Өнгөрөгч долоо хоногт дэлхийд улс төр, эдийн засаг санхүү, хүний эрх гэх мэт чухал салбаруудтай холбоотой олон чухал үйл явдал өрнөлөө. Гэвч нэг мэдээлэл яалт ч үгүй дэлхий нийтийн анхаарлын төвд шууд тусч бусад бүх мэдээллийг дарсан гэхэд болно. Энэ бол Оросын Ерөнхийлөгчийн гэр бүл салж байгаа тухай албан ёсны мэдэгдэл. Владимир ба Людмила Путин нар Кремлийн төрийн ордонд “Эсмеральда” бүжгийн жүжгийг хамт үзэж тухалсны дараагаар сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийж, гэр бүлээ цуцлуулж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.
Салалтын шалтгааны талаархи асуултад Владимир Путин нь “Миний ажил бүхэлдээ цаг ямагт олон нийтийн анхаарлын төвд байдаг. Ийм ажил заримд нь таалагддаг, заримд үгүй. Үүний дээр ингэж цаг ямагт олны нүдэн дээр байж огт таардаггүй хүн гэж бий.
Людмила Александровна өөрийн хийх ёстой ажлаа ёс журмаар хийсэн. Найман жил, есөн жил хийлээ” гэсэн байна. Цаашлаад эхнэр Людмилатайгаа саллаа ч, дотны хүмүүс хэвээр байна гэдгийг онцолжээ.
Харин Людмила Путина Ерөнхийлөгчтэй их дотно, найрсаг харилцаатай байдаг гээд өөрт нь болон хүүхдүүдээ үргэлж халамж тавьж, дэмждэгт нь баярладаг гэдгээ хэлээд “Тэр хүүхдүүдээ ямагт маш их анхаарал тавьдаг, тэд ч халамжийг нь мэдэрдэг” гэсэн байна.
Эцэст нь, Владимир Путин Орост суралцаж, одоо Оростоо амьдарч байгаа охидоороо маш их бахархдаг, тэдэндээ их хайртай гэдгээ хэлсэн байна.
Ерөнхийдөө ийм л үйл явдал болсон. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Путинээс өмнөх Романовынхны удмын хаант Орос, большевикуудын байгуулсан Зөвлөлт улсад төрийн тэргүүн нь гэр бүлээ цуцлуулж, өөр хүнтэй дэр нэгтгэж байсан цорын ганц л тохиолдол байдаг. Тэр бол I Петр хаан. Энэ хаан Оросын хаант улсыг гүн нойрноос нь сэрээн хөгжлийн чигийг Европ руу хандуулснаар асар өргөн уудам нутагтай Оросын эзэнт гүрнийг байгуулан, улмаар өнөөдрийн Орос орны үндсийг тавьсан юм. Ингэж байхдаа Оросын хуучны уламжлалын дагуу өөрт нь бараг хүчээр шахуу эхнэр болгон өгсөн Евдокия Лопухинад дургүй байсан болохоор эхний боломж гармагц түүнийгээ сүм рүү гэлэнмаа болгон цөлөөд салсан. Үүнээс хэдэн жилийн дараагаар Шведүүдтэй дайтаж явахдаа цэргүүдийн олзолсон харц гаралтай Катерина Скваронская гэдэг эмэгтэйг ойртуулан удалгүй түүнтэй гэрлэсэн нь Петрийг нас барсны дараагаар I Екатерина нэрээр Оросын эзэнт гүрнийг таван жилийн турш захирсан юм.
