Хөдөлмөрийн яамнаас Хөдөлмөрийн бага чуулганыг Монгол орны 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Аймгийн ҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой хамтран “Залуучууд-Хөдөлмөр”-2013 чуулганыг Даланзадгад суманд энэ сарын 17-нд зохион байгуулжээ.
Чуулганд Аймгийн Засаг даргын орлогч Р.Сэддорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамъянхорол, Хувь хүний хөгжлийн институтын лектор багш нар, АҮЭХолбоо, ЗДТГ, ХГБХ хэлтэс, МСҮТ-ийн болон сум орон нутгийн төлөөлөгчид төрийн бус байгууллага, хувийн хэвшил, малчин, ажил олгогч зэрэг нийт 150 гаруй иргэн оролцлоо.
Чуулганыг “Залуучууд-Хөдөлмөр-2013” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд чуулганы хүрээнд залуучуудын оролцоотойгоор тэдний хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа, цаашид авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлж, “Ажилтай орлоготой-Монгол хүн” аймгийн хөтөлбөрийг батлах, Залуучуудын талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтыг тодорхойлж, Хөдөлмөр эрхлэлт, залуучуудын хөгжлийн бодлого шинэчлэлийн талаарх залуучуудын санал бодлыг сонсох, харилцан санал солилцох, гарах санал дүгнэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хэрэгжилжүүлэх зорилготой байлаа.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байр нэмэгдүүлэхэд төр, иргэн, хувийн хэвшлийн үүрэг оролцоо”, “Ажил олгогчын үүрэг оролцоо, залуучуудын хөгжлийн бодлого, шинэчлэлийн талаарх залуучуудын оролцоо” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөж, иргэд, аж ахуйн нэгж, ажил олгогч байгууллагуудаас олон санал ирлээ. Тухайн гарсан саналуудаас “Ажилтай орлоготой-Монгол хүн” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулахаар хэлэлцэн баталлаа. Мөн чуулганы төлөөлөгч залуучуудад Улаанбаатар хотоос Хувь хүний хөгжлийн институтын лектор 2 багшийг урьж ирүүлэн “Амьдрах ухаан-амжилтын хөтөч”, “Зорилгодоо хүрэх арга замуудаа тодорхойлох нь” сэдвүүдээр лекц уншжээ.
Өмнөговь аймгийн хувьд 2012 оны жилийн эцсийн суурь судалгаагаар 56598 хүн амтай, үүнээс хөдөлмөрийн насны 31248 иргэн байгаагаас 22402 иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг, 4771 иргэн ажилгүй байна.
Тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэдээллийн санд 2013 оны 4 сарын 15-ны байдлаар 280 иргэн зуучлагдан байнгын болон түр ажилтай болсон ба зуучлагдсан иргэдийг насны байдлаар авч үзвэл 15-24 насны иргэн 80, 25-34 насны 98, 35-44 насны 61, 45-59 насны 41иргэн байгаа нь тухайн сарын байдлаар 25-34 иргэд хөдөлмөрийн идэвхи сайтай байгаа нь харагдаж байна. Хүйсийн байдлаар нь авч үзвэл эрэгтэй 114 иргэн, эмэгтэй 166 иргэн байна.
Зуучлагдсан иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл магистрын зэрэгтэй 1, дипломын болон бакалаврын дээд 40, тусгай мэргэжлийн дунд 12, техникийн болон мэргэжлийн анхан шатны 46, бүрэн дунд боловсролтой 144, суурь боловсролтой 31, бага боловсролтой 6 иргэн байна.
2013 оны 04 дүгээр сарын 15 ны байдлаар шинэ ажлын байр 215 бий болсон ба 1-р улирлын байдлаар 93 ажлын байрны захиалга бүртгэгдсэн бол тухайн сард 919 болж өссөн нь аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 18 ны өдрийн а/182 тоот захирамжийг мөрдөн ажиллаж байгаа нь сайшаалтай байна.
Аймгийн дүнгээр 4771 бүртгэлгүй ажилгүй иргэн байгаа ба Хөдөлмөрийн хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 752 байгаа ба үүнээс 366 нь буюу 48,6 хувь нь эмэгтэйчүүд байна.
Иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулж мэргэжлийн чиг баримжаа олгон мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд МСҮТөвд 107 суралцагч хамрагдан гэрээт ажил олгогч байгууллагууд дээрээ мэргэжлийн дадлага хийж байгаа бол дараагийн ээлжийн 99 суралцагч онолын сургалтанд сууж байна.
Ажил олгогчдын захиалгаар асаргаа сувилгааны сургалтанд 20, оёдол эсгүүрийн сургалтанд 20, гоо сайхны сургалтанд 20, төсөл хөтөлбөр боловсруулах сургалтанд 75 иргэн нийт дүнгээрээ 341 иргэн сургалтанд хамрагдаад байна.