Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг улсынхаа иргэн болгоны гар утасны яриа, электрон шууданг хянадаг байсан, энэ талаархи мэдээг сонинууд анх олон нийтэд хүргэж дуулиан тарьсан тухай манайх өмнө нь мэдээлсэн. Маш нууцын зэрэглэлд хамаарах энэ мэдээлэл хэрхэн сонины редакцын мэдэлд орсныг шалгуулахаар Үндэсний аюулгүй байдлын агентлаг Хууль зүйн яамандаа хандсан юм.
Америкийн Хууль зүйн яам ч үүний мөрөөр тун чамбай мөрдөн байцаалт явуулсан бололтой өчигдөр энэ бүх нууц мэдээллийг сонин хэвлэлд өгсөн хүний нэр тусгай албадад төдийгүй олон нийтэд ил боллоо.
“The Guardian” сонины мэдээлснээр нууцыг задруулагч нь Америкийн Тагнуулын төв газар ажиллаж байсан 29 настай Эдвард Сноуден гэгч болж таарлаа. Тэрээр Америкийн Батлан хамгаалахын үйлдвэрлэл, тусгай албадтай холбоотой ажилладаг “Booz Allen Hamilton” нэртэй консалтингийн компанид ажилладаг байжээ.
Гэхдээ нэг их удаагүй ердөө гурван сар ажилласан байна. Гурван сарын дараа тэрээр амралт авч Гонконг явсны дараагаар маш нууц бичиг баримтуудыг хуулбарлаж авсныг нь компанийн дотоод хамгаалтын алба илрүүлсэн аж. Тун ч таагүй байдалд орсон компанийн удирдлага ажилтнаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нууц мэдээлэл өгснийг эрс шүүмжилж байна гэхээс өөр юм хэлж чадсангүй.
Нууц мэдээлэл задруулагчийн нэрийг тусгай албад, мэдээллийг авсан сонин хэвлэлүүд задруулахгүй байж болох байсан ч хэргийн эзэн өөрөө өөрийгөө илчлэн мэдэгдэл хийсний дараа олон нийтэд ил болжээ. Тэрээр өөрийн нэрийг ичлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаад зогссонгүй үг хэлэх эрх чөлөөг дээдэлдэг ямар ч оронд улс төрийн цагаач болж очиход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Нууц мэдээллийг ил болгосон шалтгааны тухайд Сноуден гэж нь шударга ёсыг эрхэмлэдэг, улстөрчдийн худал яриаг сонсох хүсэлгүй болсон гэж тайлбарлажээ.
Сноуден нь “Жирийн иргэдийг айлган сүрдүүлж чадахгүй гэдгийг Засгийн газарт ойлгуулах нь их чухал. Ажиллах явцдаа би Ерөнхийлөгчид хүртэл засгийн эрхэнд үлдэх, үлдэсний дараагаар өгсөн амлалтуудаа ямар ч хариуцлага хүлээлгүйгээр зөрчихийн тулд ил цагаан худал хэлдэг юм байна гэдгийг ухамсарлан ойлгох болсон” гэжээ. Ингээд ч зогсохгүй АНУ-ын тусгай албадын зүгээс иргэдийнхээ яриа, шууданг нууцаар тагнаж байгаа ажиллагааны цар хүрээ нь ОХУ-ын эсрэг явуулдаг тагнуулын арга хэмжээнээс хэдийнэ хальсан гэсэн байх юм. Мөн “Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь ямар ч мэдээллийг дуртай үедээ нууцаар шалгах боломжтой дэд бүтцийг бий болгосон. Жишээлэхэд, би таны электрон шуудангийн хаягийг олох эсвэл эхнэрийн чинь утасны дугаарыг мэдэхийг хүсвэл энэхүү дэд бүтцэд байгаа мэдээллийг ашиглахад л хангалттай. Ингээд л би таны электрон шуудангийн нууц үг, утасны сим картын пин код, төлбөрийн картны нууц үг гээд дуртай зүйлээ олж авна” гэсэн байна.
Сноудений задруулсан мэдээгээр бол Америкийн тусгай албад нь улсынхаа үүрэн телефоны хамгийн том гурван операторын үйлчлүүлэгчдийн утасны бүх дуудлагыг хянадаг. Түүнчлэн “Microsoft”, “Google”, “Facebook”, “Skype”, “YouTube” гэсэн дэлхийн хамгийн том компаниудын сервер рүү нууцаар нэвтрэн бүх хэрэглэгчийнх нь талаархи мэдээлэл цуглуулдаг байжээ. Тэгэхээр эрхэм уншигч та эдгээр сайтад бүртгэлтэй бол Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь таны бүртгүүлэхдээ өгсөн бүх мэдээлэл, эдгээр сайтад тэнүүчилсэн бүх түүхийг хэдийнэ олж мэдээд хяначихсан байгаа гэсэн үг. Америкт очоод ямар нэг байдлаар тусгай албадтай уулзахаар болбол “Та гурван өдрийн өмнө “Facebook” хуудсандаа тийм зураг оруулж, тийм сэтгэгдэл үлдээсэн байсан чинь худлаа юу” л гэж асуух хэрэг.
