Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдлээгүй эрх

Саяхан цахим ертөнцөөр аялж яваад үр хөндөлтийн тухай сэтгэл эмзэглэм хэрнээ эргэцүүлж бодууштай зүйл олж уншлаа. Нэгэн эмэгтэй эмчид уйлж унжин байж үр хөндүүлэх тухайгаа хэлж гэнэ. Ар гэрийн байдал тааруухан, давхар ажил хийдэг, нөхөр нь архичин гээд л... мөн гурван настай нэг хүүтэй учраас одоохондоо дахин хүүхэдтэй болох хүсэлгүйгээ дурджээ. Гэтэл эмч хэсэг дуугүй сууснаа “Надад арай өөр санаа байна. Таны биед ч гэсэн хор хөнөөл багатай байх болов уу” гэхэд гуйлтыг нь ёсоор болгож өгөх нь гэж бүсгүй бодов. Гэтэл эмч “Хэрвээ та хүүхдээ авахуулахыг хүсч байгаа бол гурван настай хүүгээ л хөнөөчих. Таны биед ч ямар нэг сөрөг муу нөлөөгүй, тэглээ ч хоёр хүүхдийнхээ аль нэгийг нь хөнөөх гэж байгаа юм чинь ялгаа юу байна” гэжээ. Гайхсан эмэгтэй нүдээ том болгон “Эмч ээ, та чинь юу л яриад байна аа. Хүүхэд хороох чинь гэмт хэрэг шүү дээ. Тэгээд ч би хүүхдээ яавч үхүүлэхгүй” гэж зандрангүй аястайгаар хэлэв. Эмч хариуд нь “Би ч гэсэн тантай санал нэг байна. Гэхдээ та саяхан л хэвлий дэх хүүхдээ хөнөөхөд асуудалгүй гэж ярьсан шүү дээ.

Тийм болохоор л би үүнийг хамгийн зөв шийдэл юм болов уу гэж бодлоо” хэмээн эелдэгээр инээмсэглэв. Гэнэт бүсгүйн царай айдас, ухаарал хоёрыг зэрэгцүүлэн байж эмчийн өөдөөс эгцлэн хараад “Баярлалаа, эмч ээ” гэж хэлээд гарч одов. Үүнийг уншаад хамгийн түрүүнд толгойд харван орсон зүйл бол “Хүүхдэд хамгаалал, хүүхдийн эрх” гэдэг үг л байлаа. Эхийн хэвлийд ураг бүрэлдэн хүмүүн заяаг олсон тэр цагаас албан ёсоор биш ч гэлээ хүн болж буй хэрэг. Хүмүүс үүнийг төдийлөн сайн ойлгодоггүй болоод ч тэр үү үр хөндөлтийг хүний аминд хүрч байгаа гэж ухамсарладаггүй биз. Сүүлийн үед хүүхэд хамгаалал гэдэг үгийг янз бүрээр хэрэглэх болсон ч энэ нэр томъёоны тухай нэгдсэн нэг ойлголт одоогоор байхгүй.

Энэ талаархи нэгдсэн зөв ойлголттой байх нь асуудлаа зөв тодорхойлж, үр дүн өөрчлөлт гарахуйц хөтөлбөр бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Бид хамгаална гэдэг ойлголтыг хэтэрхий явцуу утгаар ойлгоод байх шиг.  Хүүхдийн эрх зөрчигдөн улмаар нийгмийг тэр чигт нь цочирдуулам үйл явдал болмогц л сая хүүхдийн эрх, хамгаалал гэж амтай бүхэн ярьж, хүүхдийн төлөө байгууллагууд байгаа гэдгээ мэдэгдэх гэсэн мэт элдвийн хурал цуглаан хийж нэг хэсэгтээ л “сенсаацлаад” авдаг.

Хүүхдийн төлөө гэсэн тодотголтой төрийн болоод төрийн бус байгууллагууд нь элдэв уралдаан тэмцээн зохиож дэвтэр ном хандивласнаа эрхийг нь хамгаалж байгаа мэтээр харагдуулахыг хичээдэг. Бусад улс орны туршлагаас харахад хүүхдийн эрхийн тухай хууль, эрх зүйн орчин нь сайн бүрдсэн байх бөгөөд хүн бүр хүүхдийн эрх ашгийг хамгаалах нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж ухамсарладаг. Гадаад улс орнуудад хүүхэддээ гар хүрэх нь битгий хэл гэрт нь ганцааранг нь нэг цагаас илүү хугацаагаар үлдээвэл үл хайхарсан явдал хэмээн үзэж эцэг эхэд нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Энэ бол хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж буй хэрэг. Гэтэл бид ийм хууль эрх зүйн орчноо ч бүрдүүлж амжаагүй байна. Хүүхэд хамгаалал гэдэг нь хүүхдийг хүчирхийлэх, дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс нийгмийн бүхий л орчинд хамгаалах явдал юм. Хор хөнөөл гэдэгт хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны хөгжил, эрүүл мэнд, боловсрол эзэмших боломж болон гэр бүл, нийгэмтэй харилцах харилцаанд нөлөөлөх хор хөнөөл багтана. 

Гэтэл манай улсад эсрэгээрээ хүүхдийг дорд үзэх, эрхийг нь хүндэтгэхгүй зүй бусаар харилцах, хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй буруу хандах нь нийгмийг хамарсан асуудал хэвээр. Хүүхэд хамгааллын талаар нэгдсэн ойлголт тогтоогүй, мэдээлэл дутмаг, хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй тул нийгмийн хандлага хараахан төлөвшөөгүй хэрэг. Бид эрх чөлөөний “бялуурал”-аас болоод хүн чанараа үгүй хийж, бусдыг хайрлах сэтгэлгүй харгис хэрцгий, айдасгүй болж байгаа нь хүүхдийн эрх зөрчигдөх гол үндэс болж буй гэлтэй.