Путиний хүндэтгэж явдаг Оросын төрийн зүтгэлтнүүдийг нэг нь I Петр хаан гэдгийг өөрөө ч хэлж байсан болохоор бүр ч анхаарал татууштай хэрэг болсон гэж болно. Энэ хоёр удирдагчдад төстэй зүйл олон бий. Хоёул хямралд автан задарч бутарч магадгүй байсан Орос орныг сэрээн хөл дээр нь зогсоож чадсан, олон тооны өөрчлөлт явуулсан. Армийг бэхжүүлэхэд онцгой их анхаарсан. Олон улсын тавцанд Оросын нэр хүндийг сэргээсэн. Шаардлагатай гэвэл зэвсэг хэрэглэн Оросын эрх ашгийг ямар ч үнээр хамаагүй хамгаалж чаддаг. Авлигатай хоёул хайр найргүй тэмцдэг. Петр хаан шууд дүүжилдэг байсан бол Путин олон жилээр шоронд хорьдог. Хоёул шаардлагатай үед эрс хатуу байж чаддаг, удирдлагадаа ажиллаж байгаа хүмүүстээ хатуу шаардлага тавьдаг. Харин одоо ингээд гэр бүлээ цуцлууллаа.
Оросын эзэнт гүрний зарим хаад, Зөвлөлт улсын Коммунист намын зарим Ерөнхий нарийн бичгийн дарга нар эхнэрээ бараг л ил, цагаан араар нь тавьдаг байсан тухай олон баримт бий. Гэхдээ тэд хэзээ ч эхнэрээсээ салж байсангүй. Мөн эхнэрээ улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулж байгаагүй. Зөвлөлтийн эхний бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч М.Горбачевын эхнэр Раиса Горбачева л улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог, зарим шийдвэр гаргахад нөлөөлдөг байснаасаа болж, улс төрийн элитүүд, эгэл ард түмний хараал зүхлийг олон хүртсэн. Үүнээс бусад тохиолдолд Зөвлөлтийн удирдагчдын эхнэрийг хүмүүс удирдагчийн ажил явдлын үеэр Улаан талбайгаар алхаж явахад нь л хардаг байлаа. Людмила Путинатай ч тэдэнтэй зарим нэг талаар адил гэж болно. Зайлшгүй албан ёсны үйл ажиллагаанд л нөхрийн хамт оролцоно уу гэхээс бусад үед нам жим, таг чиг. Хятадын шинэ тэргүүн хатагтайгаас ч бүрэг. Урд хөршийн шинэ тэргүүн хатагтай нөхөр нь өндөр дээд албан тушаал эзлэхээс бүр өмнө улсдаа алдартай дуучин, тэрбум хүний андахгүй од, нөхрөөсөө илүү нэртэй болчихсон байсан. Цаашилбал, Америкийн тэргүүн хатагтай Мишель Обамагаас 180 хэм өөр гэж болно. Хэрэв Людмила Путинаг Мишель Обаматай адил “Youtube” дээр бүжиглэсэн бичлэгээ тавьсан байна гэвэл ёстой л эвэртэй туулай харсан мэт дуулиан тарих байсан биз.
Зарим эх сурвалжийн баталж байгаагаар хосууд бараг 5-6 жилийн өмнө тус тусын амьдралаар амьдрах болсон ч Путин ээлжит удаагаа Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх шаардлагатай болсонд Людмила нөхрийнх нь төдийгүй Орос улс, дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой, ээдрээтэй үед Владимир Путинийг дэмжихээр шийдэж салалтын асуудлыг хойшлуулсан гэх. Харин одоо сонгуулиар ялж, суудалдаа бат сууж авсан болохоор салалтыг албан ёсоор зарлах хамгийн тохиромжтой үе гэж шийдсэн бололтой.