Энэ мэдээлэл нь дээрх нэр гарсан том компаниудын ажил хэргийн нэр хүндийг асар ихээр унагаж байгаа болохоор бүгд хэзээ ч тийм юм байгаагүй, байсан бол бид мэдээгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Гэтэл алан хядахтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд Америкийн бүх тусгай албаны үйл ажиллагааг нэгтгэн хянаж, зохицуулдаг Үндэсний тагнуулын албаны дарга Жеймс Клэппер олон тайлбар хийсэн ч гэлээ огт өөр хариулт өгсөн юм. Тэрээр бүх хяналт, ажиглалтыг алан хядлагатай тэмцэх цөөн тооны мэргэжилтнүүд зөвхөн шүүхээс өгсөн зөвшөөрлийн дагуу дурын хүний бүх мэдээллийг чагнаж болдог гэсэн тайлбар өгсөн юм.
Жирийн америкчууд энэ мэтийн тайлбарт ихэд дургүйцсэн бол Засгийн газар, тусгай албадын үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл АНУ-ын гадаадад ба дотооддоо явуулж байгаа бодлогыг дэмжигчид огт өөр бодолтой байгаа юм.
Тухайлбал, Америкийн гадаад бодлогын талаархи нийтлэл гаргадаг “Foreignpolicy” сэтгүүл гэхэд л улсынхаа аюулгүй байдлын төлөө хувийн амьдралынхаа нууцын өчүүхэн хэсгийг золиослоход сүржигнээд байх юм юу ч байхгүй, энэ талаар эсэргүүцлээ илэрхийлэхийн өмнө гүнзгий амьсгаа аваад сайн бодох хэрэгтэй гэсэн утгатай нийтлэл гаргажээ.
Ерөнхийлөгч Барак Обама ч яг ийм утгатай мэдэгдэл хийсэн.
Маш нууц мэдээллийг ил болгосон Эдвард Сноуден гэгчийн энэ түүх нь домогт “Wikileaks” сайтад Америкийн Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яамны маш нууцын зэрэглэлтэй хэдэн зуун мянган баримтыг нууцаар дамжуулсан Брэдли Мэннингийн дуулиантай адил юм. “Wikileaks” сайтыг үүсгэн байгуулагчийг хуурамчаар хүчингийн хэрэгт буруутган Швед рүү гаргаж, тэндээсээ Америк руу гаргахыг завдсан. Хэрэв Америкийн нутагт очвол түүнд улсын нууц задруулсан гэж шууд цаазаар авах ял ногдуулж магадгүй байсан юм. Үүнийг мэдсэн хэргийн эзэн Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдан яаманд зугатан очиж улс төрийн орогнол хүсч, одоо хүртэл тэндээ байрлаж байгаа юм.
Брэдли Мэнингт АНУ-ын Засгийн газар нь цаазаар авах хүртэл хүнд ялтай зүйл ангиар ял тулган шүүгээд эхэлчихсэн.
Тэгэхээр Америкийн тусгай албад Жулиан Ассанжаас гадна Эдвард Сноуден гэдэг өөр нэгэн хүнийг ангуучлах ажилтай болж байгаа бололтой. Одоохондоо Хонконг нь Хятадын мэдлийн газар нутаг болохоор нууцаар хулгайлах гэх мэт тусгай ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгаа нь ойлгомжтой. Байдал нэгэнт ийм болсон хойно ардчиллын төлөөх цогтой тэмцэгчийн талаар манай урд хөршийн тусгай албад ч онцгой сонирхож эхлэх нь ойлгомжтой. Харин тэр цагт Сноуден аль улсын тусгай албанд баригдсан дээр байж вэ гэдэг талаар нэлээд эргэцүүлэн бодох хэрэгтэй болох биз.
Дээр нэр дурдагдсан Брэдли Мэнингийн дамжуулсан олон зуун мянган нүүр бүхий маш нууц мэдээлэл нь Америкийн нэр хүндийг асар ихээр унагасан юм. Тэр бүү хэл, зарим далд ажиллагааг нь ил болгож ихээхэн хэмжээний хохирол учруулсан байдаг. Мэнинг нь өөрийн үйлдлээ жинхэнэ ардчилал, жинхэнэ хүний эрх, жинхэнэ үг хэлэх эрх чөлөө гэсэн бүгдийг ялуулж, одоо эрх барьж байгаа элит давхаргыг зайлуулахын тулд бүх нууцыг задруулсан гэж өөрийг зөвтгөдөг. Өөрөөр хэлбэл, америкчууд төдийгүй энэ дэлхийн эгэл хүн болгоны төлөө л улсынхаа нууцыг задруулсан болж таарсан.
Ийм тохиолдол Америкийн түүхэнд нэг бус удаа гарч байсан юм. Наад зах нь Америкийн цөмийн бөмбөгийн хөтөлбөрт ажиллаж байсан. Дэлхийн хамгийн анхны цөмийн бөмбөгийг хийх маш нууц ажилд оролцож байсан цөөнгүй физикчид, тухайлбал Алан Нанн Мэй гэх мэт хүмүүс зөвхөн Америк цөмийн бөмбөгтэй болж, дэлхийн хүчний тэнцвэрийг алдагдуулж болохгүй гэсэн үүднээс Зөвлөлтийн талд ихээхэн хэмжээний маш нууц мэдээллийг дамжуулан өгсөн байдаг юм.