Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэцэгсээр дутагдаж, жимсгэний модоор амьсгалсан нэг өдөр

Метрополис хот болсон гэгдэх Улаанбаатарт өнөөдөр ногоон байгууламж дутагдаж буй. Хотын өнгө үзэмж цаашлаад иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ жил ногоон байгууламжийн тоог нэмснээ нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэлж байсан. Тэрээр “Энэ жил ногоон байгууламжид нийслэлээс 4.5 тэрбум төгрөг зарцуулна. ТҮК  90 хүнийг сургалтад хамруулж цэцэрлэгчнээр бэлтгэсэн. Ингэснээр хотын мод, цэцэгс эзэнтэй болж байна гэсэн үг. Түүнчлэн  64 гудамжийг эзэнтэй болгон байгууллагуудад хуваарилж, гэрээ байгуулан ажиллаж байна” хэмээсэн. Энэ ажлын хүрээнд зохион байгуулсан  “Ногоон байгууламжийн төлөвлөлтийн асуудалд Гоёл чимэглэлийн цэцэгт ургамлыг төлөвлөх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид зам дагуу мод тарихаас гадна цэцэгс, цэцгийн мандал дутагдаж байгааг нэгэн дуугаар хэлж байв. Энэ талаар нийслэлийн Ногоон хөгжил экологийн газрын дарга Г.Болормаа “Энэ жил манай газраас нийтдээ 15 га газрыг зүлэгжүүлэхээс гадна таван бичил цэцэрлэг байгуулахаар төлөвлөсөн.  Учир нь, сүүлийн хэдэн жил мод тарья гэж ярьж байгаагаас биш цэцгийн мандалыг төдийлэн тоодоггүй байсан. Тэгвэл цэцэгс ч гэсэн модтой адил хотын өнгө үзэмжийг нэмдэг ургамал. Тиймээс эл хэлэлцүүлгийн зорилго нь манай эрс тэс уур амьсгалд ямар цэцэгс тохиромжтой талаар ярилцаад нэгдсэн шийдэлд хүрэх юм. Яриад өнгөрөхгүйн тулд эхний ээлжинд БНХАУ-ын ЭСЯ-ны урд талын талбай, Эвтэй дөрвөн амьтны хөшөө орчим, Их дэлгүүрийн гудамж, Эскадрилын хөшөө, Ялалтын талбай гэсэн долоон байршилд цэцгийн мандал байгуулж үзнэ. Амжилттай болбол  ирэх жилээс олон газарт гоёлын цэцэгтэй мандал байгуулна гэж төлөвлөсөн” хэмээв.

Харин хэлэлцүүлэгтэй давхцан ногоон байгууламжийг хашаандаа хэрхэн байгуулах, зөвлөгөө өгөх зорилготой үзэсгэлэн худалдаа Ялалтын талбайд үүдээ нээжээ. Үзэсгэлэнд 46 байгууллага 50 гаруй нэр төрлийн мод, жимс жимсгэний суулгац, тасалгааны болон цэцгийн мандал чимэх цэцгийн үрийг дэлгэн тавьжээ. Зохион байгуулагч “Энгүй Их” ХХК-ийн ажилтан Д.Ариунтунгалаг “Нэг үеэ бодвол иргэд, аж ахуйн нэгжүүд ногоон байгууламж байгуулъя, жимсний мод яаж тарих вэ гээд зөвлөгөө их авдаг болж. Тиймээс иргэдийн эрэлтийг бодолцон мод бутаас гадна өрхийн хэрэглээний жимс, жимсгэнэ гэх мэт өгөөжөө өгөх суулгац ургуулдаг байгууллагуудыг түлхүү оролцуулж байна” гэв.

Үнэхээр ч өмнөх үзэсгэлэнгүүдтэй харьцуулахад энэ удаагийнх өрхийн хэрэглээ тал руугаа давамгайлжээ. Учир нь, иргэд хашаа хороондоо мод, бут тарихаас гадна өрхийн хэрэглээндээ хэрэглэх алим, үхрийн нүд, чацаргана, сонгино, өргөст хэмхийн суулгац, модыг түлхүү авч байв. Алимны мод сонирхож байсан иргэн Нямбуу “Өмнө нь, мод таръя гэж боддоггүй байсан. Харин хажуу айл маань өнгөрсөн жил хашаандаа хуайс, чацаргана тарьсныг нь хараад хоосон талбайг ашиглах хэрэгтэй юм байна гэж бодсон. Агаарын бохирдол, тоосжилт ихтэй гэр хороололд мод тарьж ногооруулах нь хамгийн зөв зүйл гэдгийг энэ үзэсгэлэнгээс л мэдэрлээ” хэмээсэн юм. Энэ үеэр олон ч хүний анхаарлыг татсан үхрийн нүдний суулгацыг хэрхэн тарих талаар “Мөнхийн навч” ХХК-ийн борлуулагч “Үхрийн нүдний суулгацны гүн 30-50 см, диаметр нь 50 см байх ёстой. Тэгэхдээ 50 хувь нь хар шороо, 30 хувь нь элс, 20 хувь нь хөх бууц болон бордоо хийснээр суулгацаа суулгахад бэлэн боллоо гэсэн үг. Гэхдээ үндсийг нь бэлдсэн нүхэндээ нугалахгүйгээр суулгаад 60-80 литр усаар усална. Харин өглөө, оройн цагаар 7-10 хоногт 40-50 литр усаар усална гэдгийг анхаарах хэрэгтэй. Сайн арчилсан нөхцөлд үхрийн нүд нэг жилийн дараа ургацаа өгч эхэлнэ.  Нэг үхрийн нүдний бутнаас 4-5 кг жимс хурааж авах бололцоотой” гэв.

Тус үзэсгэлэнд хоёр настай үхрийн нүд 2500, бөөрөлзгөнө 5000, чацаргана 1200, орос сортын алимны мод 25000, тарвасны суулгац 800 төгрөгийн үнэтэй байлаа. Харин та хашаандаа бичил ногоон байгууламж байгуулахаар шийдсэн бол шар хуайс 3500, хоёр метр өндөр гацуур 150 мянга, дөрвөн настай нарс 10 мянга, дөрвөн настай хайлаас 400, нэг настай саваа мод 1200 төгрөгийн үнэтэй. Түүнчлэн монос 4000, буйлс 2500, сухай 2500, хар мод 500 төгрөгийн үнэтэй агаад их хэмжээгээр авбал хямдруулах боломжтой гэсэн шүү. Харин цэцгийн мандал байгуулахаар төлөвлөсөн бол тухайлан зөвлөгөө өгөхөөс гадна газар дээр нь хийх өгөх мэргэжлийн баг ч байгааг хэллээ. Хэрвээ та хашаандаа өрхийн хэрэглээний жимс жимсгэнэ болон ногоон байгууламж байгуулахаар шийдсэн бол үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ гэдгийг дуулгая.

Т.Оюун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан