Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсгийн худалдааны тухай хэлэлцээрт 60 орон гарын үсэг зурлаа


Дэлхий дахинд зэвсгийн худалдаа эргэлтэд нэгдсэн нэг дүрэм журам мөрдөх тухай Зэвсэг худалдаалах талаарх олон улсын хэлэлцээрт 60 гаруй орон гарын үсэг зурсан байна.


“Хамгийн гол нь энэ хэлэлцээрийг улс орнууд хүлээн зөвшөөрч батлаад удахгүй мөрдөж эхлэх гэж байгаа нь  юу юунаас чухал. "Энэ бол манай гаригийн өнцөг булан бүрт хүн төрөлхтөний  аюулгүй байдалд заналхийлж хүний эрх зөрчихөд хүргэж байгаа явдлын эсрэг том мэдэгдэл боллоо” гэж уг хэлэлцээрийг санаачлагч Австрали, Аргентин, Их Британи, Кени, Коста-Рика, Финлянд, Япон орнуудын мэдэгдэлд дурджээ.
Энэ хэлэлцээрийг батлахаар дөрөвдүгээр сард санал хураахад 154 орон санал өгч Иран, БНАСАУ, Сири улсууд татгалзсан юм. Бас 23 орон, түүний дотор ОХУ түдгэлзсэн байна.

Зэвсэг худалдаалах тухай олон улсын энэ  хэлэлцээрт танк, байлдааны хуягт машин, их буу, байлдааны онгоц, нисдэг тэрэг, хөлөг онгоц, пуужингийн системээс эхлээд буудлагын хөнгөн зэвсэг болох гар буу болон давшилтын зэвсгүүд хамаарах юм.
Харин цөм, химийн болон биологийн зэвсгүүдийн тухайд олон улсын өөр конвенцоор зохицуулна.

Дэлхий дээрх зэвсгийн худалдаа


Зэвсгийн худалдаа нь манай гаригийн зэвсэг үйлдвэрлэгч, экспортлогч орнуудын ашиг орлогоос илүүтэй бүс нутаг, дэлхий дахины цэрэг улс төрийн бодлого, аюулгүй байдалд нөлөөлдгөөрөө стратегийн чухал нөлөөлөлтэй арилжаа байдаг.
Зэвсгийн наймааны зах зээл дээр тэргүүлэгч гүрэн нь Орос  болон АНУ. Дэлхийн зэвсэг худалдаалах ажлын судалгааны төвийн судалгаагаар бол дэлхий нийтийн зэвсгийн худалдаа 2012 онд 65 тэрбум ам.долларт хүрсэн тоо байна. Үүний талаас илүү хувийг зэвсгийн хамгийн том наймааачин АНУ, Орос, Франц гурав эзэлж байгаа юм.

Үүний 39 хувийг Америкийн зэвсэг эзэлдэг бол Орос 17 хувийг эзэлж байна. 2011 онд АНУ 42 хувь байсан бол буурч, Орос 15 хувь байснаа багахан өссөн дүнтэй байна. Франц улс дэлхий дээр наймаалж байгаа зэвсгийн 7,8 хувийг борлуулдаг байна. Харин Орос улс хуягт техникийн наймаагаар хэнийг ч дагуулахгүй. Зөвхөн Энэтхэг гэхэд л Оросоос Т-90С танк мянган ширхгийг худалдан авч байна шүү дээ.


Зэвсгийн хууль бус наймаа 2,5 тэрбум доллар


Дэлхий дахинаа хууль бусаар наймаалж байгаа галт зэвсгийн худалдааны хэмжээ ойролцоогоор 2,5 тэрбум долларт хүрч байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энд галт зэвсэг, сум хэрэгсэл,  тэсрэх бодис орж байгаа юм гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Нколай Патрушев мэдэгджээ.
Хамгийн гол нь хууль бусаар худалдаалж байгаа зэвсгийг ихэвчлэн гэмт хэргийн зориулалтаар, террорист, алан хядах ажиллагаанд ашиглаж байгаа гэж тэрээр онцолсон байна. Хууль бусаар зэвсэг үйлдвэрлэгчид, наймаалагчид бүтээгдэхүүнээрээ бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөн, цэргийн бүлэглэлүүдийг дэмжиж тэтгэж байгааг тэр бас тэмдэглэжээ. Цэрэг, батлан хамгаалах зардлаараа 2009 онд гэхэд л АНУ 574 тэрбум ам.доллараар тэргүүлсэн бол Орос 37,9 тэрбум ам.доллараар долдугаар байрт оржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан