Монголын сурагчдын холбоо, НТГ, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран Эх үрсийн баярыг тохиолдуулан ирэх сарын 1-ний өдөр бүх хүүхдийг том оврын автобусаар үнэ төлбөргүй зорчуулахаар болжээ. Хэдийгээр том оврын автобуснууд алдагдалтай ажилладаг ч сайн үйлсийн төлөө за гэж хэлж байгаа юм. Нийслэл 182 мянган хүүхэдтэй. Энэ тооцоогоор авч үзвэл 24 аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүүхдүүдэд 70 гаруй сая төгрөг зориулж байна гэсэн үг.
Том оврийн автобуснууд өдөрт 100 гаруй сая төгрөгийн орлого олдог. Ингээд бодохоор жолооч, кондуктор ах эгч нар маань нэг өдрийн цалингаараа бидэнд бэлэг барьж байна. Тус арга хэмжээг санаачлагч Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Анх том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид дэмжих болов уу гэж санаа зовж байсан. Гэтэл тэд дуртайяа хүлээн авсан. Алдагдалтай ажилладаг салбар ч гэсэн хүүхдийн төлөө за гэж хэлж байна. Бусад аж ахуйн нэгж ч гэсэн санаа авч Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө ямар нэг ажил хийгээсэй. Хүүхдүүд автобусны мөнгө байхгүй гээд кондукторт чимхүүлж байгааг бид өдөр бүр л хардаг. Ядаж баярынх нь өдөр ийм байдал гаргахгүй байя гэсэн үүднээс энэ саналыг гаргасан юм” хэмээв.
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуу “Нийтийн тээврээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, цэрэг цагдаа, оюутнууд үнэ төлбөргүй зорчдог. Гэвч ямар ч орлогогүй хүүхдүүдийг тасалбар авахыг шаарддаг. Энэ нь, автобусны хөлс төлөлт гажуудсаныг харуулж буй хэрэг. Үүнд төрийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Бид Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө автобусны хөлс битгий хэл үүнээс ч илүүг зориулах үүрэгтэй” хэмээв. Ийнхүү Эх үрсийн баярыг угтан НТГ болон Том оврийн автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хүүхдэд чиглэсэн арга хэмжээний эхлэл болгож салхийг нь хагаллаа.
Ямартай ч, Монголын сурагчдын холбооноос жолооч, кондуктор, зорчигчдын дунд “Инээмсэглэл” хөтөлбөрийг эхлүүлж байгаа аж. НТГ-т ирж байгаа санал гомдлын 50 гаруй хувийг кондуктор соёлгүй харилцсан гэх мэдээлэл эзэлдэг гэнэ. Иймээс кондуктор нарыг зорчигчдодоо инээмсэглэн угтаж байх, эелдэг боловсон харьцааг нэвтрүүлэх үүднээс дээрх арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгуулахаар болжээ. Нийтийн тээврийн салбарт тулгамдсан зүйл олон ч, тэр бүх асуудлыг түр мартаж “Инээмсэглэл” хөтөлбөрөөр иргэддээ бэлэг барихыг уриаллаа. Сурагчдын холбооноос цаашдаа Замын цагдаагийн газар, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд эл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Хамгийн идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллагыг хүүхдэд ээлтэй жолооч, кондуктор гэсэн өргөмжлөл олгох ажээ.
-Оюутнууд тэтгэлэг авдаг хэрнээ нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог. Харин ямар ч орлогогүй сурагчдыг төлбөртэй зорчуулдаг хэмээн иргэд шүүмжилдэг?
-Бид энэ асуудлыг 2008 оноос тавьсан. Сурагчийг оюутантай адилтгаж нөхөн төлбөр олгодог болъё гэж. Гэвч холбогдох байгууллагууд нь дэмжихгүй явсаар өнөөдрийг хүргэлээ. Харин одоо Боловсролын тухай хуульд тусгасан гэж сонссон. Бидний санал бол ядуу, амьдралын түвшин доогуур иргэдийг үнэгүй зорчуулдаг болгох.
-Нөхөн төлбөр гэж хэдэн төгрөг шаардлагатай юм бэ?
-Нийтийн тээврээр зорчдог 32 мянган хүүхэд бий гэж ярьдаг. Нарийвчлаад үзвэл 40 гаруй мянган бий. Яагаад зөрүүтэй гардаг вэ гэхээр тойргийн сургуульдаа явдаг нь ордоггүй юм. Гэтэл Орбит орчмын хүүхэд аав, ээжийнхээ ажилд ойр гээд 13 дугаар хорооллын сургуульд сурдаг байх жишээтэй. Ингэж автобусаар дамжин хичээлдээ явж байгаа олон хүүхэд бий. Боловсролынхон тэнд тийм сургууль тэдэн хүүхдийн багтаамжтай гэж гаргахаас биш хаягаар нь гаргахгүй байна.
-Сургуулийн автобус явуулснаар сурагчдыг үнэ төлбөргүй зорчуулж байгаа. Ийм автобусыг сургууль бүрт нэвтрүүлбэл ямар вэ?
-Автобус явуулснаар нийтийн тээврээр зорчдог хүүхдийн тоо буурч эхэлсэн. Гэхдээ төрийн өмчийн сургуулийн хүүхдүүд бараг хамрагдахгүй байгаа. Хэрэв сургуулиуд автобусаар үйлчилдэг болно гээд эцэг,эхээс нь мөнгө авна гэвэл гурав дахин өндөр үнэ хэлж байгаа байхгүй юу. Үүнийг дэмжиж бизнес хийгээд байх юм.