаа учраас суудлаасаа огцорч байгаагаа өнөө өглөө мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр өөрийн хамтрагчдыг хууль бус зүйл хийгээгүй гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ ч хэлсэн байна. Гэхдээ хэрэгт холбогдогсдын тухай нэлээд ноцтой баримт байсан учраас цагдаа хүчний байгууллага гэнэтийн нэгжлэг хийж, найман сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө, хэдэн арван килограмм алт, их хэмжээний бичиг баримт хураан авчээ. Үүнээс харвал хэрэг нэлээд ноцтойгоор өрнөж байгаа учир сөрөг хүчнийхэн төдийгүй эрх баригч намынхан өөрсдөө хүртэл Засгийн газраа цаашид дэмжих боломжгүй болж байгаа юм. Байдал нэгэнт ийм тодорхой байгаа учраас Ерөнхий сайд огцорч, танхимынх нь гишүүд ч дагаад огцорч байна. Тиймээс эрх баригч эвсэл ойрын хугацаанд Засгийн газар бүрдүүлэх ёстой болж байна.