Зөвхөн Путин гэлтгүй эхнэрүүд нь гарцаагүй салах байсан ч ээдрээтэй үед, сонгуулийн ажиллагаанд нөхрөө дэмжээд ялсны дараа нь шууд салж байсан тохиолдол дэлхийд байдаг. Наад захын жишээ нь, Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози ба түүний экс эхнэр Сесилия Мартен. Саркозийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн 2007 онд энэ хоёрыг салах гэж байгаа тухай яриа гарсан ч сонгуульд ялсны дараагаар тавдугаар сард тангараг өргөх ёслол дээр Сессилия тэргүүн хатагтайн хувиар оролцсон. Гэвч удалгүй буюу ердөө дөрвөн сарын дараа гэр бүлээ цуцлуулах хүсэлтээ шүүхэд гаргаж, 2008 оны хоёрдугаар сард Саркози нь фото модель Карла Брунитэй гэрлэж байсан. Хожим нь экс эхнэр нь юуны өмнө ээдрээтэй үед гурван хүүхдийнхээ эцгийг дэмжих, хоёрт, хувийн амьдралаа олон нийтээс нууцлахын тулд ялалт байгуулах хүртэл нь гэргийн дүрд тоглосон гэсэн тайлбар өгсөн юм.
Мөн төрийн эрх барьж байхдаа гэр бүлээ цуцлуулсан тохиолдлууд бий. Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони үүний сөрөг жишээ гэж болно. Түүнийг 2009 онд гурав дахь удаадаа Италийн Ерөнхий сайдын алба хашч байх үед эхнэр Вероника Ларио нь өөрийг нь удаа дараалан олон жилийн турш мэхэлсэн гэж үзэн албан ёсоор салж байгаагаа мэдэгдсэн. Энэ хэрэг Италид төдийгүй дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан. Экс эхнэрийн өмгөөлөгч нар нь хөөцөлдсөөр 12 тэрбум ам.доллартай Берлусконийг эхнэртээ өдөр болгон 200 мянган евро төлдөг болгосон нь ингэж их анхаарал татахын нэг шалтгаан байсан биз. Гэхдээ Берлускони удаан ганцаараа явсангүй өөрөөсөө 46 дүү загвар өмсөгчтэй гэрлэн дэлхийн нийтийг бүр ч их алмайруулсан билээ.
Энэ мэтээр гэр бүлээ цуцлуулсан төрийн тэргүүн болгон нэг их удалгүй гэрлэж байсан болохоор Путиний дараагийн эхнэр хэн байх бол гэдэг дээр олон таамаг дэвшүүлэх болжээ. Өрнөдийн зарим сонины сэтгүүлчид таамаг дэвшүүлэх тал дээр хэтрүүлээд Оросын нэр алдартай, царайлаг, залуухан гэсэн болгоныг Путинтэй нэр холбон бичиж хэсэг даапаалаад авсан байна. Тухайлбал, тэдний бодлоор хэдэн жилийн өмнө Америкт тагнуул хийсэн хэргээр хөөгдсөнөөс хойш олны танил болсон Анна Чапманыг хүртэл ирээдүйд тэргүүн хатагтай болж магадгүй гэсэн байна. Мөн гимнастикийн олимпын аварга Алина Кабаеваг тэргүүн хатагтай болох магадлал хамгийн өндөр хүн гэжээ.
Ямартай ч, одоо эрхэм Путинийг энд тэнд олон нийтийн ажиллагаанд оролцох үед ямар бүсгүй хамт дагаж яваа, хэнтэй уулзаж байна гэдгийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нүд салгалгүй ажиглан байсхийгээд л Оросын шинэ тэргүүн хатагтайг “олж” дуулиан дэгдээх нь гарцаагүй.
Харин Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков гэр бүл салалттай холбоотой асуудлын талаар олон нийтэд ямар ч мэдээлэл өгөхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр “Энэ сэдвээр хэлж болох бүгдийг хэлсэн. Тодруулга, асуулт олон тавигдсан, бид бүгдэд нь хариулт өгсөн. Олон нийтийн хэмжээнд энэ сэдвийг ахиж хэлцэх юу ч үлдээгүй” гээд яагаад заавал балет хамт үзсэний дараа мэдэгдэл хийх болсон тухай асуултад “Тухайн үед асуулт тавигдсан үүнд хариулт өгсөн ” гэсэн мэдэгдэл хийжээ.