Монголын толгой компаниудын мэдэлд очоод байгаа паркын газар өндөр зэргэлэлийн зочид буудлын хотхон болох дээрээ тулаад байгаа юм. Тиймээс тэдгээр компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлсэн нь дээр үү эс бөгөөс парк хэвээр нь байлгаж нийслэлийн нийт иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар хэвээр нь үлдээх дээр үү хэмээх маргаан он дамжин үргэлжилсээр. Бүр сүүлдээ “Бодь” группийн удирдлагуудынх нь дотоод зөрчил томоохон банкны оршин тогтнох эсэхэд халдаж эхлэв бололтой.
Амралтын өдрүүдэд телевизийн бараг л бүх сувгаар паркийн газрын асуудлын талаар хэт нэг талыг барьсан захиалгат нэвтрүүлэг цацагдлаа. Олон ч хүний тархийг угаасан нь дамжиггүй. Гэхдээ учир мэдэх олон хүний ундууцыг хөдөлгөв.
Уг нэвтрүүлгийг Монголын сэтгүүл зүйд захиалгатай нэвтрүүлгээр гаршаад байгаа “HERO” энтертайментийнхан бэлтгэн олон нийтэд цацлаа. Мэдээж сурсан зангаараа улс төр бизнесийнхний төлөөлөл олны танил олон эх сурвалжийг урьж оролцуулжээ. Гэхдээ нэгээс бусад нь бүгд “Бодь” группыг өмгөөлсөн үг хэлж байгаа нь сайн найруулсан жүжиг гэлтэй. Бодийнхны энэ “захиалгат” нэвтрүүлэг нь “паркаа авръя” хөдөлгөөний А.Мөнхбатыг хэн ч биш болгохыг зорьжээ гэдэг нь илт. Дээр нь МСS-ийн хүргэн Б.Болдсайхан хөтлөгч хийсэн нь твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиулаад өнгөрлөө. Юу гэхээр эхнэрийнхээ компанийг улаан цайм өмгөөлж байгаа эмч нэвтрүүлгийн төгсгөлд “А.Мөнхбат шиг залуусаар баасаа хийх вэ, бөгсөө арчаад ч хэрэггүй” гэх мэт ёс суртахуунгүй үг чулуудаж байгаа нь эфирээр цацагдаж зориуд найруулсан жүжгээ бүр ч илчлээдэхэв. Мэдээж түүний энэ тавьтаргүй, эр хүний жудаггүй шальчигнуур үг олны дургүйцлийг хүргээд авав. Мань эмч тэр нэг өдөр М.Ичинноров, Г.Уянга нарыг намаа сольсных нь төлөө янхнаар нь дуудаж байсан нэгэн. Түүнээс нь болж О.Магнайтай ч ам муруйн байсан юм. Б.Болдсайхан бол "М-Си-Эс" группын Захирлуудын Зөвлөлийн Гишүүн, дэд Ерөнхийлөгч Д.Энхцэцэгийн хоёр дахь нөхөр бөгөөд эдний гэр бүл зөвхөн жилийн үр дүнгийнхээ шагналаар л "Сонгдо" эмнэлгийг худалдаж авсан тухай яриа байдаг юм. Түүний өмнөх амьдрал болох хоёр хүүхдийн эх Алтанцэцэг нь өмссөн хувцастай нь гэрээсээ гаргасан гэдэг. Тиймдээ ч өөрийнх нь амьдралыг залгуулж байгаа "М-Си-Эс" группийн босс эхнэрийнхээ талд бат зогсохгүй бол болохгүй нь лавтай. Ямартаа л багтаж шингэхээргүй болтлоо багассан хүүхдийн паркын асуудлаар бас л эхнэрийнхээ компанийг өмгөөлөн “нэгэнт барьцан байшинг нураах уу тэгээд, тэр хүмүүсийг хөдөлмөрийн баатараар шагнасан нь дээр” гэх мэтээр элдвээр аашлав.
Б.Болдсайхан эмчийн хувьд хуншгүй эр гэх хүн бас цөөнгүй бий. Юу гэхээр Хятад руу нарийн царигтай төмөр зам тавих ёстой гэсэн "Энержи Ресурс"-ыг өмгөөлж, Х.Баттулгын эсрэг нийтлэл бичихдээ авгай, хүүхдийнх нь асуудлыг сөхөж "Орос Мангудын хүүхэнтэй суусан Х.Баттулга" гэхчилэн цоллож байсан билээ. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харав гэгчээр л юм.
МЗХ санаачлан “Паркаа авръя” хөдөлгөөн өрнүүлээд удаж байна. Оны өмнөөс эхэлсэн паркын газрыг төр мэдэлд нь авч паркыг парк хэвээр нь байлгах гэсэн асуудал өнөөдөр тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Уг нь бол паркын газрыг парк хэвээр нь байлгана хэмээсэн “Бодь” групп хэлж байсан. Гэтэл үгнээсээ буцаж таван одтой хоёр ч зочид буудлыг барихаар зураг төслөө гаргаад байгаа. Энэ тухай МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат олны анхаарлын төвд оруулан дэлгэсэн нэгэн. Тиймдээ ч тэр ийнхүү хүний олонд “бариулав”. “Мон-Уран”, “Сөүл” групп ч паркын газраас эзэмшиж байна. Бодийг үүсгэн байгуулагчдын нэг улстөрч Л.Болдын хувьд паркын газрыг төрийн мэдэлд нь буцаагаад өгөхөд бэлэн байгаагаа хэвлэлээр хэлсэн. Харин журмын нөхөд нь түүнд нь илт дургүйцэв. Энэ нэвтрүүлэг ч бас Л.Болдын үгийг няцааж түүнийг групптээ хэн ч биш болсон гэдгийг харуулсан юм. УИХ-ын гишүүн, “Мон-Уран”-ы Б.Наранхүү ч “Бодь” группт биш улсад бол энэ газрыг буцааж өгч болох тухай ярьсан. Бодийнхон бас л түүний үгийг улстөрч хүний олонд таалагдахын тулд тоглоом маягаар хэлсэн мэтээр тайлбарлаад өнгөрөв. Эцэст нь Бодийнхон паркын газрыг хэзээ ч парк хэвээр нь байлгахгүй, хоёрын хоёр зочид буудал барих тухайгаа цэнхэр дэлгэцээр зарлаад авав. Бодийнхны хувьд паркын газарт хөрөнгө оруулалт гаднаас авах гэж байгаагаа ч нуусангүй. Хүүхдийн баяр дөхөж байхад Бодийнхон ингэж шоудах нь паркыг парк шиг болгох ажлаа хийж чадаагүйгээ дарах, түүнчлэн паркын эсрэг хэн нэгэн дуугарвал олноороо нийлж нам дарж чаддагийг л харуулсан болов уу.