Бэлгийн мөлжлөг буюу чимээгүй хашгираан

Энэ бол хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буй хэлбэр бөгөөд хор хөнөөл нь хамгийн аюултай байдаг. Манай улсад жилд үйлдэгдэж буй нийт хүчингийн хэргийн 26.6 хувийг ураг төрлийнхөн нь үйлддэг бөгөөд хохирогчдын 60 хувь нь 5-18 хүртэлх насны охид. Хуулийн байгууллагад бүртгэгдсэн нийт хэргийн 88 хувь нь анхан шатны шүүх хэрэгсэхгүй болдог. Гудамжинд амьдардаг болон ядуу өрхийн охид зохион байгуулалттай бэлгийн мөлжлөгийн золиос болох нь олонтаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх нь хүчирхийлэгчийн дарамт шахалт болоод айдас, ичгүүр зэргээс шалтгаалан холбогдох байгууллага, бусдад мэдэгдэхээс айдаг. Энэ нь, хүүхдийг сэтгэл санааны гүн хямралд оруулж улмаар амиа хорлох, нийгмээс өөрийгөө тусгаарлах зэргээр илэрдэг. Бие махбодь болоод сэтгэл санааны дарамт, бэлгийн мөлжлөгөөс болоод удаанаар тарчлан хэнд, хэрхэн хандахаа мэдэхгүй маш удаанаар тарчлан зовдог нь “надад туслаач” гэж бусдад хандан чимээгүй л хашгирч буй гэлтэй. Тэрхүү хэнд ч үл сонстох хашгирааныг бид л сонсохгүй болохоос маш их байгаа биз ээ.


Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг

Манай ард түмэн эрт дээр үеэс хүүхдийн хүмүүжилд хандах уламжлалт арга барилтай. Нийгэм, цаг үеэ дагаад ч тэр үү манайхан хүүхдийн хүмүүжилд төдийлэн ач холбогдол өгөхөө больчихсон. Хүүхдийн хүмүүжилд их өвөрмөцөөр ханддаг улс гэхэд хилсдэхгүй байх. Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэх зэргээр “жавтий” хүртээх нь элбэг.
Түүнийгээ ч зөв хүмүүжил мэтээр ойлгодог. Хүүхдийнхээ болчимгүй буруу үйлдлийн төлөө ганц нэг гар хүрэх нь байх ч, энэ эрхэнд нь халдаж буй үйлдэл ажээ. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдгийн адилаар гэр бүлийн таагүй уур амьсгал, архидалт, зодуур нүдүүр зэрэг сөрөг уур амьсгалтай гэр бүлд өсч торнисон хүүхэд эцэг эх болохоороо үр хүүхэддээ тэгж хандах нь элбэг.
Байнгын зодуур нүдүүр, дарамт шахалтад өртөж буй хүүхэд улмаар гэр орноосоо дайжиж зугтах нь элбэг. Одоогоор энэ тухай баримт нотолгоо муу боловч сүүлийн үед гудамжны гэх тодотголтой хүүхдүүд цөөн үзэгдэх болсон нь олны дунд ийм яриа үүсэх нөхцөл болоод байна.
Улсын хэмжээнд нийт асрамж халамжийн 50 гаруй байгууллагад 1800 гаруй хүүхэд амьдарч байгаагийн 60.5 хувь нь ядуугаас, 22 хувь нь эцэг эхийн дарамтаас, 11.8 хувь нь гэр орны архидалтаас, 22 хувь нь гэр бүлийн таагүй уур амьсгал, 42 хувь нь үе тэнгийнхэн, 18 хувь нь өөрөөсөө болоод гэмт хэрэг үйлдсэн байдаг аж.
Ус тухайн савныхаа хэлбэрт ордог шиг эцэг эх нь ямар хүмүүс вэ гэдгээс хамаарч хүүхэд ямар хүн болох нь шийдэгдэнэ.


Үр хөндөлт хэмээх хядлага

Судалгаагаар 1960 оноос хойш дэлхийд үр хөндөлтийн улмаас амиа алдсан хүүхдийн тоо хоёрдугаар дайнд амь үрэгдсэн хүний тооноос даруй 15 саяар олон байдаг гэнэ. Энэ тоо цаашид ч гэсэн өсөн нэмэгдсээр байх нь мэдээж. Энэ бол үй олноор хөнөөх зэвсэгээс ялгаагүй аймшигтай зүйл. Нийт жирэмслэлтийн тал шахуу хувь нь хүсээгүй жирэмслэлт байдаг бөгөөд тэдний 40 гаруй хувь нь үр хөндөлтөөр дуусдаг байна. Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 58 хувь нь 25-аас доош насны охид бүсгүйчүүд байдаг. Гэрлээгүй эмэгтэйчүүд нийт үр хөндөлтийн 2-3 хувийг эзэлдэг.

Энэ мэт төрсөн хийгээд төрөөгүй хүүхдүүдийн эрх дэлхийн өнцөг булан бүрт цаг минут, хором мөч бүхэнд зөрчигдсөөр л... Хүн болж чадалгүй эцэг эхийнхээ хүсэлтээр үр хөндөлт гэгч яргалалд амиа алдаж буй хүүхдүүдийн хувь заяа бидний гарт байдаг гэдгийг бүү мартаарай. Амьтны амь таслахыг нүгэл хэмээн цээрлэдэг атлаа алаг үрсийнхээ амийг өөрсдийн гараар үгүй хийгч хүмүүс бид өөрсдөө араатнууд.


 Ж.ГЭРЭЛЧУЛУУН

0 Сэтгэгдэл
ТИЙМ ШҮҮ
Хамгийн их уншсан