Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буруутныг “номхруулсан” замчид


"Ам нээвэл уушиг нээ" гэгчлэн зам засварын ажил сүр дуулиантай эхэлдэг ч засварын явцад дундаа санхүүжилт, материал өөрийн болон өрөөлийн буруугаас ажил саатдагийг мэддэг хүн цөөн. Манайх гэхэд "Хүчит шонхор" зах орчмын 1,7 км замыг засч байгаа гэвч замын трасст орсон 38 айл өнөөг хүртэл газраа чөлөөлөөгүйгээс товлосон өдрөө ашиглалтад хүлээлгэн өгнө гэдэг худал болох нь" хэмээн "Эко тогтол" компанийн инженер хотын мэр замын ажил гүйцэтгэгч 28 компанийн удирдлагуудтай уулзсан халуухан ярианы эхлэлийг тавив.
"Яагаад айлууд нь чөлөөлж өгөхгүй байгаа"-г Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн Авто замын газрын мэргэжилтэн н.Тэмүүжингэс асуухад "Ажил эхлэхийн өмнө айлуудад нь танай энүүгээр зам тавтх учраас газраа чөлөөлөх ёстой гэхэд зөвшөөрсөн хэдий ч, цагаа тулахаар нөхөн олговор бага байна гээд чөлөөлөхгүй байгаа" гэв. Харин нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар "Ам.метр талбайг 13500 төгрөгөөр үнэлэх нөхөн олговрын талаархи журам байдаг. Шинэ журам гарвал өөрчлөгдөх байх аа. Гэхдээ гэнэт л газар чөлөөлөх хэрэгтэй  гээд замын ажлын зураг ороод ирдэг. Үүнээс болж олон асуудал үүсдэг” хэмээв. Эл тайлбарыг нь эрс эсэргүүцэн нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Энэ жил 106,6 км авто зам засч шинэчлэхэд нийтдээ 160 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Замын ажлынхаа зургийг өнгөрсөн жил гаргасан. Тэгж цагийг нь тулгаж хийнэ гэж байхгүй. Ажил эхлэх зөвшөөрлийг нь авах гэсээр байгаад хугацаа алддаг зүйл бий” хэмээсэн. Холбогдох байгууллагын мэдээллээр хэн ч буруугүй болж таарсан газар чөлөөлөлттэй холбоотой үүссэн асуудлыг хотын мэр “Та нарын уялдаа холбоогүй ажилладгийн нэг жишээ энэ шүү дээ. Хэрвээ энэ газарт ирээдүйд зам барина гэсэн бол аль хэдийнэ ажлынх нь зураг гараад айлуудтай нь газар чөлөөлөх гэрээ хийсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Цагийг нь тулгахаар айлууд газраа үнэд хүргэх нь аргагүй шүү дээ. Цагийн юмыг цагт нь хийж бай” гэж зэмлэв.
Харин “Ялгуусан” компанийн дэд захирал н.Лхасүрэн “Зам барихад хамгийн чухал түүхий эд бол хайрга, дайрга. Гэтэл Хан-Уул дүүрэг манай компанийн Туул голын эргээс наана хоёр километрт орших хайрганы ордыг хааснаас замын ажил зогсчихлоо. Манайхан чинь шийднэ гэхээсээ илүү бүгдийг нь хаана, зогсооно гэх юм.  БОНХЯ голын усны эргийн хамгаалалтын бүсэд ороогүй байна гэж байхад дүүргээс болохгүй гээд хаачихсан. Ядаж техникээ авъя гэхээр лацадсан газарт нэвтэрсэн гээд Эрүүгийн хуулиар хүлээлгэх заалт бий шүү гэж айлгаад ажил хийх нөхцөл алга. Энэ хэвээрээ явбал замын компаниуд энэ жил замаа хугацаанд нь ашиглалтад өгнө гэдэг худал бололтой” гэв. Санхүүжилтийг нь өнөөг хүртэл шийдээгүйгээс ажил нь зогсох болоод буй “Нийслэл өргөө” компанийн мэргэжилтэн Ж.Батсайхан “Манайх Яармаг болон Баянзүрхийн товчоо орчмын зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа ч санхүүжилтээ аваагүй л байна. Хөгжлийн банк руу бичиг нь явсан гэсэн.  Ямар ч гэсэн гэрээнд заасны дагуу  энд тэндээс хөрөнгө мөнгө эрж сураад дуусгахыг бодно. Гэхдээ банкнаас зээл авахаар хүүнээсээ өндийж чадахгүй байна” хэмээн бухимдав.  Энэхүү боломжийг ч ашиглан зовлон нэгтэй Ажилчны гудамжны замыг засч буй  гүйцэтгэгч компанийн захирал н.Ганбаатар “Манай ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн. Гэтэл өнөөг хүртэл санхүүжилт шийдэгдэхгүй байна. Жилийн жилд яригддаг энэ байдлыг та шийдэж өгөөч” хэмээн арга баран гуйв. Энэ талаар ч нийслэлийн Авто замын газрын дарга Н.Нанзаддорж “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын явц сайн байгаа. Хөгжлийн банкны санхүүжилтээр хийх замуудын хөрөнгийн асуудал хүндрэлтэй. Ирэх сард  замын ажилд таван тэрбумыг төсөвлөсөн нь хаанаа ч хүрэхгүй. Энэ байдлаар цааш үргэлжилбэл ажил зогсох эрсдэлтэй учир асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” гэв. Ямааны мах халуун дээрээ гэдэгчлэн одоо шийдье хэмээн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хөгжлийн банкийг төлөөлж ирсэн хэлтсийн дарга н.Мөнхтулгаас тайлбар шаардсан юм. Тэрээр “Өнөөдрийн байдлаар 39 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт олгохоос 15 тэрбумынх нь нэхэмжлэл ирсэн. Бид эхний ээлжинд 2,4 тэрбумыг нь ирэх долоо хоногт шилжүүлнэ. Нэмж, санхүүжилт шийдэгдэж магадгүй гээд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Санхүүжилт удсан шалтгаан нь эргэн төлөлтөө яаж хийх нь тодорхойгүйгээс болсон. Ажлын гэрээ нь хийгдээгүй байсан”  гэв.  Нийслэлийн Авто замын газрын мэргэжилтэн н.Ганчимэг “Хөгжлийн банк, Сангийн яам, ЭЗХЯ хамтран ажлын гэрээ байгуулсан шүү дээ. Гэрээ байхгүйгээс ажил саатсан гэдэг зүйл яригдах учиргүй” хэмээн эрс эсэргүүцэх нь тэр. Санхүүжилт удсан эл маргааныг эцэслэхийн тулд хотын мэр “Шаардлагатай үед нь хэрэгтэй мөнгийг нь шилжүүлээгүй Хөгжлийн банкийг шүүхэд өгье л дөө. Өнгөрсөн жил замын ажлын санхүүжилт яагаад гацав гээд хөөгөөд шалгасан чинь шалтгаангүйгээр 118 тэрбум төгрөгийг саатуулсан байсан. Санхүүжилтгүйгээс замын ажил зогсохоор ямар хэцүү байдгийг биеэр нь эдлүүлэх юмсан” хэмээн бухимдав.
“Гээндээ ч бий гоондоо ч бий” гэгчээр явж явж санхүүжилтийг гацаасан нэр зүүсэн Хөгжлийн банкныхны хувьд ЭЗХЯ, Сангийн яамнаас мэдээлэл нь ирээгүйгээс гацсан гэсэн тайлбар өгсөн юм. Ямартай ч, хотын мэр “Бид нийлж суугаад л замын ажилд тулгарч буй бэрхшээлийг яриад байвал хэдэн сар, жилээр ярилцана. Хэрвээ та бүхний санал, гомдлыг энэ хэдэн хотын дарга нар сонсохгүй, хийж өгөхгүй бол нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж болно шүү дээ. Нээлттэй. Манай дарга нар өнөөдөр ийм  л байдалтай байна. Та нарын үл ойлголцлоос болж замыг чинь сайхан засаад өгье гэсэн барилгын компани хохирох ёсгүй шүү. Та нар дарга болохдоо дуртайяа албан тушаал авчихаад хийх болохоороо гэдийнэ гэж байхгүй. Энд төрийн ажил явж байна” хэмээн хатуухан сануулав.  Ямартай ч, замын гүйцэтгэгч компаниудын зовлон бэрхшээлийг сонсч, газар дээр нь шийдвэрлэхийг зорьсон хотын мэр “Эхний ээлжинд дайрга, хайрганы карьерыг шийдье. Замын трасст орсон айлуудад татгалзах боломжгүй саналтай газар чөлөөлөх шаардлага хүргүүлнэ. Мөн эзэнгүй инженерийн шугам сүлжээг цэгцэлж өгнө” гэж амлав. Нэмж тэрээр “Замын чанар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг шаардана гэдгээ анхааруулъя. Цаашдаа гүйцэтгэгч компаниудтай хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны гэрээ байгуулна. Гэрээ хийгээд, хэлж захиад байхад ажлын байранд осол гаргавал өршөөлгүйгээр хамтран ажиллахаас татгалзана гэдгээ хэлчихье” хэмээн сануулсан юм. Ийнхүү замын ажлыг саатуулж буй буруутныг төвөггүйхэн барьсан эл халуухан уулзалтын үр дүнг хотын мэр НАЗГ, нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, НӨХГ-ын дарга Ш.Төмөрбаатараас нэхнэ гэдгээ мэдэгдэж, харилцан уялдаатай ажиллахыг анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан