Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон сууцны хохирогчид тэмцлээ үргэлжлүүлнэ гэв


“100000 айлын орон сууц” хөтөлбөрийн хохирогчид хэмээн өөрсдийгөө нэрлээд буй иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн тайван жагсаал хийлээ. Хамтарсан Засгийн газраас эл хөтөлбөрийг зарлаж иргэдэд 50 хүртлэх сая төгрөгийн өртөгтэй, 40 ам.метр талбайтай байрыг жилийн зургаан хувийн хүүтэй худалдаж авахыг санал болгосон. Үүнийг хүрээнд нэлээд хэл ам, урд дараалал үүсгэн байж хөтөлбөрт хамрагдсан 170 орчим өрх зээлд хамрагдсан боловч мөнгөө авч чадалгүй ацан шалаанд орчихоод байгаа юм.
Эдгээр иргэд хөтөлбөр амжилттай бүрэн гүйцэд хэрэгжээгүй ч байраа авсан бидний зээлийг шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийж, тэмцлийн хэлбэрийг сонгосон ч Засгийн газраас, “Асуудлыг удахгүй шийднэ. Түр хүлээ” гэсэн тайлбарыг өгсөн гэх. Үүний дагуу Засгийн газраас зургаан хувийн хүүг найман хувь болгож, авах зээлийн хэмжээг 80 сая, байрны талбайг 80 ам.метр гэж тогтохоор шийдвэрлэсэн. Үүнийг санхүүжүүлэх эх үүсвэрийг Монгол банкиар дамжуулан арилжааны банкуудад өгүүлэхээр болсон. Гэтэл энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна гэж иргэд өнөөдөр дахин жагслаа. Өмнө нь тэд хэвлэлийн хурал зарлаж, бидний асуудлыг шийдвэрлэхгүй бол цаашид өлсгөлөн зарлахад ч бэлэн байгаа гэдгээ мэдэгдэж байсан. Гэтэл тэдэнд жагсаал болон өлсгөлөн зарлах зөвшөөрлийг холбогдох газруудаас өгөөгүй аж. Тиймээс тэд хууль бусаар өнөөдөр Сүхбаатарын талбайд жагссан нь энэ. Хэдийгээр зөвшөөрөлгүй ч тэд үгээ төрд хүргэхийг хүсч цагдаагийн албан хаагчидтэй тэрсэлдэн байж хоёр цаг гаруй хугацаанд зогссон юм.
Жагсаалд оролцож байгаа иргэд хэлэхдээ, “Маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Бидний үгийг сонсох хүн үгүй болно. Энэ бол бидний жагсах хамгийн сүүлийн өдөр. Хэрэв бид одоо л дуу хоолойгоо хүргэж чадахгүй бол байрнаасаа хөөгдөхөд бэлэн болчихоод байна” гэлээ.
Хөтөлбөрт 170 орчим өрх 10 гаруй компанийн байранд дээрх хөтөлбөрөөр урьдчилгаа мөнгөө төлөөд байр авчээ. Гэтэл байрны эзэд, “Мөнгөө төлөхгүй бол ирэх сарын 1 гэхэд байраа суллаж өг” гэсэн шаардлагыг тавиад байгаа гэнэ. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг иргэд хүсч байлаа.
Мөн тэдний үгийг сэм чагнавал маргааш сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн Төрийн ордон руу орж гарах хаалгыг хааж, шаардлагаа тавихаар зэхэж байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан