Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭЭРМИЙН БҮЛЭГЛЭЛҮҮД ГАЛ ЗОГСООХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Гэмт хэргийн гаралт хяналтаас гараад ирэхээр том жижиг гэлтгүй улс оронд хүний санаанд багтамгүй олон үзэгдэл гардаг. Наад зах нь гэмт хэрэгтнүүд бүлэглэл болон энд тэнд нэгдээд бүгд тусгаар улс шиг болж хоорондоо газар нутаг булаацалдан дайтаж аймшигтай гэмт хэрэг үйлдэж эхэлдэг. Үүний жишээ нь Гондурас улс. НҮБ-аас гаргасан статистик мэдээнээс үзвэл энэ оронд өдөр болгон 20 гаруй хүн хүчирхийлэлд өртөн амиа алддаг аж. Ийм нөхцөлд Гондурасын Сан-Педро-Сула хот нь хүн амины хэргээрээ дэлхийд тэргүүлдэгт гайхах зүйлгүй. Гэмт хэргийн бүлэглэлүүд нь ямар их хүчээ авсныг энэ байдал илтгэж байна. Эрх баригчид байдлыг өөрчилж дийлэхгүй дээрээ тулсныг өчигдөр болсон нэгэн үйл явдал харуулав.
Энэ хотод үйл ажиллагаа явуулдаг гэмт хэргийн хамгийн том хоёр бүлэглэл болох “Мара Сальватруча” ба “Мара-18”-ын төлөөлөгчид тус тусдаа шоронд хэвлэлийн бага хурал хийж энхийн гэрээ байгуулан гал зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Үүний хариуд бүлэглэлийн гишүүдэд өршөөл үзүүлж, ажлын байр санал болгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн аж. Засгийн газар нь тэдний саналыг дэмжиж байгаагаа мэдэгдэв.
Жилийн өмнө энэ хоёр дээрмийн бүлэглэл нь Эквадор улсад гал зогсоох гэрээ байгуулсны дараа тус улс дахь хүн амины хэргийн гаралт 14 сарын дотор 52 хувиар буурсан гэнэ. Үүнийг улс орон нь системийн гажуудалд ороод, төрийн албан хаагчид, хүчний байгууллагынхан нь авлигад нэвт автвал ямар байдалд хүргэдгийн том жишээ гэж болно.
Дээрмийн бүлэглэлийг бүрдүүлж байгаа хүмүүс хувцас, шивээс, хоол, буу зэвсэг гээд олон зүйлээр хоорондоо ялгаатай байж болох ч хийж байгаа хэргээрээ адил гэж болно. Хар тамхи, заналхийлэл, захиалгат аллага, хүчээр бие үнэлүүлэх, дээрэм, мөнгө угаах, хүний наймаа, хууль бус наймаа, галт зэвсгийн хууль бус наймаа, албан тушаалтнуудад авлига өгч үйл ажиллагаагаа далдлах, улс төрийн нам ба гишүүдийн дарамт, мөнгөөр шахан өөрт ашигтай хууль батлуулах, залуучуудыг гэмт бүлэгтээ элсүүлэх, өөрийн үйл ажиллагааг шилийн сайн эрсийн нэр төртэй, ядуусыг дэмжсэн хэрэг гэж сурталчлан таниулах. Энэ зуур уншигч танд дэлхийн хамгийн нөлөө бүхий гэмт хэргийн бүлэглэлүүдийн талаар товч танилцуулъя.

 АНУ

Дээр нэр гарсан «Мара Сальватруча» бүлэглэл нь Гондураст бус Америкийн Лос-Анжелос хотноо дайнаас зугатан ирсэн сальвадор цагаачдын дунд бий болжээ.  Латин Америкийн хамгийн харгис бүлэглэлүүдийн нэг гэдгээрээ зартай. Маш олон оронд салбартай. Бүлэглэлийн гишүүд нь бараг бүх биеийг нь бүрхсэн шивээс хийлгэдэг онцлогтой, түүнээ өөрсдийнхөө нэрийн хуудас болгодог.
“Мара-18” бүлэглэл нь мөн л Лос-Анжелост байгуулагдсан. Энэ бүлэглэлийг мексик цагаачид үүсгэжээ. Магадгүй үүнээс болоод тэд хоорондоо түнжин муутай байдаг байх. Маш хэрцгийгээрээ алдартай бөгөөд Латин Америк даяар үйл ажиллагаа явуулдаг эгнээндээ 90 мянга гаруй гишүүнтэй.
Италиас гаралтай хүмүүс Америкт “мафи” нэртэй гэмт хэргийн томоохон бүлэглэлийг бий болгосон. Гэмт бүлэглэл бий болох явц хэрхэн явагдаж байсныг “Загалмайлсан эцэг” кинон дээр харуулсан байдгийг уншигч та санаж байгаа биз. Мафи нь нэгдмэл цул байгууллага биш харин тус тусын газрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг олон гэр бүлээс тогтдог. Нью-Йоркийн гэмт хэргийн ертөнцийг гэхэд Гамбино, Женовезе, Коломбо и Луккезе, Бонанно гэсэн таван гэр бүл хуваан захирдаг. Америкийн цагдаа, Мөрдөх товчоо зэрэг байгууллага сүүлийн хэдэн жил тэдний эсрэг эрчимтэй арга хэмжээ авч олон толгойлогчийг нь хорьсноос хойш эрч нь мэдэгдэхүйц буураад байгаа аж.

 Итали

«Ндрангета» гэмт хэргийн бүлэглэл нь Италийн хамгийн ядуу муж гэгддэг Калабрид үүсчээ. Өдгөө Италийн нөлөө бүхий зохион байгуулалттай гэмт бүлэглэл болсон. Зарим мэдээгээр болсон «Ндрангета» бүлэглэлийн орлого нь Италийн ДНБ-ий гурван хувьтай тэнцдэг аж.
“Каморра” бүлэглэл нь Италийн Неаполь мужид үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны цар хүрээ, хэрцгий байдал нь хэрээс хэтэрч байсан бөгөөд нэгэн удаагийн санал асуулгаар италичуудын 47 хувь нь армийн анги нэгтгэлүүдийг тус мужид оруулж “Каморра”-ийн үйл ажиллагааг дарах ёстой гэж мэдэгдэж байв.
Сицили арал дээр үүссэн “Коза ностра” нэртэй бүлэглэлийг мэдэхгүй хүн гэж байхгүй биз. “Коза Ностра” бүлэглэлийг анх мафи гэж нэрлэн, улмаар зохион байгуулалттай, улс төр, бизнес, хүчний байгууллагын хүрээнд нөлөөтэй гэмт бүлэглэл болгоныг мафи гэж нэрлэх болсон билээ. Энэ бүлэглэлд багтан үйл ажиллагаа явуулдаг гэр бүлүүдийг одоо ч гэсэн Корлеонегийн гэр бүл удирдаж байдаг. “Коза ностра”-ийн тухай, эрхэлдэг үйл ажиллагаа, хийдэг гэмт хэргийн талаар олон зүйл нурших нь илүүц биз.

ОХУ

Зөвлөлт задарсны дараагаар 90-ээд онд Оросын мафи гэгч үүссэн юм. Жишээлэхэд, Тамбовын гэгддэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл нь 1980 оны сүүлээр Петербург хотод үүсч 10 гаруй жил хотын гэмт хэргийн ертөнцийг бүхэлд нь захирч байв. 2000 оноос хойш Оросын эрх баригчид гэмт бүлэглэлүүдтэй эрчимтэй тэмцэх болсноор бүлгийн толгойлогчид Испани руу цагаачлан гарсан бөгөөд тэндээ дийлэнх дээрэм хийсэн, танхайрсан, хар тамхи зарсан, бие үнэлэгчдийн сүлжээ байгуулсан, зэвсэг хууль бусаар хадгалсан хэргээр  дийлэнх нь баригдаж олон жилийн ял авсан юм. Энэ мэт олон бүлэглэл манай хойд хөршид үйл ажиллагаа явуулдаг. Тэд гол төлөв уугуул хот, дүүргийнхээ нэрээр бүлэглэлээ нэрлэнэ. Сүүлийн жилүүдэд тэд цэвэр орос ба кавказ гаралтай гэж хоорондоо тэмцэх болсон. Үйлддэг гэмт хэргийн хувьд бусад мафитай яг адил. Мөнгө угаахаас эхлээд янхны газар байгуулах хүртэл бүгдийг хийнэ.

 Энэтхэг


Давуд Ибрахим гэгч гэмт хэрэгтний үүсгэн байгуулсан бүлэглэлийг Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “D-Company” гэж нэрлэдэг. Бүлэглэл нь анхандаа Мумбай хотноо үйл ажиллагаа явуулснаар хязгаарлагддаг байснаа удалгүй хүрээгээ тэлж Зүүн Өмнөд Азийг бүхэлд нь хамарсан сүлжээ үүсгэсэн. Энэ бүлэглэлийг Саудын Арави, Пакистаны тусгай албадтай нягт хамтран ажилладаг, алан хядах сүлжээтэй холбоотой гэж үздэг. Зэвсэг ба хар тамхины хууль бус наймаа, захиалгат аллага, алан хядах ажиллагаа явуулдаг.

 Япон

Якуза гэдэг нь Японы зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн ерөнхий нэр. Дотроо том, жижиг олон янзын бүлэглэл байдаг бөгөөд бүгд өөрийн гэсэн дүрэм журамтай, босстой. Якуза нарын хамгийн том бүлэглэл нь 1915 онд үүсэн байгуулагдсан «Ямагучи-гуми» юм. Энэ бүлэглэлийг одоо зургаа дахь босс буюу кумичё толгойлж байгаа. Нэр нь Кэнъичи Шинода. Тэрээр цаг үеэ дагаад бүлэглэлээ нэлээд ардчилсан байдлаар удирддаг юм байх. Тухайлбал, ийш тийш явахаар болвол олон хамгаалагч дагуулан хуягласан машинд тухалдаггүй зүгээр л нийтийн тээврийн хэрэгслээр явж олныг алмайруулдаг.

 Мексик


Энэ улсад хар тамхийг Америк руу нийлүүлэх гэсэн үндсэн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг.  
« Хуаресын картел»  «Лос Зетас» « Тихуаны картел» «Бельтран Лейва Картел», «Гольфо Картел» «Синалоа Картеля»  гэх маш олон хар тамхины мафи байдаг. Тэд хоорондоо болон Засгийн газрын эсрэг хайр найргүй дайтдаг. Зарим нь мэргэжлийн цэргүүдийг хөлслөн авч жижиг арми байгуулсан. Мексикийн Засгийн газар цагдаагийн хүчээр тэднийг тогтоож дийлэхээ байгаад армийн хүчийг тэдний эсрэг үйл ажиллагаанд оролцуулдаг болсон ч ямар нэг өөрчлөлт гараагүй л байна.

 Хятад


Хятадын мафийг хүмүүс ерөнхийд нь гурвал буюу триад гэсэн нэрээр мэднэ. Энэ бол ерөнхий нэр бөгөөд дотроо жижиг том олон бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн том нь “14К” нэртэй бүлэглэл. 20 мянга гаруй гишүүнтэй энэ бүлэглэл нь Хонконгод гол төлөв ажилладаг ч Зүүн Өмнөд Азиас ирж байгаа хар тамхины урсгалыг хянаж Европ, Хойд Америкт үйл ажиллагаа явуулдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан