Башар Асадад үнэнч цэргүүд Сирийн өмнөд нутагт байдаг Кусейр хотыг эзлэн авчээ. Энэ хот нь Сирийн босогчдын хувьд стратегийн маш чухал ач холбогдолтой байсан аж. Кусейр нь Дамаск хот ба далайн эрэг дагуух нутгийг холбосон зам дээр байрладаг. Засгийн газрын хувьд энэхүү хотыг эзлэн авснаар Ерөнхийлөгч Башар Асадын дагадаг шашны урсгалын төлөөлөгчид болох алавууд гол төлөв оршин суудаг Латак мужтай холбогдоход асуудалгүй болно. Өөрөөр хэлбэл, үнэнч хүмүүстэйгээ тасралтгүй холбоотой байх, шаардлагатай үед хүн хүчний дэмжлэг авах эсвэл үзүүлэхэд бэрхшээл гарахгүй. Цаашилбал, далайн эрэг орчмын нутгийг хяналтандаа байлгах түшиц газар болно.
Харин босогчдын хувьд энэ хот нь дамжлага төвийн үүрэг гүйцэтгэдэг байсан юм. Ливаны өмнө нутагтай ойрхон байрладаг болохоор босогчид Ливанаас зэр зэвсэг, хүн хүчээ энэ хотоор дамжуулан оруулж ирдэг байв.
Засгийн газрын арми ийм чухал түшиц газрыг өөрийн болгосноор цаашид Идлиб ба Алеппо гэсэн хойд мужуудыг босогчдоос бүрэн цэвэрлэх боломжтой болж байгаа юм.
Сирийн албан ёсны мэдээллийн эх сурвалжууд хотын төв хэсгийн хамгийн чухал байгууламжуудыг эзлэн авсан, 70 гаруй алан хядагчдыг устгасан гэж мэдэгдэв. Харин босогчид ердөө 50 хүнээ алдсан, Засгийн газрын цэргүүд ихээхэн хохирол амсаж байгаа гэв. Армийнхан хотыг гурван талаас нь бүслэн дайрахаас өмнө бууж өгөхийг шаардсан ухуулах хуудас тарааж, энгийн номхон иргэдийг гаргах гарц бэлдсэн аж.
Хотод бүгсэн босогчдын эсрэг Засгийн газрын цэргүүд их буу, түүний дотор тийрэлтэт сумаар маш хүчтэй буудсан байна. Хот дотор тулаан үргэлжилж байгаа ч зарим эх сурвалжийн мэдэгдснээр босогчид маш олноор бууж өгч эхэлсэн аж.
Сүүлийн үед Америк тэргүүтэй өрнөдийн орнууд Башар Асадыг түлхэн унагах ажиллагаагаа эрс нэмэгдүүлээд байгаа. Тухайлбал, Израйлийн тал нь Дамаск хот руу хэд хэдэн удаа онгоцоор дайралт хийж бөмбөгдөн, Асадыг Палестин ба Ливанд үйл ажиллагаа явуулдаг “Хизболла” байгууллагад зэвсэг нийлүүлэхийг оролдсон гэж буруутгасан. Мөн АНУ-ын Засгийн газарт хандан Башар Асадын армийг босогчид, энгийн номхон иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн мэдээлэл өгсөн юм. АНУ нь Сирийн эрх баригчдыг химийн зэвсэг хэрэглэвэл цэргээ оруулан зэвсгийн хүчээр Асадыг түлхэн унагана гэж мэдэгдэж байсан болохоор тэгсэн хэрэг. Гэтэл НҮБ-ын шинжээчдийн бүлэг ажиллаад химийн зэвсгийг Засгийн газрын цэргүүд бус босогчид хэрэглэсэн болохыг тогтоосон юм. Сирийн Засгийн газар ч химийн зэвсэг хэрэглэн Америк, НАТО-ийн зэвсэгт хүчинд дайрах шалтаг олгох сонирхолгүй гэдгээ дахин мэдэгдсэн.
Үүний дараагаар Сирийн хилийн орчим байдаг Туркийн хотод хүчтэй дэлбэрэлт болж олон арван хүн амиа алдсан хэрэг гарсан. Туркийн эрх баригчид энэ дэлбэрэлтийг Сирийн армийнхан хийсэн гэж мэдэгдээд заавал хариу цохилт өгнө хэмээв. Туркийн Ерөнхий сайд Сирийн эсрэг байлдааны ажиллагааг эхлүүлэх асуудлыг хэлэлцэхээр Обаматай уулзсан юм. Гэвч Обама Ливид НАТО цэргээ оруулж бөмбөгдсөнтэй адилаар Сирид цэргийн ажиллагаа эхлүүлэх гэж яарахгүй байгаа бололтой.
Мөн Оросын тал Сирид С-300 нэртэй агаарын довтолгооноос сэргийлэх цогцолборыг нийлүүлэхтэй холбоотой ээдрээ үүссэн юм. Энэ цогцолбор нь Сирийг дураараа бөмбөгдөх боломжийг хаах учраас АНУ, Их Британи, Израйлийн талаас Орост шахалт үзүүлж нийлүүлэлтийг нь зогсоох гэж оролдсон ч Путин шахалтад ороогүй хэмээгээд нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Энэ бүх дуулианы үеэр Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мэдэгдэл хийхдээ Улс орныг нь эзлэхийг санаархсан лалын хэт явцуу үзэлт алан хядагчидтай тэмцэж байгаа гэдгийг онцолжээ. Тэрээр сүүлийн үед өөрийг нь олон зүйлд буруутгах болсон шалтгааныг армийнхан босогчдын хүчинд удаа дараалан том цохилт өгч ялалт байгуулсантай холбон тайлбарлажээ. Улмаар гадаадын орнууд Сири улсыг үгүй хийхийн тулд янз бүрийн арга ашиглаж байгаагийн илэрхий нотолгоо гэсэн байна. Босогчдын хувьд тэднийг ардчилал шударга ёсны төлөө тэмцдэг нэгдсэн хүчин гэж тооцоход тун бэрх.
Шашин, улс төрийн үзэл бодол гээд олон зүйлээрээ ялгаатай эрээвэр хураавар олон хүчний нэг нэгдэл юм. Эдгээрийн дотроос идэвхтэй байлдааны ажиллагаа явуулдаг, хамгийн хүчирхэг бүлэглэл нь “Фронт ан-Нусра”. Энэ бүлэглэл нь өөрийгөө “Аль-Кайда”-ийн салбар гэдгээ мэдэгдэж, Асадыг түлхэн унагасны дараагаар Сирид лалын шашны хууль үйлчилдэг улс байгуулж, буруу номтнуудын эсрэг үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
Башар Асад нь Сирид хоёр жилийн турш үргэлжилж буй хямралыг газар авахад гадны оролцоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгааг онцолж. Тэрээр “Сирид явж болох бүх төрлийн өөрчлөлт, улс төрийн бүх л алхам нь бидний, дотоодын хэрэг. АНУ ч, өөр ямар ч улсаас бидэнд юу хийхийг заахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байна.