Эх үрсийн баярыг тохиолдуулан нийслэлээс хаана, ямар арга хэмжээ зохион байгуулах талаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хэвлэлийн ажилтан Х.Нарангэрэлээс тодрууллаа.
-Энэ жилийн Хүүхдийн баярыг өмнөх жилүүдээс ямар онцлогтой тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байна вэ?
-“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” “Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр”-тэй давхцаж байгаа. Иймээс “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Гол нь, хүүхдийг нийгмийн амьдралд оролцох эрхийг нь хангах, эрх, үүргийг нь сурталчлах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эрүүл аюулгүй хот байгуулахад гэр бүлийн гишүүн бүрийн оролцоо чухал гэсэн санааг суулгаж өгөхөөр хичээж байна. Өмнөх жилүүдэд Сүхбаатарын талбайд л баярын арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол энэ жил дүүрэгт бүрт зохион байгуулахыг даалгасан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар дүүргүүдэд ажлын хэсэг гарч бэлтгэл ажилдаа орсон.
-Тухайлбал, дүүргүүдэд ямар арга хэмжээ зохиох бол. Өмнөх жил иймэрхүү баярын үйл ажиллгаа зохиогдож байсан ч зарим дүүрэг нь бараг тэмдэглээгүй шүү дээ?
-Алслагдсан дүүргийн хүүхдүүдийг баярт оролцуулах зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Тиймээс дүүрэг бүр өглөө 11-16 цаг хүртэл Хүүхдийн баяраа тэмдэглэнэ. Ингэхдээ зөвхөн ор нэр төдий арга хэмжээ зохиогоод өнгөрөөлгүй хүүхэд, эцэг эхчүүдийн сэтгэлд хүрсэн баярын арга хэмжээ зохиохыг даалгасан. Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн хүндэтгэлийн тоглолт болно. Одоогоор 30 гаруй байгууллага манайхтай хамтарч ажиллана гэсэн саналаа ирүүлээд байна. Мөн зохион байгуулж буй үйл ажиллагаа бүртээ гэр бүлийн гишүүдийн оролцоог дэмжээсэй гэсэн шаардлага тавьсан. Эцэг, эхчүүддээ хандахад хүүхдийнхээ оюун ухааныг задлах, хөгжүүлэх ном, сэтгүүл мөн байгалийн гаралтай эрүүл мэндэд нь хоргүй эко бүтээгдэхүүн бэлгэнд нь багтаагаарай гэж хэлмээр байна.
-Нийгмийн эмзэг бүлгийн болон асрамжийн газар, хараа хяналтгүй хүүхдүүд рүү хандсан арга хэмжээ зохиох уу?
-Манай газраас Эх үрсийн баярыг тохиолдуулан олон ажил хийж байна. Тухайлбал, зорилтот бүлгийн хүүхдүүдтэй баярын өмнө уулзахаар долоон уулзалт төлөвлөсөн. Үүнд, хөдөлмөр эрхлэгч, хараа хяналтгүй, хөгжлийн бэрхшээлтэй, халамж асрамжийн төвд амьдарч байгаа гэх мэт. Эхний уулзалт энэ сарын 23-ндасрамжийн газруудад хүмүүжиж буй 10-16 насны 250 гаруй хүүхдийн төлөөлөлтэй нийслэлийн Засаг дарга уулзсан. Уулзалтаас олон санал гарсан. Тэдгээрийг бодит ажил болгохоо Засаг дарга мэдэгдсэн.