Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын зам хамгийн муу нь

Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны “Бээжин -Парис” ралли энэ сарын 28-нд Бээжин хотоос эхлэх гэж байна.
“Бээжин-Парис” раллид 1913 оноос 1982 оны хооронд үйлдвэрлэсэн машинтай бол оролцож болдог. Оролцогчид нь Хятад, Монгол, Орос, Украйн, Словак, Австри, Швейцарь, Францын нутгаар 12 мянган км зам туулдаг. Энэ уралдаанд 21 орны 86 баг оролцох юм.

Анхны уралдаан болох үед манай нутагт шатахуун түгээгүүрийн газар, сүлжээ гэж огт байгаагүй болохоор тэмээн жингээр уралдааны зам дагууд урьдчилан товлосон газруудад шатахуун бүхий торх байрлуулж байжээ. Үүний дээр оролцогч баг болгонд нэг сэтгүүлч зорчигч болон сууж явсан учраас өртөө болгон дээр цахилгаан холбоо ашиглан уралдааны явцын талаар мэдээлдэг байсан аж. Энэхүү анхны раллид Италийн ван Шипионе Боргезе гэгч хамт явсан сэтгүүлч Луижи Барзинийн хамт түрүүлсэн байдаг. Гэхдээ тэрээр зүгээр ч нэг түрүүлсэнгүй зам зуураа Санкт-Петербург орж оройн хоол идчихээд буцан Москва орж илт давуу гэдгээ харуулж байгаад түрүүлсэн гэдэг. Энэ дашрамд уралдааны явцад сэтгүүлчдийн авсан фото зураг, баримтат кино бичлэг нь манай улсын тухайн үеийн аж байдлын талаарх маш үнэт мэдээлэл өгдөг юм.
Өдгөө болох гэж байгаа ралли уралдааны зам манай улсын нутгаар дайран өнгөрнө гэхээс өөрөөр бидэнд хамаагүй гэж бодож байж болох юм. Гэвч тийм биш юм. Яагаад вэ гэвэл...

Манай хойд хөршөөс анх удаагаа баг гарч энэ раллид оролцож байгаа. Энэ баг нь 1979 онд үйлдвэрлэгдсэн “Москвич 421” машинаар уралдана. Ин­гээд хойд хөршөөс раллид орол­цох машин хэд хоногийн өм­нө Улаанбаатар хотноо ир­жээ. Тэд Оросын хил даваад манай улсын нийслэл хүртэл 730 км замыг цагт дунджаар 64 км-ийн хурдтай туулсан гэнэ. Ингэхдээ хил давснаас хойш Улаанбаатар хүртэл төлбөртэй дөрвөн ч замаар явсан аж. Төлбөртэй зам гэж замын хаалт, хажууд нь барьсан жижигхэн шавар тагзыг дотор нь суудаг мөнгө хураагч хэлсэн бололтой.

Ингэсний эцэст Улаан­баатар хот ордгийн да­ваан дээр аймшигтай том нүх ухаад хаячихсан байсныг арай л гэж давж гарсан гэнэ. Аргагүй л дээ хаа байсан 1979 онд үйлдвэрлэгдсэн “Москвич” шүү дээ. Гэхдээ зөвхөн нийслэл орохын өмнөх замд угтаж авсан аймаар том нүхээр асуудал дууссан бол бас ч гэж гайгүй гэх байж. Оросын багийнхан ер нь Монголын замыг бөмбөгдүүлсэн юм шиг аймшигтай гэж үзсэн байна. Ингээд ч зогсохгүй Оросын зам дээрх нүх, хонхорыг Монголын зам дээрхээс хамаагүй жижиг гэсэн байх юм. Мөн жолооч нар нь замын хөдөлгөөний дүрмийг огт баримталдаггүйг ихэд гайхжээ. Хүссэн газар руугаа дурын замаар, яаж л болж яаж давхиж хүрдэг, ямар ч дүрэм журамд захирагддаггүй талын нүүдэлчид гэдгийг л үүгээр онцолсон байх.

Орос ингэж бичнэ гэдэг тун ч сонин. Учир нь суут зохиолч Гоголь “Орост хоёр зовлон бий. Нэг нь зам, нөгөө нь тэнэгүүд” гэсэн байдаг. Үүгээр далимдуулаад дэлхийн хамгийн зам муутай орон бол Орос гэх хүн мундахгүй.
Гэтэл раллид оролцох замдаа Улаанбаатараар дай­раад гарсан Оросын жолооч нарын хувьд манай зам, тэнэгүүд хоёрын рейтинг тэднийхээс хэтрээд “супер” санагдсан гэсэн үг. Оросуудын мөнхөд муулж байдаг өөрийн нутгийнх нь замын онхол донхол манайд байдгаас бага санагдана гэдэг тун ч содон зүйл шүү. Манайхан чинь уг нь “Мянганы зам” гэх мэт лут том төсөл хэрэгжүүлсэн, эдийн засгийн өсөлт, жилд тавигдаж байдаг хатуу хучилттай зам, нэг хүн ногдох машин тэргээрээ дэлхийд ямар ч байсан доогуур орохгүй улс. Гэхдээ л бас байгаа бололтой.

Замын чанар, жолооч нарын замын хөдөлгөөн ба­рим­талдаг байдлын хувьд их сонин зүйл ажиглагддаг. Жишээлэхэд, статистик мэдээнээс үзвэл манай хойд хөршид зам тээврийн ослоос болж жилдээ 35 мянган хүн амиа алдаж, 270 мянга гаруй хүн гэмтэж бэртэж байдаг аж.

Үүнийг харсан бид харамч баяны адилаар “Яах вэ, дээ­дэстэн минь, өөрсдөө ийм байж намайг хүмүүс элдвээр хэлэх юм” гэж гомдоллож болох л юм. Сонирхуулахад дэлхий дээр зам тээврийн ослын ул­маас жилдээ 1 сая 200 мянган хүн амиа алдаж, 50 сая хүн янз бүрийн гэмтэл авч байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо бари­хыг эсэргүүцэх, санхүүжилтийг нь авч зам барьж байгаа бол “хүн шиг” зам барихыг шахан шаардах гурван сарын аян эхлүүлэхийг санал болгох байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан